Их хааны онгоны эрэл

2015 оны 11 сарын 12

Дэлхийн талыг эзэлсэн Их эзэнт гүрний эхийг тавьсан эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр өнөөдөр /XI.12/ тохиож байна. Чингис хааны төрсөн өдрийг билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тэмдэглэж байхаар тогтож, энэ өдрийг Монгол бахархлын өдрөөр зарласан билээ.

13-р зууны үеийн монгол цэрэг

Найман зууны тэртээ амьдарч, агуу их үйлийг бүтээсэн Чингис хааныг гадны судлаачид ихээр сонирхдог. Чингис хааны судалгааны хамгийн чухал хэсэг нь түүний онгоныг олох хайгуулын ажил юм. Чингис хааны онгоныг олсноор дэлхийн түүхэнд шинэ хуудас нээж, хүн төрөлхтний соёлд том хувь нэмэр оруулна хэмээн археологич, судлаачид үзэж байна. Гэвч Чингис хааны онгоныг олох хайгуул нэг талаасаа бүтэшгүй мөрөөдөл юм. Чингис хааны онгоныг хэн ч олохгүй байхад 800 зууны тэртээ үр хойч нь санаа тавьсан. Түүгээр ч зогсохгүй монголчууд бид их хааныхаа онгонд хэнийг ч гар хүргэхийг хүсдэггүй. 1990-ээд оноос хойш дэлхийн олон орны судалгааны баг, археологийн хүрээлэнгүүд Монгол улсад Чингис хааны онгоныг олох хайгуул хийж иржээ. Гэвч тэдний ихэнх нь монголын ард түмний эсэргүүцэл дургүйцэл дунд зорилгодоо бууж өгсөн байна. Өнөөг хүртэл хэн ч Чингис хааны онгоны байршлыг илрүүлж чадаагүй байна. Сүүлийн үед сансрын хиймэл дагуулын технологийг ашиглах болсноор Монгол улсын газар нутагт 60 орчим илрээгүй бунхан байгааг газрын зураг дээр олж тэмдэглэжээ. Энэ дагуу олон малтлага, судалгаа хийсэн байдаг.

Таамаглал нэг

Чингис хаан бол Каспийн тэнгисээс Шар тэнгис хүртэлх уудам газар нутгийг эзэлсэн их гүрнийг үндэслэсэн хүн. Иймд түүний онгон харь оронд байхыг үгүйсгэхгүй. Гэвч судлаач, түүхчид Чингис хааны онгоныг түүний төрсөн нутаг хэмээн нэрлэсэн Хэнтий аймагт байх магадлал илүү өндөр хэмээн үзэж байна. Учир нь Монголын нууц товчоонд өгүүлснээр “Чингис хаан төрсөн нутгийнхаа ууланд ан хийж явахдаа нэгэн модны дор түр амсхийн эргэн тойрныхоо үзэсгэлэн бишрэн харах зуураа “Юутай үзэмж төгс! Намайг энд нутаглуулаарай” хэмээн захижээ. Түүнчлэн түүхч, профессор Бадамхатан “Хэнтий аймагт Их хориг /Бурхан халдун/ гэх уудам уулархаг бүс бий. Энэ нь 240 кв/метр онгон зэлүүд газар нутгийг эзэлдэг. Тэнд л Монголын их хаадын онгонууд бий” хэмээн 1980-аад онд бичжээ. Мөн Америкийн “Motherboard” телевизийн сэтгүүлч Бен Ричмонд хэлэхдээ “Монголчууд хамгийн ариун дагшин газартаа археологичдыг хэзээ ч нэвтрүүлэхгүй. Чингис хааныг Монголын халдашгүй дархан газар онголсон гэж үздэг. Эдгээр газар “Их хориг” –т багтах бөгөөд гадныхны хувьд хориотой бүс юм” гэжээ. Зарим судлаачид Чингис хааныг дархан цаазат ууланд оршуулсан гэх таамаглалыг дэвшүүлдэг. Чингис хааны онгоныг Монголын мөнх цэвдэгт уулын гүнд байгуулсан тул хэн ч олохгүй бас сансрын хиймэл дагуулд илрэхгүй байгаа аж.

Таамаглал хоёр

“Атга нөж” зохиолдоо Төрийн шагналт, Ардын уран зохиолч, СГЗ Б.Лхагвасүрэн Чингис хааны онгоныг гол, мөрний дор нуусан байх санааг дэвшүүлсэн байдаг. Зохиолд өгүүлснээр гол, мөрний голдрилыг албаар өөрчилж, Чингис хааны онгоныг байрлуулсныхаа дараа буцааж сэргээсэн байна. Магадгүй хэн ч гол, мөрний дор Чингис хааны онгоныг хайгаагүй тул одоог хүртэл олдоогүй байж болох.

Алберт Ю-Мин Ли

АНУ-ын Калифорнийн их сургууль дахь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн Калифорни хүрээлэнгийн төслийн тэргүүн, судлаач доктор Алберт Ю-Мин Ли Чингис хааны онгоны эрэлд бүхнээ зориулж өөрийгөө орчин цагийн Индиан Жонс хэмээн нэрлэх болжээ. Алберт Ю-Мин Ли хайгуулынхаа явцад Монголын тал нутгийг морь унан туулж байсан гэнэ. Тэрбээр 2010 онд виртуал хайгуулын систем ашиглан 6000 кв/метр талбайд судалгаа хийж, ямар нэгэн зүйл илэрсэн 84 мянга гаруй байршилд тэмдэг тавсан байна. Түүний энэ ажилд 10 мянган сайн дурынхан оролцож, 30 мянган цагийг энэ ажилдаа зарцуулжээ. Эдгээр 100 байршлыг онцгойлон авч үзэж, 55 газарт археологийн олдвор байгааг тогтоосон байна. Тэрбээр АНУ-д төвтэй Үндэсний газарзүйн нийгэмлэгтэй хамтран нэгэн толгодыг Чингис хааны онгон хэмээн үзэж судалсан нь бүтэлгүйтсэн удаатай.

Чингис хааны үхлийн нууц

Чингис хааны үхлийн талаар “Тэр Каажу гэж нэрлэгдэх цайзыг эзлэх тулааны үеэр өвдгөндөө шархтсан. Улмаар шархаа даалгүй таалал төгссөн. Энэ бол баатарлаг эр, цэцэн мэргэн нэгний хувьд маш эмгэнэлтэй төгсгөл байлаа” хэмээн Марко Пологийн аяллууд /The Travels of Marco Polo/ номын 50-р бүлэгт бичжээ. Харин Монголын нууц товчоонд Чингис хаан Тангудыг дайлж яваад Улаагчин гахай жилийн билгийн тооллын долоон сарын 12-ны шарагчин үхэр өдөр аргын тооллын 1227 оны 8-р сарын 25-нд өвчний учир таалал төгссөн хэмээн тэмдэглэсэн байдаг.

Чингис хааныг онголсон тухай домог

Чингис хаан онгоныг хэн ч мэдэхгүй, олохгүй байлгахын тулд бунхныг барьсан боолууд, зохион бүтээгчид болон гашуудах ёслолд оролцсон нийт 2000 хүнийг цэргүүд хөнөөсөн гэдэг. Үүний дараа тэдгээр 800 орчим цэрэг өөрсдийнхөө амийг егүүтгэж, өргөсөн тангаргаа биелүүлжээ. Чингис хааныг онголох ёслолыг нүдээр үзсэн цөөн хэдэн хүн амьд үлдсэн нь гэр бүлийн гишүүд, үр хойч нар нь байсан гэдэг. Домогт өгүүлснээр онгоныг хамгаалуулахын тулд 50 орчим дархад гэр бүлийг ойр орчимд нь амьдруулж, тэднийг хориглосон бүсээс гаргахгүй, бас хэнийг ч оруулдаггүй байжээ.

Б.АНХТУЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна