Өнөөдөр Монгол бахархлын өдөр

2015 оны 11 сарын 12

2012 онд Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж “Монгол бахархлын өдөр”-ийг тэмдэглэхээр болсон. Анх Шинжлэх ухааны академиас өргөн барьсан саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Эзэн Богд Чингис хаан билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр мэндэлсэн хэмээн ёсчилсон ажээ.

Эдүгээ гурав дахь жилдээ тэмдэглэж байгаа “Монгол бахархлын өдөр”-өөр Чингисийн талбайд далбаа мандуулж, Төрийн есөн хөлт цагаан тугийг цэнгүүллээ. Үүний дараа Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөнөө болж, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч, соён гэгээрүүлэгч Гомбожавын Мэнд-Ооёод шагнал гардууллаа. Зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо ийнхүү Төрийн дээд шагнал “Чингис хаан” одонгоор шагнуулсан ес дэх хүн болсон юм.

Мөн Төрийн гурван өндөрлөг Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, монгол морин хуур төвөөс морин хуурын флаш моб зохион байгууллаа. Энэ үеэр Чингисийн талбайд цугласан иргэд Монгол дээлээрээ гоёж, сүү өргөн Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм.

Т.ДАВААНЯМ

Ц.АРИУНБОЛД

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна