“Монгол цэрэг бүтээн байгуулалт”-д 24 тэрбум төгрөг төсөвлөв

2015 оны 11 сарын 11

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар өнөөдөр 2016 оны төсвийн хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн. Энэ үеэр “Монгол цэрэг бүтээн байгуулалт” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулсан 24 тэрбум төгрөгийг төсөвт суулгах санал гишүүдийн 57 хувийн дэмжлэг хүлээсэн юм.

Ардчилсан нам ирэх онд эхлэх төмөр замын ажилд гаднаас ажиллах хүч авахгүйгээр цэргийн хүчээ дайчлан ашиглана гэж мэдэгдсэн. Мөн энэхүү төмөр замын бүтээн байгуулалтад оролцох цэргийн албан хаагчдыг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд тодорхой хугацаанд мэргэжил эзэмшүүлээд үүнийхээ дараа төмөр замын ажилд оролцуулна. Тус ажилд оролцох цэргүүдэд цалин олгож, хуримтлалтай болгоно. Ирэх оноос эхлэн хуучин барилгын цэргийн анги гэж байсантай адил Төмөр замын цэргийн анги нэгтгэлүүдтэй болно гэж мэдэгдсэн. Нэг үгээр хэлбэл “Монгол цэрэг бүтээн байгуулалт” хөтөлбөрт зориулж баталсан 24 тэрбум төгрөг бол 2016 онд төмөр замын бүтээн байгуулалтад оролцох цэргийн албан хаагчдийн хангамж, цалин зэрэг зүйлд зарцуулагдах юм байна. Өнгөрсөн долоо хоногт МРО мэдээлэл судалгааны төвөөс хийсэн судалгаанд иргэдийн 90 гаруй хувь нь Төмөр замын бүтээн байгуулалтад цэргийн хүчээ ашиглах нь зөв гэж үзэн санал өгсөн байсан юм.

Онцлоход, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 251-д “Батлан хамгаалах бодлогын хүрээнд-Цэргийн алба хаагчдыг шинэ бүтээн байгуулалтад оролцуулах арга хэмжээ авах зорилт тусгагдсан аж.

Бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхэд ажиллах хүчин ихээр шаарддаг ч дотоодод ажиллах хүчин дутагдалтай, тэдгээрийн мэргэшсэн байдал хангалтгүй, сахилга, зохион байгуулалт сул, хөдөлмөрийн бүтээмж доогуур гэсэн үндэслэлээр стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын ажиллах хүчийг татан оролцуулдаг нь монгол иргэдийг ажилтай, орлоготой байлгах талаар төрөөс баримталж байгаа бодлого, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд сөргөөр нөлөөлдөг байна.

Тиймээс Зэвсэгт хүчний үндсэн болон тайван цагийн үүрэг гүйцэтгэх чадвар, бэлэн байдлыг нь алдагдуулахгүйгээр уул уурхай, барилга, хот байгуулалт, дэд бүтцийн салбарт бүтээн байгуулалтын ажил болоод техник, тоног төхөөрөмж, машин механизмын ашиглалт, засвар үйлчилгээ, тээвэрлэлтийн ажилд цэргийн алба хаагчдыг хязгаарлагдмал байдлаар оролцуулах боломжтой гэж үзсэн нь УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээсэн юм.

Хуулиараа УИХ ирэх оны төсвийн хуулийн төслийг арваннэгдүгээр сарын 15-нд багтаан батлах ёстой. Маргааш бүх нийтээр амрах амралтын өдөр тул төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дуусгахаар чармайж байгаа ч УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан тул энэ асуудал гацаж мэдэхээр байна. Сөрөг хүчний хувьд 14.30 цагаас завсарлага авсан шалтгаан үндэслэлээ хэвлэлийнхэнд мэдээлнэ.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна