Амиа бодоход учир бий

2015 оны 11 сарын 12

NEWS агентлаг философийн ухааны доктор Б.Батчулуунтай хамтран “Либертари булан”-г хэрэглэгчиддээ хүргэж байгаа билээ. Либертари сэдвээрх асуулт, хариулт, ярилцлагуудыг та бүхний хүртээл болгоно.


АГУУЛГА: (Либертари үзэл дэх хамгийн хүнд сэдэв. Эгоизм (өөрийгөө бодохуй) ба альтруизмын (өөрийгөө золиослохуйн) тухай социалист хийгээд либертари  тайлбар. Монголчууд ба Өрнөдийн хүмүүсийн амиа бодохуй. “Эх сурвалж”-ийн Роарк. “Нийт нь нэгийн төлөө” биш, “нэг нь нийтийн төлөө” бас биш, харин “өөрөө, өөрийнхөө төлөө!”)


ЯРИАНЫ СЭДЭВ

2 жил гаруйн өмнө Германд амьдардаг нэгэн танил маань Айн Рэндийн Anthem хэмээх номыг явуулсан юм. Бэлэг үнэхээр таалагдсан. Тэр номыг хоёр хоног хэртэй нүд салгалгүй уншсан сан. Бэсрэг дис-утопи тууж. Айн Рэнд туужаа “Эго гэдэг бол ариун гэгээн үг” хэмээн төгсгөжээ (“Эго” гэсэн энэ үгнээс хүмүүсийн дургүй нөгөө “эгоизм” гэсэн үг үүсдэг. Эго нь монголоор ‘би’ гэсэн үг). Манай нийгэм, манай ёс суртахууны уламжлалд энэ үг хэр тохирох билээ! Ном үндсэндээ хувь хүнээс гаралтай бүхнийг үзэн ядаж, “би” гэсэн ойлголтыг үгүйсгэн, зөвхөн “бид” хэмээх ойлголтоор бүх юмыг хамт олны үүднээс авч үздэг коллективист нийгмийн тухай өгүүлжээ. Энэ нийгэмд хувь хүн бол юу ч биш, зөвхөн хамт олон, ард түмэн, нийгэм, нийтийн эрх ашиг л гол зүйл аж. Яг л 1990-ээд оноос өмнө манайд байсан нийгэм шиг бүгд адилхан байх ёстой. Хэн ч бусдаасаа илүү гарч болохгүй, нэг дуу дуулж, нэг л хувцас өмсөн, нэг загвараар сэтгэж, бүгдээрээ нэг эгнээнд алхах ёстой.

Миний хувьд энэ сэдвээр ном бичье гэсэн санаа өмнө нь төрөөд байлаа. Учир нь, би нэг удаа байрны гадаа нарлаж суугаа хэдэн настайчуудын яриаг сонссон юм. Насаараа төмөр замд машинист хийсэн нэг өвгөн хэлж байна аа: “Одоо хүмүүс мөн ч их амиа боддог болжээ. Өчигдөр би автобусанд суулаа. Хамт ажилладаг бололтой 3 хүүхэн орж ирээд, тус, тусдаа билет авах юм. Хамт явж байж нэгнийхээ билетийг авчхаж болно оо доо. Харахад ч гэсэн эвгүй юм” гэхэд цахилгаан станцад мастераар ажиллаж байсан өөр нэг өвгөн “Бидний үед бусдын төлөө л амьдарч байгаа юм шиг байсан даа. Бид ч улсын төлөө бие хайргүй зүтгэсээр насыг барсан” гээд хамт олонч үзлийг хамгаалж, амиа бодох үзлийг шүүмжилсэн яриа өрнүүлсэн юм.

Эдний яриаг сонсож байхад “Би ч бас мэднэ дээ. Социализмын үед ‘нийгмийн төлөө’ гэсэн уриатай боловч бүх хүн их мөнгө авахын төлөө л ажилладаг байсан. Төмөр замын машинист, цахилгаан станцын мастер гэдэг бол тэр үедээ л их цалин авдаг хүмүүс байсан шүү дээ” гэсэн бодол надад төрж байв. Уншигч та бүхэн намайг ойлгоно биз. Би тэдэнд өөрийн үзэл бодол, либертарианизм энэ тэр гэж яриад огт нэмэргүйг мэдэх тул юу ч хэлээгүй юм шүү. Харин Х.Х-тэй уулзахдаа “Хүн өөрийгөө бодох нь зүй ёсны хэрэг шүү дээ, яагаад үүнийгээ ил гаргаж болохгүй гэж” хэлснээр бид хоёрын ээлжит яриа эхэлсэн юм.


Х.Х: Хэцүү асуудал юм аа. Хэн нэгнийг “Чи өөрийгөө бодож болно” гэж хүлээн зөвшөөрөх юм бол бидэн шиг уламжлал, ойлголттой хүмүүст болгоомжлох сэтгэл төрнө. Чамайг өөрийгөө бодохыг хүлээн зөвшөөрснөөрөө би өөрийгөө гарзанд гаргахыг хүлээн зөвшөөрч буй мэт хэрэг болох байх л даа.

Б.Б: Хүнд нь ч хүнд сэдэв шүү. Өөрийгөө бодох үзэл, энэ зарчмыг (ө.х. эгоизмыг) либертари үзлийн хамгийн сул, эмзэг цэг гэж олон хүн үздэг. Тиймээс ч либертари үзэлтнүүд чухамхүү энэ асуудлаар эсрэг үзэлтнүүдийнхээ зүгээс хамгийн их дайралтад өртдөг. Зарим либертари үзэлтэн маргаан-мэтгэлцээн энэ сэдэвтэй холбогдоод ирэх үед өөрсдийн үзлийг хамгаалж чаддаггүй ч тал бий.

Америкийн либертари авторууд хүртэл Айн Рэндийн эгоизмыг жинхэнэ утгаар нь эзэмшиж, ойлгоогүй байдаг юм билээ. Тэгэхээр амиа бодохуйн тухай асуудал, тухайн хүн үнэхээр либертари хүн мөн үү, биш үү гэдгийг шалгах маш эгзэгтэй сэдэв юм.

Уг нь, либертариуд өөрийгөө бодох гэдгийг ганцхан хүнд хамаатуулж хэлээгүй, энэ бол бүх хүний эрх гэсэн утгаар хэлдэг. Боолын нийгэмд л “Чи эзнийхээ төлөө амьдар, харин эзэн чинь өөрийнхөө төлөө амьдарч болно” гэсэн зарчим ноёрхдог.

Би Брэнан гэдэг америкийн либертари үзэлтэй профессорын (Жоржтаунын Их сургуулийн профессор Жэйсон Брэнан) Либертари үзэл хэмээх номыг 2013 онд “Нэпко”-гийн захиалгаар орчуулсан юм. Гэтэл тэр профессор Рэнд яагаад “өөрийгөө бодохуйг” хамгаалж байсныг ойлгоогүй байсан. Зохиогч, Рэнд шиг хамт олонч нийгэм, ө.х, коммунист нийгэмд амьдарч үзээгүй, Октябрийн хувьсгалын хүмүүнлэг бус үйлдлүүдийг нүдээрээ харж мэдрээгүй хүн. Коллективист нийгэмд хувь хүний үүдэлтэй бүхнийг хэрхэн нухчин дарж, амьдрах аргагүй болгодгийг тэр мэдэхгүй байлаа. Энэ талаараа Монголд амьдарч буй бидний үеийнхэн зохиогчоос илүүгээр Айн Рэндийг ойлгож байгаа юм. Брэнан энэ мэт шалтгаанаар эгоизмын анти-коммунист буюу анти-коммунлаг шинжийг олж хараагүй, улмаар эгоизмын хариуцлагатай маш нягт холбогддог утга, бүтээлч шинж зэргийг тодорхой гаргаагүй болов уу. Номыг орчуулж байх үед Брэнаныг Монголд амьдраад үзсэн ч болоосой, одоо энд хүрч ирээд хардаг болоосой гэж бодогдох үе олонтаа гарч байлаа.


Монгол хэлнээ хамгийн сүүлд орчуулагдсан (нэгэн сэдэвт зохиолыг эс тооцвол) либертари сурах бичиг-гарын авлага.


Х.Х: Санасан дээрээ хэлэхэд, чиний бичсэн ном, өгүүлэлд гадаад нэр томьёо маш их байх юм аа. Орчуулж чаддаггүй юмуу?

Б.Б: Үнээн үнэн. Одоо яг энэ сэдэв дээр гэхэд л индивидуализмаас гадна эгоизм, коллективизм, альтруизм гэх мэт үгнүүд гарна. Эдгээр нь бүгд л латин, сонгодог грек гаралтай үгс. Англи, герман, франц, орос гээд бүх хэлэнд эдгээр үгсийг орчуулалгүй хэрэглэж байна. Шинжлэх ухааны хэл болсон латин, сонгодог грек хэлний үгс шүү дээ. Гэтэл манайд л орчуулах гээд байдаг. Орчуулъя гэвэл болох л байх л даа. Хувь хүнийг дээдлэх үзэл, амиа бодох үзэл, хамт олонч үзэл, бусдын төлөө өөрийгөө золих, өөрийгөө огоорох үзэл гэх мэтээр. Гэхдээ эдгээрийг оноосон нэр гэхэд хэцүү, тухайн үгний тайлбар маягтай болоод байна. Хоёрт, латин, сонгодог грек үгс үндсэн утгаа хадгалдаг учраас орчуулсан тохиолдолд утга нь алдагддаг.

Х.Х: За тэгвэл, үндсэн асуудалдаа оръё. Хувь хүн гэсэн ойлголт эгоизм гэсэн ойлголттой яах аргагүй холбогдоно биз!

Б.Б: Холбогдоно. Эго гэдэг нь “би” гэсэн латин үг. Тэгэхээр эгоизм гэдгийг “Би-гээ бодох”, “Өөрийгөө бодох” гэж орчуулж болно. Манайд энэ үгийг “амиа бодох” гэж орчуулж ирсэн. Дээр нь ангич, намч үзлээр нэмж хачирлаад хачин эвгүй, хэрэглэхийн аргагүй муухай үг болгосон. Гэтэл хүн мөн чанараараа хувь хүнийхээ мөн чанарыг дээдлэх шинжтэй байдаг. Ийм байхад ичмээр юм юу ч байхгүй. 

Хүний индивидуалист мөн чанар коммунизм, фашизм гэсэн хамгийн коллективист нийгэмд ч далд хэлбэрээр оршсоор ирсэн. Өмнөх коммунист нийгмийн үед хүний индивидуалист үйлдлийг зориудаар буруу тайлбарлах явдал байсан л даа. Жишээ нь, гэр бүл болон өөрийнхөө төлөө өдөр шөнөгүй замд явсан тээврийн жолоочид “Хөдөлмөрийн баатар”, “Гавьяат …” энэ тэр гэсэн цол хэргэм өгч, хамгийн хамт олонч хүн хэмээн тодорхойлон, нийгмийн төлөө үхэн хатан зүтгэдэг мэтээр ойлгуулахыг оролддог байлаа. Гэтэл хамт олонч хэмээн тодорхойлогдож байсан тэр хүмүүс цагаа тулахад хамгийн индивидуалист үйлдэл гаргах нь олонтаа байв.  

Одоо ч гэсэн манайд хүнийг ажилд авахдаа “Багаар ажиллах чадвартай эсэх” гэсэн тун хачин шалгуур тавьдаг болж. Барууны менежментээс учрыг нь олоогүй хуулбарласан олон зүйлийн нэг. Энэ бол үнэндээ, хүний хийх, бүтээх, сэтгэх чадварт огт холбоогүй хувь хүний зан ааш, темпераментын тухай “персонал асуултыг” хүн айлгадаг коллективист агуулгаар тавьж байгаа хэрэг шүү дээ. Бүтээлч хувь хүний дургүй хүрэм асуулт.

Х.Х: Амиа бодно гэдэг чинь бусдыг золиосолно гэсэн үг биш үү? Ийм үзлийг хамгаалж болох юм уу?

Б.Б: Тэгэхээр, амиа бодохуй (эгоизм) гэж юу юм бэ гэдгээс эхэлье. Энэ бол нэг муу новшийн зан чанартай этгээд өөрийн төлөө бусдыг ашиглаж, монжиж, тэднийг өөдлөн дэвжих шат, гишгүүрээ болгох явдал; амиа бодогч нь өөрийн төлөө ямагт бусдыг золиосолно; өөрөө л болж байвал боллоо, ямар ч бүтээлч оршихуй хэрэггүй. Амиа бодох нь үнэхээр ийм үзэгдэл юм бол жигшим, гутамшигтай зүйл мөн. Тийм ч учраас эгоизмыг хар амиа бодох, амин хувиа хичээх гээд аль муухай үгээр орчуулж, ойлгуулаад хэвшчихэж.

Тэгвэл либертари үзэлтэй жинхэнэ эгоист хүн хэзээ ч бусдыг өөрийн өөдлөх замын шат гишгүүр болгодоггүй, өөрийн төлөө бусдыг золиосолдоггүй. Ийм зүйлийг “Нийт нь нэгийн төлөө, нэг нь нийтийн төлөө” хэмээн хашхирагсад л хийдэг.

Либертари үзэлтэй Батчулуун хэмээх иргэн би өөрийгөө боддог, ө.х, олны дунд тархсан хэллэгээр “хар амиа” боддог хүн. Ингэж хэлэхээр намайг 1990-ээд оны хувьчлалаар баахан объект хувьдаа авчихсан, эсвэл заль мэх, худал хуурмагаар эд хөрөнгө цуглуулсан, улс төрчдийн хөлд сууж байгаад хөрөнгөжиж авсан нэгэн байх, тэгээд л “өөрийгөө бодно, бусад хүн хамаагүй” гээд байгаа юм байна гэж бодох байх. Гэтэл тийм биш болохыг мэдэх хүмүүс нь мэднэ, чи ч мэднэ, өнөөгийн “шинэ монголчуудын” нүдээр харах юм бол би үнэхээр ядуу нэгэн. Би улс төр, бизнэсээс хол хүн. Миний амьдралын зарчим, идеал, хүсэл бодол, сэтгэлгээ улс төрчдийнхөөс шал өөр.  

Гэхдээ би эгоист, гэхдээ либертари эгоист. Одоо бол нэг хэсэг нь өөрийгөө бодож, нөгөө хэсэг нь түүний төлөө гүйж байдаг үе өнгөрсөн. Хөрөнгө чинээ, танил тал, албан тушаалтай нь л өөрийгөө бодож болдог,  бусад нь түүнд зүтгэгч боол шиг байх ёсгүй. Бүх хүнд өөрийгөө бодох эрх бий. Хамгийн ядуу хүнд ч өөрийгөө бодох эрх бий.

Х.Х: Эгоизмыг монголчууд нүүрэн дээрээ бүгд хараадаг хэрнээ цаанаа тэр л зарчмаар амьдардаг юм шиг ...

Б.Б: Үнэн шүү. Тэгсэн атлаа ямагт олны төлөө амьдарч ирсэн юм шиг худал ярина. Өөрийгөө бодсондоо бусдыг яахаас ч буцдаггүй хүмүүс байдаг даа. Чухам тийм хүмүүс л эгоист үзлийг хамгийн их эсэргүүцдэг, сонин байгаа биз. Өөрийнхөө дүр төрхийг харахаар эвгүйцдэг юм болов уу? Эсвэл “матрын нулимс” гаргаж байж ч болох юм!

Эгоизмыг буруугаар ойлгоод, буруугаар яриад явбал түүн шиг амархан юм хаана байх вэ. Эгоизм гэдэг нь тэгж ашиглах хүмүүст өгөөш болоход тун амархан категори. Тэгвэл либертари үзэлд эгоизмыг тэс өөр өнцгөөс, эерэг талаас нь тайлбарладаг. 

Х.Х: Эгоизмыг эерэг утгаар тайлбарлана гэж юу яриад байна вэ? Рациональ эгоизм мөн үү? Өөрийгөө бодохдоо бусдыг гарзанд гаргахгүй, бусдыг ашиглахгүй, бусдыг золиослохгүй гэсэн юм философид яригддаг даа.

Б.Б: Тийм ээ, ийм утга зүйлс гарцаагүй багтана. Хувиа бодохдоо бусдыг хохироох юм бол тэр нь либертари зан яавч биш. Ер нь, өөрийгөө хамгийн түрүүнд боддог, түүнийгээ ч нуух шаардлагагүй гэж үздэг ёс заншил, үзэл бодолтой Барууны хүмүүс “ийм зан төлвийг энгийн зүйл” гэж үзнэ, тэгсэн атлаа өөрийгөө болгосон үедээ бусдад их тусална.

Гэтэл нүүрэн дээрээ бусдад туслах ёстой гэж ярьдаг хүмүүс өөрийгөө болгосон атлаа бусдад тусална гэж байдаггүй. Тэгэхээр тэд “бусдад туслах ёстой” гэсэн үгийг хэлэхдээ “туслах” гэсэн энэ үгийн утгыг хамгийн түрүүнд өөртөө хамааруулж туслуулах талаас ойлгодог, харин бусдад туслах талаас огт ойлгодоггүй.

Х.Х: Хар ухаанд буугаад л байна, гэхдээ тодруулах шаардлагатай учраас асууж байна. Барууны иргэд их амиа бодсон байдаг гэдгийг?

Б.Б: Амиа бодохуй нь улс-үндэстнүүдийн хувьд өөр, өөр байдаг юм байна. Япон болон Өрнөдийн орны иргэд их “амиа бодсон” байдгийг бид мэднэ. Танихгүй хүмүүс байтугай аав ээж, үр хүүхдүүд хүртэл нэгнээсээ мөнгө төгрөг авахгүй, бүгд л өөрсдийгөө бодсон, тусдаа санхүү, эд хөрөнгөтэй, нэгнийхээ хэрэгт оролцоод байдаггүй.

Хэдэн жилийн өмнө Японд аймшигтай цунами болж, хүмүүнлэгийн их сүйрэл тулгарсан. Тэнд очсон Америкийн нэгэн сурвалжлагчийн хийсэн нэвтрүүлэг телевизээр гарч байна аа. Цунамийн төвтэй ойролцоо байсан нэгэн хотод ундны цэвэр ус ихээр дутагдаж, өөр газраас савтай цэвэр ус зөөж байх юм. Цэвэр ус авах гэсэн иргэд уртаас урт цуваа болон дугаарлажээ. Ус тарааж буй хүмүүнлэгийн ажилтнууд авчирсан ус нь хангалттай биш гэдгийг хүмүүст урьдчилан хэлэв. Тэгмэгц ундны усаар гачигдсан тэр олон хүнийг усаа булаацалдаад дээр доороо ороод эхлэх байх даа гэтэл тийм юм огт болсонгүй. “Надад ундны ус хамгаас их шаардлагатай байна, тийм өвчтэй эцэг эх, үр хүүхэд байна” гээд элдэв худал үнэн шалтаг тоочоод урдуур хойгуур нь дайрах байх гэтэл бас тэгсэнгүй. Танил талаа урдуураа оруулах гэсэн ойлголт бүр ч байхгүй. Тэдний баттай мэдэж буй нэг зүйл бол хүн бүр өөрийгөө бодох эрхтэй, иймд хамгийн түрүүнд ирсэн хүн л хамгийн түрүүнд ус авна, би сүүлд ирсэн учраас надад ус хүрэлцэхгүй бол яах ч аргагүй гэсэн бодол. Амиа бодлоо гээд шударга бус зүйл хэзээ ч гаргадаггүй байна.

Х.Х: Манайд бол эхлээд, урдуур дайраад үзнэ, дараа нь оочерт дээгүүр зогсож буй танилаа хараад “би энд байсан юм” гэж худал хэлнэ, улмаар ус түгээж буй хүний эцэг эх, танил талыг “судална”, бүр болохгүй бол шулуухан дайрна.

Бидний монголчууд амиа бодох муухай гэж маш их ярьдаг атлаа хамгийн муухайгаар амиа боддог нь үнэн. Машинтай явж байгаад дүрэм зөрчин, бөөн түгжрэл үүсгэчхээд яваад өгнө. Зогсоол дээр дүрмээр тавьсан машины өмнө машинаа тавьж, хүний цаг завыг үрнэ. Хэдэн хүн нийлж, нам хөдөлгөөн байгуулаад, ард түмний төлөө амь насаа үл хайхран тэмцэнэ гэчхээд албан тушаал олдонгуут амаа жимийгээд, арилж өгнө. Энэ мэт жишээ даан ч олон, бичиж барагдахгүй дээ. Биднийг муухай харагдуулдаг хамгийн өөдгүй зан чанар бол яг энэ.

Б.Б: Тийм ээ, хараад байхад хамгийн арчаагүй байдлаар хувиа боддог хүмүүс л “бусдыг бодох хэрэгтэй”, “либертари эгоизм бол хамгийн муухай зүйл” гэж ярьдаг. Бусдын төлөө амьдрах тухай номлож, альтруизмын (өөрийгөө огоорох, бусдын төлөө зүтгэх, бусдын төлөө өөрийгөө золих) хичээл заадаг тэр хүмүүст “Чи Дорж ахдаа, Дулмаа эгчдээ туслах цаг болжээ, тэр чинь их ядарч явна лээ”, “чиний багын найз, ангийн чинь анд өвчтэй, эм тарианых нь мөнгө хүрэлцэхгүй хэцүү байна лээ” гэнгүүт л нөгөөх альтруистын маань хулхи бууж, ээрч гацан, элдэв шалтаг хэлээд “унжганаад” унадаг. Нэгийг бодож, түүнээсээ өөрөөр ярьж, бүр эсрэгээр нь үйлддэг хүмүүс бол альтруистууд. Тэгвэл либертари эгоистуудын бодол, хэлсэн үг, үйлдэл маш тодорхой. Чадах бол чадна, чадахгүй бол чадахгүй.

Тэгэхээр өөрийгөө бодсондоо яахаас ч буцдаггүй, бусдыг ямагт гутлын алчуур, шархныхаа боолт болгодог, өөрөөсөө өөр хэнийг ч хүн гэж боддоггүй, хамгийн арчаагүй, хүмүүс л “би амиа боддог” гэж хэлэхээс айдаг.

Х.Х: Эгоизмд ямар ч эерэг шинж байхгүй гэдэгт хүмүүс бат итгэчихсэн байдаг юм билээ.

Б.Б: Энд эгоист хүний эерэг шинжийг тод томруун харуулсан бүтээл болох Эх сурвалж-аас дахин эшилье. Роаркт нэг удаа өөдгүй зантай захиалагчаас болж өөрийн босгосон байшинд маш их хэмжээний зардал гарган, өөрчлөлт хийх шаардлага гардаг. Захиалагч “Хуучнаараа байхад юу нь болохгүй байна. Сайхан л байшин байна шүү дээ. Харин өөрчлөлт хийх юм бол би нэг ч сент нэмж гаргаж чадахгүй. Тэгж хүсээд байгаа юм бол өөрөө зардлаа гарга” хэмээнэ. Өөрт нь ямар ч ашиг байхгүй, зөвхөн өөдгүй зан чанартай тэр этгээдийн байшинг гармонитой (эв зохицолтой) харагдуулахын тулд төлбөрийг өөрөө гаргадаг. Яагаад ингэв? Эгоист учраас ингэсэн хэрэг. Архитектурт үнэнч эгоист сэтгэл нь ийм үйлдэл хийхэд хүргэдэг.


Түүхэнд эгоизм, индивидуализмыг ингэж зоригтой, логиктой, философи үндэслэлтэй магтан дуулж, коллективизм, альтруизмын харгис, хуурмаг талыг нэвт шувт харуулсан бүтээлүүд байхгүй биз. Өөрийгөө бодохуй ба өөрийгөө золиослохуй, хувь хүнийг дээдлэх ба хамт олонч үзлийн хоорондын тэмцлийг харуулсан роман, тууж, жүжиг. Гарч буй дүр, үйл явдал зэрэг нь  өөр өөр тул энэ гурван бүтээлийг нэг л үзэл санааг илэрхийлсэн, бараг нэг (ихэр) бүтээл гэдгийг зарим хүн анзаардаггүй. Эдгээр зохиолыг уншсанаар амьдралдаа хэзээ ойлгож байгаагүй, ойлгох ч үгүй байсан тэр моралийг ойлгох бололцоо хүмүүнд олддог.


Х.Х: Ном уншдаггүй, юмыг эргэцүүлэн боддоггүй, тэгсэн атлаа хүний хэлсэн зүйлийг ойлгодоггүй хүн байдаг даа. Тийм хүн тааралдаад энэ олон номны нэр хэрэггүй, битгий онол ярьж толгой эргүүлээд бай, “амиа бодож болох уу, үгүй юу гэдгийг товчхон хэлээд аль” гээд байвал юу гэх вэ?

Б.Б: “Монголчууд шиг амиа бодож болохгүй, тэгвэл нэгэндээ муухай хохирол учруулна. Япон, Европ, Америкийн соёлжсон иргэд шиг амиа бодож болно, тэд амиа бодсон ч бусдад хохирол учруулдаггүй” гэж хэлнэ дээ.

Х.Х: Монголчууд яаж амиа боддог гэж?

Б.Б: Наад захын жишээ гэхэд л та дэлгүүрт юмуу өөр нэг газар үйлчлүүлээд зогсож байя гэж саная. Гэтэл таниас сүүлд орж ирсэн нэг нөхөр орж ирээд таныг хүн байна гэж тоохгүй, би энэ хүнийг үйлчлүүлж суусны дараа харьцах ёстой гэж огт бодохгүй. Орж ирэнгүүтээ худалдагч та хоёрын дундуур шууд дайраад л юм асуух юм уу үйлчлүүлэх гээд зүтгэчихнэ. Тэр нөхөр өөрөө л үйлчлүүлж, авах зүйлээ авч байвал өмнө, хойно орж ирсэн, одоо хүн үйлчлүүлж байгаа нь ерөөсөө падлийгүй.

Гудманд машинтай явж байгаад цонхоор нь идэж ууж байсан зүйлийн цаас, хуванцар саваа хаячихна, тэр “монголд” өөрийнх нь машин цэвэрхэн байвал боллоо. Автобусанд суухын тулд хүүхэд, хөгшдийг унагах шахан дайрна, түрүүлж орохгүй бол суудалгүй болчихно.    

Тэндэр, хувьчлалаар нэг объект, газар олж авахын тулд “хүн алж, хүрээ талахаас” хүрээ талахаас буцахаа больсон “монгол бизнэсмэн”. Албан тушаал, эрэх мэдэлд хүрэхийн тулд бусдыг яаж ч хуурч молгидохдоо сийхгүй “монгол улс төрч”. Монголчуудын иймэрхүү маягаар амиа боддог зан үнэхээр муухай жигшмээр харагддаг.    

Х.Х: “Дэм дэмдээ, Дээс эрчиндээ” гэсэн ардын үг байдаг сан?

Б.Б: Бүх хүн ингэж нэгнээсээ тусламж авч байхад бусдын дэм авахгүй гэж байгаа хүн орчин тойрныхоо хүмүүсийн дургүйг хүргэдэг байхгүй юу.

Х.Х: Яагаад?

Б.Б: Бусдын дэм авахгүй гэснээрээ тусламж авах сонирхолтой олон хүний эсрэг зогсож буй хэрэг. Дахиад уг романаас эш татъя. Бүх хүн хэн нэгнээр дутаж, нэг нэгнийхээ тус дэмээр явж байхад Роарк хэнээр ч дутдаггүй, хэний ч туслалцаагүй амьдралаа болгоно. Бүгд түүнийг ойлгож, хайрлах боловч бас бүгд түүнд дургүйцнэ. Яагаад? Яагаад гэвэл, тэр бусад шигээ нялзархай байсангүй, бусдыг аялдан дагасангүй, бусдад долигоносонгүй. Хэн ч түүнийг байр сууринаас нь хөдөлгөж чадахгүй. Хүмүүс өөрсдөө тийм байж чадаагүйнхээ төлөө Роаркийг ойлгодог атлаа үзэн ядаж, сөхрөхийг нь хүлээж байдаг. Роаркийг хамгийн сайн ойлгосон хүмүүс Роаркт дургүй байдаг. Учир нь түүн шиг байж чадахгүйгээ мэддэг. Түүний тууштай, хөдөлмөрч, авьяаслаг, бусдад муу юм хийдэггүй, тэднийг аялдан дагалддаггүй байдал нь тийм байж чаддаггүй хүмүүсийг эхлээд гайхшируулдаг, дараа нь ичээдэг, улмаар айлгадаг, эцэст нь үзэн ядахад хүргэдэг.

Энэ бол ойлгомжтой атлаа ойлгомжгүй психологи, энэ бол экзистенциалистууд болон Фройдын хүмүүст өөрийг нь ойлгуулах гээд байсан психологи. Нөгөө хүн доторх хүн, жинхэнэ экзистенци нь юм.

Х.Х: Амьдрал тун чиг баялаг бөгөөд ээдрээтэй шүү дээ. “Давахгүй гэсэн даваагаараа 3 давахаас” өөр аргагүй болдог тохиолдол бий. Тэгэхээр эгоист хүний  хэнд ч туслахгүй, хэнээс ч тусламж авахгүй гэдэг юу л бол?

Б.Б: Нээрэн, бүгд л адилхан гуйдаг, царайчилдаг, арчаагүй байвал гоё л доо. Бүгд адилхан сэтгэж, бүгд арчаагүйтэж, бүгд аймхай зан гаргадаг юм чинь хэнээсээ ичих билээ. Гэхдээ бүгд гуйж царайчилдаг байвал гоё уу, эсвэл бүгд өөрсдийгөө болгоод явдаг бол илүү таатай юу!

Х.Х: Эгоистууд, либертари эгоистууд тэгээд хэнд ч тус хүргэхгүй юү?

Б.Б: Хэрэв тэд үзэл бодолд нь тохирсон бас тэгээд хөндлөнгийн шахалт, албадлага байхгүй бол бусдад тус хүргэж чаддаг.

Х.Х: Бас л нөгөө хөндлөнгийн оролцоог үгүйсгэсэн, албадлага байхгүй нөхцөл гэж ярих гээд байна уу?

Б.Б: Тийм. Либертари үзэлтнүүд хэзээ, хэнд туслахаа өөрсдөө мэднэ. Өөр шигээ хэнээс ч тусламж авах ёсгүй хэмээн бодож байдаг хүмүүст тусална. Либертари эгоистууд тусалъя гэсэн хүмүүстээ л тусална. Түүнээс бус ялхайж хэвтэж байснаа хэрэг болохоор тусламж авах гээд байдаг хүмүүст туслахгүй. “Надад тусалсангүй” гэсэн хүн бүрд туслахгүй. Бүхэл ертөнц өөрийнх нь төлөө байдаг хэмээн бодож явдаг хүмүүст туслахгүй. Орчин тойрныхоо бүх хүнийг “надад туслах ёстой” хэмээн бодож байдаг хүмүүст туслахгүй. Тусламжаар амьдрах нь гутамшигтай гэдгийг ойлгодоггүй хүмүүст бүр ч туслахгүй. Хэн нэгний тушааснаар, эсвэл хэн нэгнээс айж, бусдад муу хэлүүлэхээс эмээхдээ бусдад туслахгүй


 

Зарим алдартанууд өөрсдийгөө либертари үзэлтэй гэдгийг нийтэд зарладаг. Жишээ нь, АНУ-ын нэрт жүжигчин Клинт Ийствууд, Курт Рассэль нар өөрсдийгөө либертари үзэлтэй гэж зарласан байдаг (Зарлаагүй нэр цуутнууд маш олон бий). Ялангуяа Ийствууд Мэдисон дүүрэг дэх гүүр кинон дахь фото-сурвалжлагч, Гран Торино киноны ахмад дайчин-иргэний дүрээр амьдралын либертари хэв маяг, либертари хүнийг  маш чадамгай дүрсэлсэн.


Х.Х: Монголчууд уламжлал, психологиороо коллективизмын талд байдаг хүмүүс юм аа даа?

Б.Б: Уламжлал, түүх гэлтгүй, одоо ч гэсэн хүмүүс коммунизмын үед байсан шигээ ямар нэг зүйлийг худал, хуурамч гэдгийг мэдсээр байж түүний төлөө нийтээр алга ташихыг илүүд үзэж байна. Нийтээр хүлээн зөвшөөрдөг зүйлийн эсрэг байж, олонхын негатив хүчтэй тэмцэхийн оронд тэдний эгнээнд орж, санаа амар байхыг сонгож байна. Тэгээд өөрсөд шиг нь байгаагүй хүнийг гаж, солиотой гэх мэтчилэн хэлэх хэлэхгүй үгээр дууддаг. Эх сурвалж дээр гардаг шиг өөрсдийнхөө арчаагүй, аймхай, шударга бус байдлыг харахаараа өөрт нь муу юм хийгээгүй боловч өөр шиг нь байгаагүйн төлөө тэр хүнийг үзэн ядаж байна. Өөрсдийнхөө үнэн төрхийг өөрсдөө харахаасаа ичиж, айж байна. Тийм ч учраас тухайн зан чанараа өөрөөсөө нууна, тийм биш гэж өөртөө хүртэл итгүүлэхийг хичээнэ.

Х.Х: Философийн ютилитари онол ч гэсэн тоталитари, коммунлаг, коллективист үзэлтэй хам шинжтэй юм байна шүү дээ. Жэрэми Бэнтам (Английн философич. 1748-1831 он), Ж.С.Милль (Английн философич, улс төрийн эдийн засагч. 1806-1873 он) нар “хамгийн олон хүнд хамгийн их таашаал өгөх” зорилго тавихдаа хувь хүнийг золиослох хандлага гаргаж байсан. Гедонист, консикуанциалист үзэл зорилгодоо хүрэхийн тулд хувь хүнийг золиослох шинжтэй байдгаараа индивидуалист үзлийн эсрэг зогсдог юм биш үү?

Б.Б: Зөвшөөрч байна. Чухам энэ үзэл нь л эрх чөлөөний философийн эцэг болсон Жон Стюарт Миллийг либертари үзэлтнүүдээс холдуулдаг.

Х.Х: Айн Рэндийн Эх сурвалж дээр иймэрхүү санаанууд байх шиг байсан.

Б.Б: Айн Рэндийн Эх сурвалж шиг эгоизм, индивидуализмыг ингэж зоригтой, логиктой, философи үндэслэлтэй магтан дуулж, коллективизм, альтруизмын харгис, хуурмаг талыг нэвт шувт харуулсан бүтээл байхгүй биз.

Х.Х: Нээрэн, энэ романыг уншчихвал чиний ярих гээд байгаа зүйлийг амархаан ойлгочих юм биш үү!

Б.Б: Тэгнэ. Зөвхөн энэ роман биш, Сайтар эргэцүүл! жүжиг, Магтуу дис-утопи туужийн алийг нь ч уншсан болно. Бүгдийг нь уншвал бүр ч сайн. Бид эгоизмыг огт ойлгодоггүй байж. Өөрийгөө огоорохуйн эсрэг өөрийгөө бодохуй, хамт олонч үзлийн эсрэг хувь хүнийг дээдлэх үзэл. Энэ ойлголтод ердийн ухамсрын түвшинд ойлгодгоос хамаагүй гүнзгий утга бий.

Хувийн сонирхолдоо хөтлөгдөөгүй нийгэм яагаад ч хөгжих аргагүй гэдэг нь А.Смит, А.Рэнд нарыг уншсан хэн хүнд ойлгомжтой. Нийтийн төлөө гүйгээд байгаа хүн Рэндийн дээрх зохиолын нэгэн баатрын хэлснээр “хүний мөн чанарт харш” хүн. Хайкийн Боолчлогдох зам-д өгүүлснээр “энэ ертөнц, хүмүүс хувийн сонирхолтой байж л хөдөлж байхаар зохион байгуулагдсан.”

Ер нь, улс-орны хөгжил, соёл иргэншил альтруизм дээр биш эгоизм дээр тулгуурласаар ирснийг түүх харуулдаг.

Х.Х: Альтруизм буюу бусдын төлөө өөрийгөө золихуйн дутагдалтай талыг гаргаж тавих ч амаргүй байх шүү?

Б.Б: Энэ нь хүний мөн чанарт харш учраас харин ч амархан. Олон юм яриад байх ч шаардлагагүй. “Би бусдын төлөө амьдардаг” гэж яриад байгаа хүнд яг дэргэд нь байгаа тусламж шаардлагатай өч төчнөөн хүнийг заагаад тэдэнд туслаач гэж хэлээд үзээрэй. (Түрүүн хэлсэн шүү дээ.) Тэгэхэд ямар нэг шалтгаан хэлээд л тэр хүмүүсийн төлөө өөрийгөө золихоос ямагт зайлсхийнэ. Бололцоотой, асар их мөнгө, хөрөнгөтэй байсан ч туслахгүй. Тэгсэн атлаа бусдыг болохоор тэр хүмүүст туслах үүрэгтэй гэнэ. 

Ийм зан төрхийг улс төрчид л маш тод харуулдаг. Энэ нь сонгогчдодоо хандан “Би таны төлөө хамаг хүч чадал, бололцоотой бүхнээ зориулна”, “Би бусдын төлөө шатаж, харанхуйг гэрэлтүүлнэ” хэмээн засгийн эрхэнд гарчхаад юу ч хийдэггүй, түүгээр үл барам улсын мөнгийг хувьдаа гувчуулдаг тэдний хуурмаг амлалтаар илэрдэг. Тусална гэж үүнийг хэлдэг юм бол хэн ч чадна, тийм биз дээ?

Х.Х: “Бусдын төлөө өөрийгөө золих” буюу альтруист үзлийн талаар урьд тэс өөр ойлголттой явжээ. Горькийн Данко мэтийн хүмүүс бидний үлгэр дуурайл болж байлаа. Зүрхээ суга татаж харанхуйг гэрэлтүүлэн, бусад хүмүүст явах замыг нь гэрэлтүүлж өгдөг үлгэр-домгийн баатар нэгэн. Гэхдээ, бид Данко яагаад хүмүүст таалагддагийг нухацтай эргэцүүлдэггүй байсан юм уу даа. Үнэндээ, Данко хүн бүрийн хувиа хичээх сэтгэлийг хангаж, өөрийгөө бодох бололцоог нь хэрэгжүүлж өгсөнд хүмүүс талархдаг юм байна.


М.Горькийн Изергиль эмгэн зохиолын 3-р хэсэгт Данко зүрхээ суга татан харанхуйг гэрэлтүүлэн олон түмнийг замчлан дагуулж буй тухай дэврүүн дүрслэл гардаг.


Б.Б: Тийм ээ, бусад хүнтэй адил өөрийгөө бодох эрхтэй нэгэн (Данко) өөрийгөө золиосолсонд алга ташиж, баяр хүргэдгээрээ альтруизм харгис шинжтэй. Альтруизм хувь хүнийг нийгмийн бичил хэсэг, дээр нь юу ч бичиж болох цагаан цаас, юу ч хийж болох баримлын шавар, бусдын төлөө золиослогдох ёстой золиг-барам мэтээр үзнэ. Түүхэнд ийм харгис үзэл онолыг үндэс сууриа болгосон хоёр нийгэм байсан, тэдгээр нь ажилчин ангийг дээдэлдэг коммунист, ари үндэстнийг шүтдэг фашист нийгмүүд юм.

Х.Х: Гэхдээ, байгаль дээр альтруист шинжтэй үйлдлүүдийг амьтад хийдэг биз дээ? Ялангуяа сүргийн амьтдад өөрийгөө золиослох үзэгдэл гардаг.

Б.Б: Тийм ээ, өөрийгөө огоорохуй нь юу хийж байгаагаа ухамсарладаггүй, байгалиас өгөгдсөн кодод захирагдаж байдаг амьтанд л их байдаг үзэгдэл. Харин хүнд өөрийгөө бодож бай гэж оюун ухаан заяасан байдаг. 

Нийгэмд болохоор өөрийгөө огоорогч нь хувь хүний үүдэлтэй юм бүхнийг нухчин дарахын тулд хамт олонч үзлийг баримтална.

Х.Х: Эх сурвалж-ийн Түүхэй шиг үү?

Б.Б: Тийм, Түүхэй бол коллективистуудын сонгодог дүр. Энэ аймшигт дүр өөрийгөө хайрладаггүй хүн, бусдыг хайрлана гэж огт байдаггүйг харуулдаг. Түүхэнд их хядлага үйлдсэн хувьсгалчид иймэрхүү фанатикууд байсан. Түүхэй гэгч тэр коллективист хамт олны дунд оюун ухаан, авьяас чадвар, зан чанараараа хэн нэг хүн, тухайлбал, өөрөө (Түүхэй) давамгайлж байдгаа аль болох нуух гэж оролддог ...

Х.Х: Үнэхээр, эрүүл ухаантай л юм бол хүн өөрийгөө болон гэр бүлээ огоороод тэс өөр хүмүүсийн төлөө зүтгээд байхгүй нь лавтай. Тэр тусмаа өөрийнх нь амьдрал боломжтой биш байхад бусдын төлөө гүйгээд байх шиг утгагүй, авцалдаагүй зүйл яаж байх билээ.

Б.Б: Тийм шүү дээ, Бастиагийн хэлснээр “Нэг нь нийтийн төлөө” гэчхээд араас нь хурдхан шиг “Нийт нь нэгийн төлөө” гэхгүй бол хэн ч тэр уриа лоозунг сонсохыг хүсэхгүй. Ер нь, боол хүн л бусдын төлөө явах сэтгэхүй, хувь тавилантай төрсөн байдаг. Түүнд “Эго-Би”-гээ бодох эрх байхгүй. Эрх байсан ч түүнийхээ төлөө тэмцэх санаа-сэдэл оюун ухаанаас нь арчигдсан байдаг. Тэрээр юуны түрүүнд оюун санаа, ухамсраараа боол байдаг. Ийм учраас “боол гэдгээ ойлгочихсон боол бол хэдийнээ боол биш болсон байдаг” гэдэг нь үнэн.

Х.Х: Нээрэн, “Нэг нь нийтийн төлөө” гэдэг лоозун чинь яг чиний яриад байгаагийн эсрэг лоозун байна шүү дээ.

Б.Б: Утгагүй лоозун. Би өөрөөсөө арай арчаа муутай хэдэн хүний төлөө нэлээд хугацаанд зүтгэж гэж бодъё. Нэг л өдөр надад “би эднээс илүү юм байна, тийм учраас энэ хэд миний үгээр явах ёстой” гэсэн бодол төрж таарна (Хэрэв тэд миний үгэнд орохгүй өөрсдийнхөөрөө явж алдаа гарган, би түүнийг нь засах гэж баахан хүч хөрөнгө зараад байх юм бол би боолоос өөрцгүй болно. Ямар ч эрхгүй, дан ганц үүрэг хүлээсэн ийм хүнийг боол гэдэг). Ингэж бодох эрхийг тэд өөрсдөө надад өгсөн юм чинь. Тиймээс би тэдэнд зааж зааварлан, тушаал өгч, өөрийгөө тэднээс дээгүүр тавьж эхэлнэ. Би ингэх эрхтэйгээ сайн мэднэ. Учир нь тэд надаар юмаа хийлгэдэг.

Х.Х: Ийм учраас л улс төрчид дээрх лоозунд дуртай байдаг юм байна. Сонгогчид нь хувиа бодсондоо өөрийг нь зарах гээд байгааг мэдэж байгаа учраас улс төрчид “би та нарын төлөө амь хайргүй зүтгэнэ”, “та нарын зовлон шаналлын төлөө би шатахгүй юм бол өөр хэн шатах вэ” гэж сүржигнэдэг байх.

Б.Б: Гэтэл тэгж ярьж буй хүний үзэл бодол, үг хэл, үйл хэрэг гурав хоорондоо зөрчилдөж байдгийг сонгогчид анзаардаггүй. Түүний үг хэл, үзэл бодолтойгоо таарч байж болох юм. Энэ бол бага хэрэг. Хамгийн гол нь үг хэл, үзэл бодол хоёр нь үйл хэрэгтэйгээ таарах ёстой. Жинхэнэ шалгуур бол үйл хэрэг. Түүнээс биш сайхан юм ярьж, сайн зүйлийн тухай бодож мөрөөдөх шиг амархан юм хаана байх билээ.

Ярьж байсан зүйл уруугаа эргэн ороход, энэ бүхнээс гадна улс төрчдөд арчаагүй нөхдийн төлөө гүйх шалтгаан байдаг. Энэ шалтгаанаа тэр өөрөөсөө хүртэл нууж байдаг болохоор хүмүүс мэдэхгүй байх нь аргагүй. Тэр нууц шалтгаан бол “Одоо би эдний төлөө явбал хожим эд миний төлөө хошуурцгаана” гэдгийг мэдэж байдаг явдал. Тэгэхээр энд бас л өөрийгөө бодох сэтгэл давамгайлж байна. Товчоор хэлбэл, тэр улс төрч өөрийгөө бодсондоо бусдыг бодсон юм.

Х.Х: Гэхдээ хоёулаа “Нийт нь нэгийн төлөө!” гэсэн лоозун байдгийг мартаж болохгүй шүү дээ!

Б.Б: Наад лоозун чинь сонсоход сайхан боловч нухацтай эргэцүүлээд үзэхэд хамгийн туушгүй, хуурамч агуулгатай байдаг юм.

Х.Х: Жаахан тодруулаад, ойлгомжтой болгоодхооч!

Б.Б: “Нийт нь нэгийн төлөө!” Энд хүн бүр “нэг” гэдгийн доор өөрийгөө ойлгож, хүмүүс нийтээрээ миний төлөө зүтгэх уриа-лоозун дэвшүүлж байна гэж боддог учраас энэ уриа сайхан сонстдог.

Нөгөө нуух гээд байсан эгоизм нь ил гарчихлаа. Ёс суртахууны ийм зарчмыг эсэргүүцэх юм бол сүүлд нь яах вэ, хүнээс туслалцаа авч чадахаа болино шүү дээ. Тиймээс энэ уриаг дэмжээд, хүн юм өгвөл аваад байх хэрэгтэй. Ө.х. хүнээр юмаа хийлгэх, бусдын хөдөлмөрийг завших, хүний араар суух, бусдын нөөлөг доор амьдрах дуртай хүмүүс энэ лоозунд их татагддаг. Үүнийг нь үгүйсгэчихвэл амьдрах аргыг нь устгах гэж байгаатай адил сонстдог тул энэ лоозунгоо харин ч нэг үхэн хатан хамгаална даа.

Х.Х: Улс төрчид л ийм юм их ярьдаг даа. Ялангуяа сонгуулийн үед ...

Б.Б: Цаадуул чинь өөрсдөдөө унацтай ашиглахаа мэднэ л дээ. Энэ лоозунг ашиглаж байгаад буянтны дүр эсгэн, улсын сан хөмрөгөөс өглөг тарааж эхэлдэг. Тэд тарааж буй мөнгөнийхөө тухайд “улсын мөнгө”, “төрийн мөнгө” гэсэн үг хэрэглээд байдаг болохоос тийм мөнгө гэж хаана байх вэ дээ. Жинхэнэ утгаараа төрийн мөнгө, улсын мөнгө ч гэж байхгүй (тэд ямар мөнгө тарих биш), “Үнэгүй хоол ч гэж байдаггүй”. Гэтэл төрд байдаг хүмүүс мөнгө гэдгийг хэн нэгний хүч хөдөлмөр, цаг хугацаагаар бүтсэн зүйл гэдгийг ойлгодоггүй, тэнгэрээс бэлнээр буугаад ирдэг мэтээр төсөөлдөг. Тийм ч учраас их өгөөмөр дүр гарган, нэг иргэнээс авсан мөнгөө нөгөөд түгээж эхэлдэг. Үрэн таран хийж буй энэ баялгийг өөрсдөө бүтээгээгүй болохоор арвилах, хэмнэх бодол тэдний хүйтэн цэвдэг сэтгэлд огт орохгүй. Нэгнийх нь хармаанаас аваад,  нөгөөд нь өгч байгаа зүйл үнэгүй зүйл гэж үү. Дахин хэлэхэд, “үнэгүй хоол гэж хаана ч байдаггүй.”

Х.Х: “Үнэгүй хоол” гэж халамжийг хэлээд байна аа даа, янз нь?

Б.Б: Тийм ээ, Монголд социализм бодитой оршиж, улс төрчид нь социалист сэтгэлгээтэй хэвээр байгааг харуулдаг нэгэн зүйл бол халамжийн бодлого юм. Стэйтистүүдийн хэвлэл, мэдээллээр байнга ярьж, өөрсдийгөө “шоудаж” байдаг зүйл бол энэ: янз бүрийн шалтаг гаргаж байгаад мөнгө тараах явдал.

Х.Х: Нийгмийн эмзэг хэсгийнхнийг халамжлахад юу нь буруу байна. Нийгмийн баялгийг дарга нар л хэрэглэх ёстой биш юм байгаа биз дээ?

Б.Б: Харин тийм ээ. Гэхдээ угаасаа дарга нар нийгмийн баялгаас 100% хэрэглэж байхад жирийн иргэд 0.1% ч хэрэглэж чаддаггүй шахуу л байхгүй юү.

Тэгээд ч бид хувь хүнд өөрт нь хариуцлага ногдуулсан төртэй байхыг хүсдэг. “Буянлаг төр” (эсвэл “халамжийн төр” ч гэдэг юм уу) гэх мэт нэгээс нь авч, нөгөөд нь өгдөг төрийн үйл ажиллагааг бололцооны хэмжээнд бага байлгахыг зорино.  “Үнэгүй хоол гэж байдаггүй”. Төрөөс танд өгсөн ямар нэг зүйлийн төлбөрийг өөр хэн нэгэн хийсэн гэдгийг бүх хүн ухамсарласан цагт бусдыг мөлжихөөс татгалзах болно. Хүн бүр өөрийгөө хариуцдаг байх нь төрийг минимум хэмжээнд байлгах нэг үндэс мөн.


“Алтан загасны үлгэр” эсвэл Араб дахины үлгэрт гардаг шидэт бөгжийг эзэмшсэн хүн л “үнэгүй хоол” тараадаг. Амьдрал дээр бол баялгийг хэн нэг хүн цаг хугацаа, хөлс хүчээ заран байж бий болгодог. 


Х.Х: Улс төрчид “нийт нь нэгийн төлөө” гэсэн лоозунд дуртай байх өөр нэг бодит шалтгаан байдаг аж. Магадгүй, энэ нь хамгийн гол шалтгаан байж ч мэднэ. Тэд энэ урианы доор асар их хөрөнгө, мөнгийг хуваарилан зарцуулахдаа дундаас нь өөрсдөдөө маш их зүйл унагадаг юм байна.

Б.Б: Тийм ээ, тэгэхээр шулуухан хэлэхэд, хамгийн үнэн бөгөөд зөв лоозон бол “Нийт нь нэгийн төлөө” биш, “Нэг нь нийтийн төлөө” бүр ч биш, харин “Өөрөө өөрийнхөө төлөө” болно.

Х.Х: “Өөрөө өөрийнхөө төлөө” гэнэ үү? Ёстой бэртэгчин уриа байна! Бодож эргэцүүлэх ч шаардлагагүй, муу муухай, өөдгүй гэдэг нь алган дээр байгаа юм шиг ил байна гээд цаадуул чинь авч өгөх байх даа!

Б.Б: Бид хоёрын яриа эргээд эгоизм уруу орчихлоо. “Хүн өөрийгөө л боддог” мөн чанартайг Адам Смит аль хэдийнээ хэлсэн боловч хүмүүс үүнийг ёс зүйн үүднээс нэг их анзаарахгүй явсаар иржээ (лав л, миний уншсан зохиолуудад эдийн засгийн утгаар авч үзсэн байдаг болохоос ёс зүйн анализ хийсэн нь тааралдаагүй). Гэтэл амиа бодохуй нь капитализмын үндэс, ө.х. өнөөгийн дэлхийн хөгжил, тэргүүний техник, технологийн үндэс гэсэн үг.


“Бидний өмнөх ширээн дээр буй хоол унд, махны худалдаачин, шар айраг исгэгч, талхчдын сайхан сэтгэлийн биш харин тэдний хувиа хичээсэн (онцлов. Б.Б) үйлдлийн үр дүнд бий болдог.”       Адам Смиm


Х.Х: Хэлж буй зүйлээ нотлох шаардлага гарна даа?

Б.Б: Адам Смит Үндэстний баялаг зохиолдоо “Бидний өмнөх ширээн дээр буй хоол унд нь махны худалдаачин, шар айраг исгэгч, талхчдын сайхан сэтгэлийн биш харин тэдний хувиа хичээсэн үйлдлийн үр дүнд бий болдог” (Онцлов. Б.Б) гэсэн. Үүнийг нь капитализмын хөгжил нотолсон юм. Онолын болон практикийн үүднээс батлагдчихсан баримтлал. Гол нь хувь хүнд өөрт нь унаж буй ашиг л даа. Энэ нь бүх зүйлийн хөдөлгөгч хүч болж байна.

Х.Х: Ашиг гэж юу юм бэ? Энэ талаар яриагүй юм байна. Эдийн засгийн сэдвээр ярихдаа орхигдуулчихаж. Товчхон тодорхойлолт өгөөч?

Б.Б: Энэ бол эдийн засгийн утгаараа, “тодорхой үйл ажиллагаа явуулсны дараа зарлагаа нөхөөд илүү гарч буй хөрөнгө, мөнгө” гэсэн үг. Ямар нэг үйл ажиллагаа явуулаад ашиг олох явдал хэр зэрэг самбаа сэхээнээс хамаардаг. Ротбардын хэлснээр, “ашиг гэдэг бол түүнийг хийж буй бизнэс эрхлэгчдийн оюун санааны үзүүлэлт”.

Х.Х: За тийм байж, яриандаа эргэж оръё. “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” гэсэн энэ лоозунг чи шүүмжлээд байх юм. Энэ лоозун чинь хүмүүсийн сэтгэлийг их татдаг даа, уг нь.

Б.Б: Тэгж яривал, энэ лоозун дээрх шүүмжлэлээс илүү муу үр дагавартай. “Нийт нь нэгийн төлөө, нэг нь нийтийн төлөө” гэсэн уриа хүмүүсийг өөртөө биш бусдад найддаг, тэгснээрээ амьдралдаа арчаагүй хүн болгодог. Улмаар улс-орны хөгжилд муугаар нөлөөлнө. Хэрэв энэ хүмүүс үнэхээр улс-орон, ард түмнээ хөгжүүлэхийг хүсээд байгаа юм бол юуны түрүүнд бие даагаад өөрсдийгөө аваад явчих хэрэгтэй. Тэгж чадвал бусдад, эх орон-ард түмэндээ үнэхээр том тус болно.

Х.Х: Эгоист хүний үйл ажиллагаа амжилтгүй болбол яах вэ? Бүх юм минийх гэж байгаа хүн юм чинь алдаа нь бас түүнийх биз!

Б.Б: Гарцаагүй. Эгоист хүн “амжилт бүтээл төдийгүй алдаа дутагдлынхаа хариуцлагыг өөрөө үүрдэг”. Эрх чөлөөт нөхцөлд гаргасан шийдвэрийнхээ үр дүнг өөрөө бүрэн хариуцдаг тэр хүн бол эгоист. Тэрээр амьдралдаа гаргасан амжилт ч минийх, алдаа ч бас минийх хэмээнэ.

Эгоист хүн “өөрөө өөрийгөө даая, нэг нэгэндээ тээр болохоо больё” гэдэг. Тэд хэн нэг дарга, тэр тусмаа хамт олон минь ирээд надад туслах болов уу хэмээн харж суудаггүй. Өөрөө, өөрийнхөө төлөө тэмцдэг.

Х.Х: Үнэн л юм. Гэхдээ хүмүүсийн дасаж сурсан зүйл, амьдралын арга барилд хэтэрхий харш юм даа?

Б.Б: Бидний амьдралын арга барил буруу байгаа бол өөрчлөх ёстой шүү дээ. Одоо ихэнх хүн “Хэн нэгэн маань өөрийнхөө хүчээр хоёр нүүр гаргахгүй, зарчимтай, шударга амьдраад эхлэх юм бол жинхэнэ аюул гэдэг чинь тэр, зарим нь түүнийг дуурайвал одоогийн энэ тайван амьдрал алга болно, нэг гайтай юм гарч ирээд арчаагүй ч гэсэн амар амгалан байдалд маань заналхийлж шинэ юм гаргаад ирэх вий, өөрөөр сэтгэж амьдралын хэв маягийг минь өөрчлөх вий, дахиад нэг өөрчлөлт гарчихгүй байгаа, түүнд нь зохицох гэж бөөн юм болно” гэж боддог болчхож.

Х.Х: Одоо үнэн нь худлаасаа, жинхэнэ нь хулхиасаа айдаг үзэгдэл бизнес, улс төр, танин мэдэхүй гээд хаа сайгүй байна. Хулхи бизнесмэн, хулхи улс төрч, хулхи эрдэмтэн-судлаачид, Бүгд л хулхи.

Б.Б: Ийм хүмүүс ухамсартай, ухамсаргүй ямар нэг байдлаар капитализмын дайсан болдог. Иймэрхүү коммунчлагдсан зан бидний түүх, уламжлал, ёс заншилд байсан, одоо ч байна, харин бидний ирээдүйгээс алга болох болтугай!

Х.Х: Тэгэхээр либертари үзэлтнүүд хүмүүсийн эрхэмлэдэг бүх зүйлийг нулимаад хаячихлаа. Одоо тэгээд яах вэ?

Б.Б: Нэгд, бүх зүйлийг гэдэг чинь худал. Хоёрт, нулимсан юм биш. Нүцгэн үнэнийг шууд хэлж байна. Рэндийн боловсруулсан объективист арга зүй бол бидний зарчим (Рэнд, арай ч дээ гэмээр шулуухан хэлдэг байв шүү дээ). Oбъективист арга зүйгээр “саарал байр суурь” бол хамгийн хорлонтой. А-г А гэх ёстой. Түүнээс бус А бол –А биш, А бол +А ч биш (А=А;  А≠-А;  А≠+A).


Либертари үзлийн суурь зарчмуудыг тодорхойлоход асар их үүрэг гүйцэтгэсэн сэтгэгч Айн Рэнд


Х.Х: “Нэг нь нийтийн төлөө” буруу, “нийт нь нэгийн төлөө” бас буруу. Одоо тэгээд яах вэ?

Б.Б: “Өөрөө, өөрийнхөө төлөө”!

Тэгэхээр хүмүүсийн нэгнийхээ төлөө хийж болох хамгийн сайн үйл бол бусдын хэрэгт оролцохгүй байх явдал юм. Яах аргагүй оролцох нөхцөл байдал тулгарах аваас заавал зөвшөөрөл авах хэрэгтэй. “Хэн нэгэн миний төлөө хэчнээн сайн сайхан зүйл хийх байлаа ч заавал миний зөвшөөрлийг авсан байх ёстой” хэмээх либертари зарчим бол ёстой л хаширсан хүний үг. Бид түүхэнд байсан олон “сайн удирдагчийг” мэднэ. Бүгд миний сайн сайхны төлөө гэсэн лоозунтай гарч ирдэг. Тэр ч бүү хэл, ганц хоёр сайн сайхан зүйл хийж байсан тохиолдол ч бий. Гэхдээ л эцэст нь би түүний тусын хариуд эрх чөлөөгөө өгөх хэрэгтэй болдог. Өмнө хэлж байснаар, тэр хүн нэгэнт миний боол биш болохоор буруу шийдвэрийн минь хариуцлагыг дандаа хүлээгээд байхыг хүсэхгүй, миний өмнөөс шийдвэр гаргаж эхэлнэ, улмаар яаж амьдрахыг минь  зааж зааварлана.

Ийм учраас либертари үзэлтнүүд хүний хэрэгт оролцох хийгээд өөрийнхөө хэрэгт бусдыг оролцуулах дургүй байдаг юм.

Х.Х: Гэтэл улс төрчдийн хийдэг үндсэн ажил хүний хэрэгт оролцох, удирдах, зааж зааварлах явдал биз дээ?

Б.Б: Яг үнэн. “Социалист улс төрчид ямар хувцас өмсөх, биеэ яаж авч явахыг зааж зааварлан, таны ээж шиг аяглана. Консерватив улс төрч болохоор бүхнийг мэдэж, дээрээс сургаал айлдан аав шиг чинь аашилна. Харин коммунист улс төрч бол хэзээ ч алгадаад авч мэдэх хойд аав л гэсэн үг. Тэгвэл либертари үзэлтнүүд таныг гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг бүрэн хүлээж чадах нас биед хүрсэн хүн хэмээн хүндэтгэлтэй харьцаж, таны хэрэгт үл оролцоно.

Амжилт таных байдагтай адил алдаа ч мөн таных. Та аль алиныг нь хариуцна. Амжилт болохоор өөрөө хүртчихээд, алдаа гарахаар бусадтай хуваалцах гээд байх юм бол либертари үзэлтэн биш. Хүнд алдах эрх байх ёстой. Харин тэр алдааг өөр нэгэн үүрэлцэх ёсгүй. Амжилтыг амтат жимс гээд, алдааг аюумшигт хор лугаа үзэж болохгүй. Тэгэхээр либертариудын үзэж байгаагаар амжилт, алдаа хоёр нь либертари үзэлтэй хүний хоёр багш мөн

 


Эхний яриа: Нэгэн “хачин жигтэй” үзлийн тухай

Хоёр дахь яриа: Төр бага бол зардал бага

Гурав дахь яриа: Хууль хэрхэн гууль болдог вэ?

Дөрөв дэх яриа: Зөнд нь орхичих, дэлхий өөрөө эргэдэг юм!

Тав дахь яриа: Хувийн өмч vs улсын өмч

Зургаа дахь яриа: Олонхийн дарангуйллын эсрэг хувь хүн

Долоо дахь яриа: Амиа бодоход учир бий

Найм дахь яриа: Намайг хэн мэдэх ёстой вэ, төр үү эсвэл би өөрөө юү?

Ес дэх яриа: Эрх чөлөө, эрхийн талаарх өмнөх сэдвээ үргэлжлүүлье

Арав дахь яриа: Либертари үзэл улс төрчдийн багийг хуу татдаг

Арваннэг дэх яриа: Эс сонголт нь өөрөө сонголт мөн

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна