Ардчиллын сувд

2015 оны 11 сарын 12

 

Мьянмарын Ардчиллын Төлөөх Үндэсний Лиг Намын тэргүүн, ардчиллын зүтгэлтэн Ан Сан Су Чи-г мэдэхгүй хүн ховор билээ. Ан Сан Су Чи хэмээх нэр нь түүний аав Ан Сан эмээ Су болон ээжийнх нь Чи нэрийн нийлбэр бөгөөд бүхэлдээ Ялалтын Цуглуулга гэсэн утгыг илэрхийлдэг.

 

 

Ан Сан Су Чи нь гурван хүүхэдтэй айлын отгон нь болж, 1945 оны зургаадугаар сарын 19-ний өдөр төрсөн бөгөөд Мьянмарын Янгун хэмээх газар төржээ. Энэ жил тэрээр 70 настай.

 

Түүний эцэг Ан Сан нь Мьянмар Улсыг Их Британийн колоничлолоос гаргасан чөлөөлөх армийг удирдаж явсан улс төрийн түүхэн зүтгэлтэн, ард түмэндээ нэртэй хурандаа хүн байсан боловч 1947 онд бусдын гарт амиа алджээ.

 

Ан Сан Су Чигийн ээж нь ч мөн адил улс төрд өөрийн гэсэн мөртэй хүн байжээ. Түүний ээж Хин Чи нь 1960 онд Мьянмараас Энэтхэг Улсад суух элчин сайдаар томилогдон ажиллаж байв.

 

6 настай Ан Сан Су Чи

 

Ийнхүү эцгээ алдсан Ан Сан Су Чи ээжийгээ даган Энэтхэгт амьдрахаар нүүн очжээ. Удалгүй буюу 1964 онд Нью Делигийн Lady Shri Ram коллежийг улс төрийн ангийг төгсөв.

 

Үүний дараа Оксфордын Их Сургуульд элсэн орж, 1967 онд философийн ухааны бакалаврын зэрэг хамгаалж, ирээдүйн Michael Aris-тай танилцаж 1972 оны нэгдүгээр сарын нэгний өдөр гэр бүл болжээ.

 

 

Ийнхүү хамтын амьдралаа Англи Улсад эхлүүлсэн хосууд 1973 онд ууган хүү Ким, 1977 онд отгон хүү Александр нарыгаа өлгийдөж авчээ.

 

 

Энэ хугацаанд Ан Сан Су Чи нөхөртөө “Хэрэв Мьянмарыг нийгэм улс төрийн байдал хүндэрвэл би зайлшгүй нутаг буцаж, өөрийн туслалцааг үзүүлэх ёстой” гэдгийг үргэлж сануулан амьдарч байсан гэдэг.

 

Түүний нөхөр хоёр хүүгийн хамтаар

 

Ан Сан Су Чи одоогийн удирдаж буй Ардчиллын Төлөөх Үндэсний Лиг Намыг 1988 онд байгуулж, тэрслүү үзлийнхээ хариуд 1989 оноос эхлэн 15 жилийн туршид гэрийн хорионд байжээ. Түүний ардчиллын төлөөх үйлсийг үнэлж, гэрийн хорионд байх хугацаанд нь буюу 1991 онд Нобелийн Энх Тайвны шагналаар шагнав. Гэрийн хорионд байх хугацаанд Мьянмарын Засгийн Газрын зүгээс эргэж энэ улсад хэзээ ч ирэхгүй гэсэн болзолтойгоор хорионоос суллах санал тавьж байсан боловч Ан Сан Су Чи саналыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

 

Тэр ч бүү хэл, хорт хавдраар оношлогдсон нөхөрт нь Мьянмар Улс виз гаргаж өгөөгүй учир түүнийг нөхрөө эргэж, асраад ир хэмээн шантаачилж байсан ч нэг л явбал эргэж ирэхийг нь зөвшөөрөхгүй гэж мэдэж байсан учраас нөхөртөө очиж чадаагүй байна. Ийнхүү явсаар 1999 оны гуравдугаар сарын 27-ны өдөр нөхөр Michael Aris нь өвчний улмаас нас нөгчив.

 

Тэрээр Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОХН/-ийн Сайд нарын долдугаар бага хуралд оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар манай улсад 2013 онд айлчилж байсан юм. Мьянмарын ардчиллын төлөө тэмцэгч Ан Сан Су Чи тухайн үед Төрийн ордонд лекц уншиж “Түрэмгийллээс түрэмгийлэл төрдөг. Тиймээс ардчиллыг энхтайвны аргаар олж авах ёстой. Ардчиллыг олж аваад удсан байна уу, авах гээд тэмцэж байна уу, хамаагүй. Хамгийн гол нь эхнээсээ зөв замаар явах ёстой” гэдгийг сануулж байсан билээ.

 

Өнгөрсөн ням гарагт болж өнгөрсөн Мьянмарын ерөнхий сонгуульд Аун Сан Су Чигийн тэргүүлсэн ардчилсан хүчин давуу ялалт байгуулсан.

 

Аун Сан Су Чигийн Ардчиллын Үндэсний Лиг намаас гаргасан мэдэгдэлд тэд хүн ам шигүү суудаг төвийн бүсүүдэд 80-аас дээш хувийн санал авсан аж.

 

Ийнхүү урт удаан хугацааны турш цэргийн дэглэмд байсан тус орны хувьд засаглалын системийн том өөрчлөлт болсон бөгөөд олон жилийн гэрийн хорионд байсан Нобелийн шагналт Аун Сан Су Чи-гийн хувьд ч улс төрийн том үйл явдал болж байна.

 

 

Тэрээр монголчуудад сургамж өгсөн лекцэндээ “Ард­чил­сан нийгэмд хүний эрх, хүний үнэт зүйлийг эрхэмлэх нь маш чухал болж байна. Манай улс хайр, ойлгох, хүний сайн сайхны төлөө баярлахыг ард түмнийхээ дунд бий болгохоор ажиллаж байна. Ард түмэн бидэнд ардчиллын тэмүүллийг өгсөн. Манай улс олон ястан үндэстний нэгдэл учраас шашин хоорондын зөрчилдөөн гэх мэт тогтворгүй нөхцөл байдал үргэлжилсээр бай­гаа. Гэхдээ бид ардчилсан улс учир энэ байдлыг тайван замаар даван туулж бусад улс орнууддаа ха­руулах болно. Бид хүчир­хийллийг хүчээр бус ардчилсан ар­гаар шийдэх болно. Дэл­хий манай орон руу ан­хаарлаа хандуулж байгаа энэ үед бид тэдний итгэлийг алдах учиргүй. Бидний хийсэн ажлын тодорхой дүнгээр биднийг дэмжинэ гэж найдаж байна. Бид ч өөрсдийнхөө сул талуудыг харж мэдрэх ёстой. Дэвшил гэдэг бол бодит байдал. Бид ухаалаг байдлаар хөгжих ёстой гэж бодож байна. Ард иргэд өөрсдөө амьдрал сайжирлаа гэд­гийг мэдрэх зүйл хамгийн чухал. Бид ухаалаг байд­лаар амжил­тандаа хандаж, шаард­лагатай алхмуудыг хийж жинхэнэ бодит үр дүнд хүрэх болно. Бид хүний эрхийг дээдэлж, үндэсний нэгдлийг бий болгохын тулд ажиллаж байна. Хүндрэлийг давж болно гэдгийг харуулах ёстой. Хүчирхийллийг давах бо­ломжтой гэдгийг дэлхийн ард түмэнд харуулна. Үүнийг зөв арга хэрэгс­лээр харуулах бол­но” хэмээн онцолж байлаа.

 

Тэрээр дэлхийн ардчиллын түүхэнд зүй ёсоор бичигдэх цөөхөн эмэгтэйчүүдийн тэргүүн эгнээг чимсэн сувд билээ.

 

Г.СҮМБЭЭ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна