Хавдрын эсрэг өдөрлөг болж байна

2015 оны 11 сарын 11

Монгол орон даяар хавдрын эсрэг аяныг жил бүрийн арваннэгдүгээр сард зохион байгуулдаг билээ. Энэ жилийн хавдрын эсрэг аян арван нэгдүгээр сарын эхний 14 хоногт үргэлжилж байгаа юм. Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн бүх дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд хавдрын эсрэг нээлттэй хаалганы өдөрлөг зарлажээ. Энэ үеэр иргэд хавдар өвчинтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө авч болох юм. Мөн өдөрлөгийн үеэр хавдраас урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгч, үзлэг шинжилгээ хийж байна.

Сүүлийн жилүүдэд хавдрын өвчлөл, ялангуяа элэг, хөх, умайн хүзүүний хавдрын тохиолдол нэмэгджээ. Сүхбаатар дүүргийн хувьд л гэхэд 2015 онд 140 гаруй хавдрын шинэ тохиолдлыг илрүүлжээ. Үүнээс 600 гаруй өвчтөнийг хяналтад авсан байна. Өнөөдрийн хувьд зөвлөгөө мэдээллийг түлхүү эмэгтэйчүүдэд өгч байгаа аж. Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн хавдрын эмч Х.Хишгээгийн хэлснээр сүүлийн үед хөх, умайн хүзүүний хавдрын өвчлөл ихэссэн учраас энэ талын зөвлөгөөг эмэгтэйчүүдэд өгч байна гэв. Ер нь хөх, умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлсэн тохиолдолд эдгэдэг өвчин гэдгийг иргэдэд таниулж, мэдээлэл өгч байна.

Иргэдийн хувьд гол нь өвчин зовиургүй ч улирал тутамд шинжилгээ өгч хэвших нь хавдар өвчнөөс сэргийлэх гол алхам хэмээн эмч нар зөвлөж байна. Мөн архаг хууч өвчтэй тохиолдолд эмнэлгийн хяналтад тогтмол орох хэрэгтэй зөвлөв. Ингэсэн тохиолдолд хавдар өвчин тусахаас өмнө сэргийлэх боломж бүрдэнэ гэдгийг санууллаа.

 

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна