Д.Эрдэнэбат: Саналаа татахгүй

2015 оны 11 сарын 11

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх шатанд Төсвийн байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж байна.

Тухайлбал, Уул уурхайн сайдын багцыг 5 тэрбум төгрөгөөр нэмэх санал гишүүдийн 75 хувийн дэмжлэг хүлээсэн бол АСЕАМ-ын аюулгүй байдлыг хангахад зориулж тоног төхөөрөмж шинэчлэх зориулалаар 13 тэрбум төгрөгийг төсөвт суулгахыг гишүүдийн 73.4 хувь нь дэмжлээ.

Харин Говийн бүсийн газрын тосны үйлдвэр байгуулах ТЭЗҮ боловсруулах зардлыг төсөвт суулгах санал дэмжлэг хүлээсэнгүй уналаа. Үүнд нийт 1.8 тэрбум төгрөг шаардлагатай юм байна. Санал хураахын өмнө УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Нефть боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг олон жил гацааж ирсэн. ТЭЗҮ хийхэд шаардлагатай хөрөнгийн зардлыг УИХ-ын Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг хасч оруулж ирж, УИХ гацааж байгаад шүүмжлэлтэй хандаж байна. УИХ бодлогынхоо эсрэг шийдвэр гаргаж болохгүй. ТЭЗҮ хийхэд шаардлагатай хөрөнгийн зардлыг хасахынхаа оронд хэрэггүй барилгын хөрөнгө оруулалтын зардлыг хасах ёстой” гэв.

УИХ-ын дарга З.Энхболд “Саналаа татаад авчих хэрэгтэй юм биш үү” гэсэнд УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Саналаа би татаж авахгүй, саналыг санал хураагаад шийдэцгээ” гэж байлаа.

Сулинхээрийн отрядыг Улаанбадрах сум руу нүүлгэхэд шаардлагатай 2 тэрбум төгрөгийг төсөвт нэмж суулгах санал гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээлээ. УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн тайлбарласнаар бол тус цэргийн отрядыг нүүлгэхээс аргагүй нөхцөл байдал бий болсон аж. Хил дээр гардаг хэргийн 70-80 хувь нь тэнд үйлдэгддэг. Арга ядаад Засгийн газар их хэмжээний хөрөнгө зарцуулж, отрядыг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой ажлуудыг хийсэн байна. Одоо эмнэлэг барихад шаардлагатай хөрөнгийг төсөвт суулгаж буй аж.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна