Программ хангамжийнхан чуулж байна

2015 оны 11 сарын 11

Монгол залуус нэгдэж андройд гар утсанд зориулсан “DREAM REWARDS” гэх мэдээллийн апликейшныг бүтээжээ. Энэ нь эзнийхээ хэрэгцээ шаардлагыг урьдчилан тооцоолж, хэрэгтэй мэдээллийг нь өглөө сэрэхэд л гар утсанд нь байршуулан санал болгодог. Өглөө сэрээд л гар утсаа үзэхэд тухайн өдөр хэрэгцээтэй гэсэн мэдээллүүд гарч ирдэг. Энэ апликейшныг өнгөрөгч гуравдугаар сард олон нийтэд танилцуулж нээлтээ хийжээ.

Монгол залуус энэ төрлийн апликейшн зохиосон анхны тохиолдол юм байна. Тэгвэл монгол залуус бас нэгэн дэвшилтэт бүтээгдэхүүн гаргаж дотоодоос гадна олон улсад борлуулж эхэлжээ. Энэ бол гэрийн цахилгаан бараа, гэрэл, залгуур гээд бүгдийг таблетаараа асааж, унтрааж удирдах технологи юм. Гол нь гэрийн цахилгаан бараа, залгуур, гэрэл гээд бүгдийг айпи хаягтай болгох аж. Ингээд таблетаасаа гэрлээ асааж унтраах, тогоо залгах бүх үйлдлийг хийх юм байна.

Энэ мэтчилэн монгол програмистууд олон улсад гарч буй ямар ч технологийг зохион бүтээх чадвартай болсон гэдгийг өнөөдөр эхэлсэн “Монголын програм хангамж үйлдвэрлэлийн салбарын III чуулган”-ы үеэр онцлов. Энэ ч үүднээс монгол програмист, зохион бүтээгчдийг дэлхийн тавцанд гаргах боломж, нөхцөлийн талаар хэлэлцэж байна. Ялангуяа зарим технологи нь амжилттай яваа, шаардлага хангах компанийг олон улсад гаргах боломжийг энэ удаагийн чуулганаар хэлэлцэж байна. Гэхдээ олон улсад гарч, дэвшилтэт технологийн салбарт амжилт гаргах програм хангамжийн компани байдаг ч тодорхой асуудлууд хүндрэл үүсгэдэг гэдгийг Мэдээллийн технологийн үндэсний паркын захирал Б.Мягмарнаран энэ үеэр хэлэв.

Үүнээс гадна програм хангамжийн салбарт төрөөс баримтлах урт хугацааны бодлого үгүйлэгдэж байгааг чуулганд оролцогчид онцолсон юм. Учир нь ихэнх улс оронд энэ салбарт төрийн бодлого тодорхой болсон байдаг. Тэр хэрээр төрөөс бодлоготойгоор энэ салбарт дэмжлэг үзүүлдэг бол Монголын програм хангамжийнхан бор зүрхээрээ явдаг гэдгийг учирлав.

Гэхдээ салбарынхан нэгдэж энэ чуулганыг хийж буй нь олон улсад гарахад томоохон түлхэц болж байна. Дээрээс нь бодлогоо тодорхойлох боломжийг олгож байгаа гэв. Монголын програм хангамжийн салбарын урт хугацааны бодлого, төлөвлөлтийг ч энэ үеэр хэлэлцэж байна. Тэгвэл програм хангамж, мэдээллийн технологийн салбарынхан олон улсад гарахад төрөөс хэрхэн дэмжлэг үзүүлэх вэ?

Програм хангамжийн салбарт төрөөс үзүүлэх дэмжлэг гэвэл хаа ганц тендер зарлагддагаас хэтэрдэггүй. Тэгвэл эдгээр тендерийг тогтмол болгох замаар энэ салбарыг дэмжих шийдвэр гарсан талаар Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа хэлэв. Тухайлбал, төрийн 167 ажлын тендерийг зөвхөн дотоодын програм хангамжийн компаниуддаа өгөхөөр шийдвэр гаргасан байна.

Монгол Улс аж үйлдвэрийн хөгжлийн бодлогоо шинээр тодорхойлсон. Тэгвэл энэ бодлогод мэдээллийн технологи, ялангуяа програм хангамжийн хөгжил томоохон нөлөө үзүүлэх юм. Тиймээс ч програмистуудын энэ удаагийн чуулган нь зөвхөн мэдээллийн технологийн салбараар зогсохгүй аж үйлдвэрийн хөгжил, цаашлаад Монгол Улсын эдийн засагт ч томоохон үр нөлөөтэй үйл явдал гэдгийг албаныхан онцлов.

БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА, Ц.АРИУНБОЛД

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна