Тогтоон барих эвийн хүчин

2015 оны 11 сарын 12

Дэлхийд монголчуудын нэрийн хуудас болсон Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Бахархлын өдөр өнөөдөр. Гэхдээ өнгөрсөн хугацаанд эрдэмтэн, судлаачид энэ өдрийн талаар өөр өөрсдийн гаргалгааг дэвшүүлж, маргаж, мэтгэж ирсэн. Өнөөдөр ч маргаж л байна. Харин энэ маргаанд төр оролцож, хайнааг нь хагалсан явдал дэлхийд бид нэг санаа бодлоор хандах гарц болсон. Үнэндээ аль ч хувилбарыг нь эцсийн байдлаар тогтоож, батлах боломж бидэнд байхгүй. Асуудлын гол нь харин албан ёсоор аль нэг өдрийг нь тогтоож, монголчууд өөрсдийн үүх түүх, уламжлал хийгээд бодлого, чанарыг сэргээн анхааруулж хадгалах нь чухал.

Тэгвэл Чингис хаан хаана төрсөн бэ? 1850-иад оноос эхлэн их хааны мэндэлсэн газрыг судалж эхэлсэн бөгөөд алдарт эрдэмтэн Инжинаш “Хөх судар”-таа Чингис хааныг Онон голын хөвөөнд орших Тэргүүн болдаг ууланд төрсөн хэмээн бичжээ. Харин Чингис хааны төрсөн газар Дэлүүн болдогийн талаар Судар бичгийн хүрээлэнгийн дарга О.Жамъян зориуд судлан 1928 онд Хэнтий аймгийн Дадал сумын нутагт байна гэсэн санааг гаргаж. Энэ тухайгаар О.Жамъяан “Бас Хан Хэнтий уулын баруун өмнө зүг Хэрлэн голын зүүн этгээдэд зүүн өмнөөс Хэрлэн гол руу орсон нэгэн их амыг Болдагийн ам хэмээдэг. Тэр Дэлиүн болдагт Чингис хаан төрсөн хэмээн хэлдэг гэж тэндэх нутгийн хүмүүс хэлнэ. Энэхүү Дэлиүн болдаг хоёр газрын алинд нь Чингис хаан төрсөн болохыг эрдэмтэн мэргэд шинжлэх ажаамуу” хэмээн тэмдэглэн үлдээсэн байна. Ийнхүү их хааны төрсөн газрыг тогтоох, тухайн үеийн Дэлүүн болдог яг хаана байх вэ гэдгийг өмнөх болоод шинэ эх сурвалжуудад тулгуурлан янз бүрээр судалгаа хийж ирсний нэг нь газарзүй судлаач Ж.Бадамдаш, Д.Базаргүр нар. Тэд Дэлүүн болдогийг Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг Ламын ухааг мөн гэж үзсэн байна. Харин түүхч Х.Пэрлээ “Дэлүүн болдог Онон, Балж хоёр голын боом буюу бэлчирт хуучин нэрээ хадгалсаар байна. Гурван нуурын рашаан амралтын дэргэд бий” гэсэн нь Хэнтий аймгийн Дадал сумын нутагт орших Дэлүүн болдог ажээ.

Өөр нэгэн хувилбар нь Ононы адаг урсгалд буюу одоогийн ОХУ-ын нутагт буй Дэлюн болдок. Гэхдээ энэ бүх хувилбараас О.Жамъян, Х.Пэрлээ, Ц.Доржсүрэн зэрэг ахмад эрдэмтдийн дэвшүүлсэн таамаглал буюу Хэнтий аймгийн Дадал сумын нутаг дахь Дэлүүн болдог нь Чингис хааны төрсөн газар мөн байх үндэслэл хамгийн өндөр аж.

Тэгвэл энэ бүхнийг бид цаашид үргэлжлүүлэн судалж, төрөөс бодлогоор анхаарахын оронд өөр өөрсдийнхөөрөө асуудлыг тайлбарлаж, иргэдийг улам бүр хагалган бутаргах өнгө аяс өнөөгийн улстөрчид, улс төрийн хүчнээс илрэл болсон нь харамсалтай.

Тиймээс ч түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн өдрүүдийг өөрсдөдөө ямар нэгэн байдлаар хамаатуулахыг зорих нь гутамшигтай.

Монголчууд 17 дугаар зууны сүүлчээс 18 дугаар зууны дунд үе хүртэлх богинохон хугацаанд тусгаар тогтнолоо алдаж байсан ч эцэг өвгийн буй болгосон эх орноо уламжлан авч үлдсэн азтай ард түмэн. Тусгаар тогтнол бидэнд үе үеийн эх орончдын амь нас, хөлс цусаар хагас зууны биелэлээ олсон юм. Уламжлалт төрийн бодлогоо сэргээн баримтлах, хууль ёсоо тодорхойлох эрмэлзэл олноо өргөгдсөн энэ он жилүүдэд хүчтэй сэргэсэн ч гадаад дотоодын олон учир шалтгааны улмаас тэр бүрий амжилтанд хүрч байсангүй. Их гүрнүүдийн дарамт шахалтан доорх Монголын тусгаар байдал өндөг адил туйлын эмзэг байсан ньтүүхэн үнэн билээ. Тэр ч утгаараа 1911 оны арванхоёрдугаар сарын 29 бол тусгаар тогтнолоо дахин сэргээсэн түүхэн өдөр. Харин энэхүү өдрийг өнөөгийн МАН, МАХН үгүйсгэх байдалтай байдаг бол Ардчилсан нам 1924 оны арваннэгдүгээр сарын 24-нд анхдугаар Үндсэн хуулиа батлаж туурга тусгаар улс гүрэн гэдгээ зарласан өдрийг төдийлөн дөвийлгөхгүй байна уу гэх зүйлс ажиглагдана. Мэдээж энэ өдөр Монголын түүхэнд маш чухал үйл явц өрнөсөн өдөр. Түүний эхлэл нь хэзээ өмнө 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ны өдөр байсан билээ.

Өнөөдөр бид их хааны цадиг түүх, дэлхийг нэгтгэн, амар жимэр суухуйн ур ухааны тухай судалж, үйл хэрэгтээ хэрэгжүүлэх нь чухал болохоос дэмий чээжээ дэлдэх нь утга учиргүй.

Монголчууд төрийн бодлого боловсруулахдаа маш даацтай, нягт нямбай хандаж иржээ. Бүр эртний улсуудын үеэс Төрийн тэргүүн-хаан улс орны тулгамдсан асуудлаар язгууртны хуралдай, түшмэдийн эелэлдээнд оролцогчдын санаа бодол, зөвлөгөөг анхааралтай сонсч, төрийн бодлого, үйл ажиллагаанд тусгадаг байв. Их Монгол улсын үед хуралдай нь хааныг сонгож, төрийн бодлогын амин чухал асуудалд ончтой хариу эрэлхийлж, хичээнгүйлэн нягтлаж магадласны үндсэн дээр их хаанд зөвлөх эрх үүрэг бүхий төрийн дээд байгууллагын шинжийг улам бүр агуулах болсон байна. Хамгийн гол нь хэнбугай ч Их хуралдайг алгасан хааны титэм хүртэх хууль зүйн болон ёс суртахууны эрхгүй байсан явдал юм. Чухам үүнд Их Хуралдайн эрх сүр, хүчин чадал оршиж байв. Их Хуралдайн чөлөөт цагт Сэцдийн зөвлөл төрийн бодлого боловсруулах ажилд оюуны цэнэг өгч байлаа. Ялангуяа Чингис хаан, түүнийг залгамжлагчид өрнө, дорно зүг хийсэн аян дайны явцад Сэцдийн зөвлөлийг байн байн хуралдуулж, тулгамдсан чухал асуудлыг төрийн бодлогын зиндаанд хэлэлцэн шийдвэрлэж байжээ.

Энэ бүхнээс ажиглавал Монголын төрт ёсны уламжлал өнөөгийн парламентат ёсны эх үндэс гэдгийг яах аргагүй хүлээн зөвшөөрүүлэх биз. Чухам ийм байж гэмээн ертөнцийн талыг эзэгнэсэн монголчууд 200-400 жил өөр өөрийн эзэгнэсэн газар нутагтаа Монголын фактори буюу Монголын энх засаглалыг тогтоож бат суурьтай оршин тогтнож байсан юм.

“Монголын энх төр”-ийн энхийг эрхэмлэсэн бодлогын үр дүнд үүсэл гарвал, ястан угсаатан, улс төрийн ялгаа, шашин суртлаараа өөр хоорондоо дайсагналцаж байсан урсгал чиглэлүүд эелэлдэн зохицож, мөн өрнө, дорныг улс төр, эдийн засаг соёлын хувьд холбож, бие биенд нь нээж өгсөн их гүрнийг Монголчууд байгуулсан талаар өнөөдөр өрнө дорны олон эрдэмтэд санал нэгдэж байна.

Тиймдээ ч их Монгол улс цагийн саалтад бууран доройтсон ч түүний төрийн бодлого эдүгээг хүртэлх дэлхийн улс орнуудын төрийн бодлогод ямар нэгэн хэмжээгээр шингэн үлджээ.

17-дугаар сүүлчээс 18-дугаар зууны дунд үе хүртэлх богинохон хугацаанд тусгаар тогтнолоо Монголчууд алдаж бусдын эрхшээлд орсноос хойш эцэг өвгийн буй болгосон төрийн алтан хайрцагны бодлогоо аажим ажжмаар гээсээр иржээ. Цөөн тооны сурвалжит ноёд, хангууд л энэхүү бодлогын талаар ойлголттой байснаас нийт ард иргэдийн дийлэнхийнх нь ой санамжаас үзэл баримтлал үндсэндээ арчигдсан байсан юм.

Тиймээс ч бид түүхэн үйл явдалд үзэл баримтлалын “изм”-ээр гэхээс илүүтэй мөн чанараар нь харах нь чухал.

Эдүгээ улс түмнүүд дэлхий дахины үнэт зүйлсийн дагуу улам ойртох ойлголцох тухай ярьж буй боловч, уламжлал, шашин, үндэстэн, эдийн засаг, газар нутгийн асуудлаар өрсөлдөх сөргөлдөх боломж, магадлал байсаар байгаа нь нууц биш. Энэ нөхцөлд бага буурай орнуудын хувьд үндэсний эрх ашгийг нь хөндөхүйц гэнэтийн үйл явдал өрнөх магадлал өсч байна. Тийм учраас манай төрөөс үндэсний эрх, ашгаа хамгаалж, прагматик улс төрийн бодлого явуулахдаа эв нэгдэл, нэгдмэл үзэл санааг байнга баримтлах нь хамгаас чухал.

Түүх нэг л байх ёстой. Тиймээс одоо жалга довны үзлээс илүүтэй нэгдмэл, нэг цул байх явдал хамгаас чухал. Монгол бахархлын өдөр чээжээ дэлдэхээс илүүтэй улс орны үндэс суурь болсон үнэт зүйлс, ёс заншил, нэгдсэн бодлогыг баримтлах нь бидний хойч үедээ өвлүүлэн үнэт өв болох нь дамжиггүй.

Дэлхийн талыг нэгэн дээвэр дор нэгтгэх их үйлсийн эхлэлийг тавьсан Их хааны суу заль нь тэднийг цэргийн хүчээр бус эв санааны нэгдлээр барихад чиглэж байсныг энэ өдөр сануулах юун.

Л.НАРАНТӨГС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна