Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Жан Дөзян бараалхав

2015 оны 11 сарын 11

БНХАУ-д төрийн айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзян бараалхав.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ ”БНХАУ-ын дарга Си Зиньпиний урилгаар Хятад улсад төрийн айлчлал хийж, дахин уулзаж байгаадаа баяртай байна. Хоёр орны өнөөгийн хамтын ажиллагааны ололт амжилтад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлье. Энэхүү айлчлалаар хоёр улсын  хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чухал ач холбогдол бүхий 11 баримт бичигт  гарын үсэг зурсанд баяртай байна. Монгол Улсын Их хурал, БНХАУ-ын БХАТИХ-ын хооронд байнгын уулзалтын механизмтай болсноор парламент хоорондын хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч идэвхжих ач холбогдолтой төдийгүй хоёр улсын харилцааны хөгжилд парламентуудын гүйцэтгэх үүрэг нэмэгдэнэ гэж үзэж буйгаа илэрхийллээ.”

Уулзалтаар хоёр улсын хооронд өндөр, дээд түвшний харилцан айлчлал, ажил хэргийн уулзалтын давтамж нэмэгдэж байгаа нь улс төрийн харилцан итгэлцлэлийг нэмэгдүүлж байгааг онцоллоо. Хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа шинэ агуулга, хэлбэрээр баяжиж, өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байдгаа хоёр тал илэрхийлээд Монгол Улсын Их хурал болон БХАТИХ-нь нийтлэг үнэт зүйлсийг төлөвшүүлэн буй болгоход харилцан бодлого, байр сууриа гүнзгий ойлгох, бие биеэсээ суралцах, мэдээлэл туршлага солилцох зэргээр хоёр улсын хөгжлийн бодлогыг уялдуулах эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд идэвхтэй хамтран ажиллах нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлэв.

Энэ хүрээнд БХАТИХ-ын БХ-ны дарга Янь Зьюнчи тэргүүтэй төлөөлөгчид 11 дүгээр сард Монгол Улсад хийх айлчлал амжилттай болж, байнгын уулзалтын механизмын Анхдугаар уулзалт чухал үр дүнд хүрнэ гэдэгт итгэж буйгаа БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзян онцлов.

Мөн хоёр улсын эдийн засгийн хөгжилд нэмэр болохуйц,ард иргэд үр дүнг нь мэдрэх томоохон төслүүдийг хэрэгжүүлэх нь чухал гэдэг дээр хоёр тал санал нэгтэй байдгийг дурдав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн БНХАУ-д хийж буй төрийн айлчлал талуудын харилцан ойголцол, итгэлцлэлийг бэхжүүлэх, харилцааны найрсаг уур амьсгалыг бататгах, хоёр улсын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн өргөжүүлэх, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэхэд түлхэц үзүүлнэ гэж үзэж байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: PRESIDENT.MN

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна