Дугаартайгаа шилжих үйлчилгээ хэзээ эхлэх вэ?

2015 оны 11 сарын 11

Монгол Улс 2014 оны долоо дугаар сарын нэгэнд Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт оруулсан билээ. Тухайлбал, Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.13-т “дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх, зохион байгуулах, хэрэгжүүлэх, уг үйлчилгээтэй холбоотой зохицуулалтын журам батлах” гэж нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ цагаас иргэд дугаартайгаа өөр операторт шилжих асуудал яригдаж эхэлсэн юм. Уг нь албаныхны зүгээс 2014 онд багтаад дугаартайгаа өөр операторт шилждэг болно гэж хэлж байсан ч өнөөг хүртэл “Бэлтгэл ажил үргэлжилж байна” гэх тайлбар хэлэх болсон.

Дугаартайгаа өөр операторт шилжих үйлчилгээ гэдэг нь тухайн хэрэглэгч өөрийн хэрэглэдэг оператороо солих тохиолдолд одоогийн дугаараа үргэлжлүүлэн ашиглах боломж олгох юм. 

Одоогоор энэ үйлчилгээний бэлтгэл ажил хангагдаж байгаа билээ. Чухам бэлтгэл ажил дуусч, хэзээнээс хэрэгжиж эхлэх талаар Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаагаас тодруулав.

Түүний мэдээлж буйгаар дугаартайгаа өөр операторт шилжих бодлогын баримт бичгийг боловсруулж дуусжээ. Одоогоор үүрэн телефоны дөрвөн операторын дунд сонгон шалгаруулалт зарласан байна. Улмаар дундын оператороо шалгаруулах юм байна. Тэгвэл хэзээнээс хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бэ?

Дугаартайгаа өөр операторт шилжих үйлчилгээг энэ ондоо багтаж хэрэгжүүлнэ гэж албаны хүн мэдээлэв. Дундын оператор сонгон шалгаруулах ажлыг Харилцаа холбооны зохицуулах хороонд хийж байгаа аж. Энэ талаар Харилцаа холбооны зохицуулах хорооноос  тодруулахад “Сонгон шалгаруулалтын явцад энэ талын мэдээлэл өгөх боломжгүй” гэх тайлбар хэлсэн юм.

Дугаартайгаа шилжих үйлчилгээг дэлхийн 78 оронд нэвтрүүлсэн гэх судалгааг Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргажээ. Ер нь энэ үйлчилгээг олон улсад 1990 оноос нэвтрүүлсэн байна. Хонконгийн хувьд л гэхэд 1997 онд дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлж 1999 оноос албан ёсоор эхэлжээ. Англи улсад мөн 1999 онд, 2002 онд Европын холбооны бүх орон, 2004 онд БНСУ хэрэгжүүлж эхэлсэн байна.

БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА, Ц.АРИУНБОЛД

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна