Төсвийн шантааж

2015 оны 11 сарын 11

Хуулийн дагуу энэ сарын 15-нд  ирэх оны төсвийг баталсан байх учиртай. Гэвч төсөв батлах хугацаа дөрөвхөн хоног дутуу байхад МАН-ын бүлэг завсарлага авахаа мэдэгдэв. Завсарлага авах болсон учраа Ардын намын бүлгийн дарга  С.Бямбацогт “Завсарлага авсан шалтгаан маш тодорхой. Нэгдүгээрт, УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульд төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг явах үед гишүүд, нам эвслийн бүлгүүд гаргасан саналаа тайлбарлаж үг хэлнэ гэж заасан. Харамсалтай нь УИХ-ын дарга гишүүдийн гаргасан саналаа тайлбарлаж, үг хэлэх боломжийг нь бүрдүүлж өгөхгүй байна. Гишүүдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хуулийн хэлэлцүүлэгт оролцох эрхийг нь хаагаад байгаа учраас бид завсарлага авсан” хэмээн тайлбарлав. Ардын намынхан Ардчилсан намын даргыг үг хэлүүлсэнгүй гэж гоморхоод байгаа болохоос С.Бямбацогтын хэлсэн үгийг харахад  шалтгаан гэхээсээ шалтаг л тоочсон хэрэг. Гэвч, завсарлага авахаар улайрч байсан Ардын намынхан гэнэт хэвлэлийн хурал зарлаж, “Улс орны төсөв батална гэдэг нь УИХ-ын бүрэн эрх байдаг. Энэ эрхийг хэрэгжүүлэхдээ бид хариуцлагатай хандах ёстой. Орлого зарлагын асуудлыг нарийн тооцож, ярилцах шаардлагатай. Гэтэл УИХ өчигдрөөс эхлээд гишүүдийн ирц хангалтгүй байгаагаас гадна зарим гишүүний өмнөөс санал өгөх явдал гарч байна. Тиймээс завсарлага авах горимын санал гаргасан. УИХ-ын даргын өгсөн нэг цагийн завсарлагын хугацаанд МАН-ын бүлэг хуралдаж төсвийн хоёр дахь хэлэлцүүлэгт оролцоё, гэхдээ зарчмын шаардлагаа тавьж оролцоно гэж тогтсон” гэж цагийн өмнө ярьж байсан үгнээсээ эргэж буцав. Эндээс харахад намууд төсөв дээр ямар ч байсан тохиролцоонд хүрсэн шинжтэй байна.

Чуулганы хуралдаан дээр төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг ид явагдаж байгаа юм. Сангийн яамныхан ирэх оны эдийн засгийн өсөлтийг  гурван хувьтай, алдагдлыг 3.27 хувиар тооцсон төсвийн төслийг улстөрчид тоо тус бүрээр хэлэлцэж байна. Эрдэнэтэд хаалга, Ховдод төрийн далбааны өндөрлөг бариулахгүй гээд байсан гишүүд цагаа тулахаар таг болцгоов. Төсвийн анхны хэлэлцүүлгийн үеэр гишүүд танана, хумина, хянана л гэдэг юм. Гэвч хоёр дахь хэлэлцүүлгийнх нь үеэр тэдний амнаас унаж байгаа үг зуун хувь өөрчлөгдөх жишээний. Ард түмнээ бодъё, цалинг нь нэмье, тэтгэврийг нь өсгөе гэж популизм хийдэг нь гэм биш л дээ.

Харин төсвийг хэмнэнэ, бүтцээ цөөлнө, төрийн албыг цомхотгоно, “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ” гэсэн Ардчилсан намынхны том дуу цаашаагаа орчихож. Арван зургаан оны өмнө эрсдэл хийж, оноо алдаад яахав ээ хэмээн намын Гүйцэтгэх зөвлөлөөс нь бүлэгтээ анхааруулга өгсөн ч  бололтой юм.  Ингээд эрүүл төсөв, алдагдалгүй төсөв гэх өнөө гоё яриа нь өдрөөс өдөрт холдсоор мөнөөх сонгуулийн төсөв батлах нь тодорхой болжээ.

Тэгээд ч төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр нам гэлтгүй тойрогтой гишүүд хөрөнгийн хуваарилалт дээрээ “алалцдаг” нь жам хойно доо.  Тэр тусмаа сонгуулийн жилийн төсвийг хэлэх үү,  улстөрчид бүгдээрээ Сангийн сайд болчихсон, саяхан л цалин бууруулж, төрийн албыг цомхотгоно гэр байр сууринаасаа бүгд ухарчээ.  

Хөөрхий, хувийн дээд сургуультай, бүгд өөр өөрийн бизнес эрхэлдэг манай гишүүдийн мөнгийг эхнэр, хүүхдүүд нь “дээрэмдээд” авчихдаг бололтой ихэнх нь цалингаасаа өөр орлогогүй хэмээн чарласаар байгаад Ч.Сайханбилэгийн “Улстөрчид, Засгийн газрын гишүүд, Засаг дарга нарын цалин 30 хувиар, гурван сар бууруулна” гэсэн шийдвэрийг няцаагаад, тэр бүү хэл туслахуудаа ч “авч” үлдэж чадав. УИХ-ын гишүүдийн эрх ашигт нийцэхгүй бол иргэд, эдийн засагт ашигтай ямар ч төсөл, хууль унадаг, тэдэнд ашигтай бол хэн ч байсан ажил албатайгаа үлдэж чаддагийг манай гишүүд яруу тодоор харуулж байна. Төсөв хэлэлцэхтэй зэрэгцээд МҮЭХ  гэх зөвхөн төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалсан популист байгууллагынхан үүрнээсээ гарч ирээд “Цалинг нэмэхгүй бол ажил хаяна” гэж айлгав. Төсвийн урсгал зардлын 60 хувийг эзэлдэг цалинг нэмэхийн тулд АН-ынхан 130 тэрбум төгрөгийг төсвийн зардал дээр нэмж оруулж ирж, харин урьд нь төрийн албан хаагчийг халахгүй, цалингаа хасуулахгүй гэж омогдоод байсан МАН-ынхан худлаа шүүмжилсэн дүр эсгэж алиатав. МАН-ынхан угаасаа ийм хогийн. Нэг суурин дээрээ хоёр эргэж байгаа хүмүүс юу ч ярьж, бултаж мэднэ.

Харин төсвийг хэмнэнэ, бүтцээ цөөлнө, төрийн албыг цомхотгоно, “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ” гэсэн Ардчилсан намынхны том дуу цаашаагаа орчихож. Арван зургаан оны өмнө эрсдэл хийж, оноо алдаад яахав ээ хэмээн намын Гүйцэтгэх зөвлөлөөс нь бүлэгтээ анхааруулга өгсөн ч  бололтой юм.  Ингээд эрүүл төсөв, алдагдалгүй төсөв гэх өнөө гоё яриа нь өдрөөс өдөрт холдсоор мөнөөх сонгуулийн төсөв батлах нь тодорхой болжээ. Б.Болорын оруулж ирсэн төсвийн хэмнэлтэд хэдэн муу дэд сайдууд өртөөд дуусав аа гэж. Хэн ч тэдний өмнөөс дуугарсангүй. Ядаж УИХ-ын гишүүний туслах юм ууу зөвлөх нь байсан бол “ Туслах ч гэсэн хүн. Тэд чинь зээлтэй хүмүүс” гэж өмөөрөөд  гишүүд “аварч” үлдэх л байсан байх даа.   УИХ-ын гишүүдийн хувьд дэд сайдууд шиг хэрэггүй хүмүүс алга байсан бололтой. Харин Б.Болороос эхлээд Засгийн газрын сайдууд дэдүүдээ явуулсны дараа  “Дулмаагаа л их санах юм даа” гээд сууж байгаа сураг ч дуулдав.

Төсвийн хэлэлцүүлэгт намууд идэвх муутай, ялангуяа Ардчилсан намынхан  чуулганы хуралдаандаа суухгүй байна гэсэн Ардын намын шүүмжлэл үнэн. Ардчилсан намынхан ер нь Тавантолгойгоос өөр асуудлыг анхаарахаа болиод удаж байгаа шүү дээ. Ирэх онд эдийн засаг өвдөх эсэх нь өөрсдөд нь хамаагүй гэж бодож байгаа ч юм уу, юутай эрүүл төсөв батлаад өгнө гэсэн  нь үлгэр болоод өндөрлөж байна. Эцэст нь хэлэхэд энэ парламент бол “еэ, еэ бөөвөө” л болж байна шүү дээ.

 Ж.НЯМСҮРЭН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна