Зам тээврийн осол ба III дайн

2015 оны 11 сарын 11

Жилд зам тээврийн осол, хэрэгт дэлхийн нэг сая 300 мянган хүн өртөж, нэг өдөрт 3500 хүн, 25 секунд тутамд нэг хүн нас бардаг аж. Нас барагсдын тоог онгоцны сүйрэлтэй жишвэл 350 хүний суудалтай 10 онгоц нэг өдөрт сөнөдөг гэсэн үг. Харин Монгол Улсад сүүлийн 15 жилд 70 мянга 722 иргэн зам тээврийн осолд өртөж, 6155 хүн харамсалтайгаар амиа алджээ. Хамгийн сүүлийн баримтыг дурдвал энэ оны эхний 10 сард улсын хэмжээнд 49 хүүхэд зам тээврийн ослоор нас барж, 201 хүүхэд хүнд, хөнгөн гэмтсэн юм. Дээрх тоо баримтаас харахад нас барагсдын үхлийн тав дахь шалтгаан нь зам тээврийн осол болжээ. Иймээс энэ осолд өртсөн хохирогсдын тоог жил ирэх бүр нэмэгдэхээс урьдчилан сэргийлж, осолд өртөгсөд болон түүний гэр бүлд хүндэтгэл үзүүлэх зорилгоор 1993 оноос хойш "Зам тээврийн ослоор хохирогсдын дэлхийн нийтийн өдөр"-ийг тэмдэглэдэг болсон юм. Монгол Улсын тухайд жил бүрийн 11 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн ням гаригт тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил энэ өдөр ирэх Ням гаригт тохиож байна. Энэ өдрийг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас "Хэн ч зарлаж завдаагүй дэлхийн III дайн" арга хэмжээг зохион байгуулж, тэмдэглэх аж. Дээрх арга хэмжээний хүрээнд ирэх Ням гаригт замын хөдөлгөөнд оролцсон жолооч нар, хэсэг хугацаанд машинаа унтрааж ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх юм. Мөн хонх дуугаргах, зул өргөх, лам нараар ном уншуулах болон лоозон барьж, хүндэтгэлийн жагсаал зохион байгуулахаар төлөвлөжээ.

Авто замын ослоор хохирогчдын дурсгалыг хүндэтгэх дэлхийн өдрийг албан ёсоор тогтоох тухай НҮБ-ын уриалгад хэрхэн хандаж, ямар хариу өгөх нь тухайн улсын замын хөдөлгөөний эрсдэлийг хязгаарлах, зам тээврийн ослын хохирогчдын тоог бууруулах асуудалд хэр зэрэг нухацтай хандаж байна вэ гэдгийг харуулах шалгуур гэж энэ салбарынхан үздэг аж. Гэхдээ Монгол Улсын тухайд тус өдрийг дэмжин тэмдэглэдэг орнуудыг жагсаалтад багтаагүй гэнэ.

17 сая амиа алдагсад, энэ тоо цаашид үргэлжилсээр...

Энэ нь хорих лагерьт үхэгсдээс хоёр дахин их

Солонгосын дайнд үрэгдэгсдээс хоёр дахин их

Энэ бол 17 Вьетнамын дайнтай тэнцэх хохирол

Хиросимагийн үхлээс 130 дахин их

8500 Ольстерийн хохирол

100 жилийн дайныг ганц долоон хоногт

Загалмайтны аян дайны хохирлыг 30 секундийн дотор гэж "Хэн ч зарлаж амжаагүй дэлхийн III дайн" хэмээн Английн яруу найрагч Хиткот Вильямсын "Автогедон" зохиолоос иш татан зам тээврийн ослоор нас барагсдын тоог, зүйрлэн бичсэн байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна