Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүллээ

2015 оны 11 сарын 12

Их эзэн Чингис хааны мэндэлсний 853 жилийн ой, Монгол бахархалын өдөрт зориулсан 128 бөхийн барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, улсын начин Л.Цэрэнтогтох үзүүрлэв.

 

П.Бүрэнтөгс арслан намрын нээлтээс хойших 7 барилдаанд бүгдэд нь зодоглож, зургаад түрүү булаалдан 3 түрүүлж, 3 үзүүрлэсэн сайхан амжилтыг үзүүлээд байна. Үнэхээр бэлтгэл сайн байгаагийнх биз ээ. Л.Цэрэнтогтох начин ч бяртай, бэлтгэл сайн байгаа бололтой. Их шөвөгт Б.Батмөнх зааныг шуудагнаас бяралхаж түрээд л давна лээ. Ерөнхийдөө бяралхаж барилддаг начин даа. Хөвсгөлийн аймгийн арслан Ч.Хөхчирэнгэр өнөөдөр тун сайн байлаа. Тэрээр хоёрын даваанд шинэ начин Ч.Ганзоригийг, гуравт шинэ начин Э.Дашийг, дөрөвт заан М.Өсөхбаярыг, тавд арслан Н.Батсуурийг зэргээр даваа бүрт шилдгүүдийг хаясаар их шөвөгт шалгарч үлдэн түрүү бөхөд унасан юм. Чац сайтай дээрээ багахан жин нэмээд, дээр нь бэлтгэлийн форм ч сайн байгаа бололтой. Цаашид энэ эрчээрээ сайн барилдах биз ээ. 

Монголчууд бид 2012 оноос эхлэн "Монгол бахархалын өдөр"-өө тэмдэглэдэг болоод буй. 2012 он буюу анхны Монгол бахархалын өдрийн барилдаанд заан Ч.Санжаадамба түрүүлж, харцага Ц.Содномдорж үзүүрлэн, их шөвөгт у.а П.Бүрэнтөгс, у.ав Г.Эрхэмбаяр нар шалгарсан бол 2013 оныхонд дахин Ч.Санжаадамба заан түрүүлж, С.Мөнхбат аварга үзүүрлэн, Ө.Бат-Орших харцага, Х.Мөнхбаатар арслан нар их шөвөгт шалгарч байлаа. Ноднин буюу 2014 оны Бахархалын өдрөөр Ө.Бат-Орших харцага түрүүлж, С.Мөнхбат аварга хоёр дахиа үзүүрлэн, Ц.Содномдорж харцага Б.Гончигдамба гарьд нар шөвгөрсөн билээ. Эхний хоёр барилдааны түрүү бөх Ч.Санжаадамба заан өнөөдөр үзэгчийн суудлаас үзэж сонирхсон бөгөөд бөх сонирхогчид хэзээнээс барилдахыг нь сонирхоход "Арай л болоогүй байна аа" гэж байна лээ.

Өнөөдрийн барилдааны хоёрын даваа том цолтнуудад тун халгаатай болов. Даваа эхлээд удаагүй байхад гарьд Б.Гончигдамба Ховд аймгийн начин Г.Энхбилэгт унаж, араас нь заан Б.Соронзонболд Өвөрхангайн аймгийн заан М.Даваасүрэнд, өсөх идэр Р.Пүрэвдагва Өвөрхангайн шинэ арслан Х.Гантулгад, өсөх идэр Э.Энхбат Говь-Алтайн а.а Ж.Алтаншагайд, харцага А.Цацабшир Ховд аймгийн заан Ш.Мөнх-Одод  гэх зэргээр өвдөг шороодоцгоолоо. Гурвын даваанд а.з Ш.Мөнх-Одыг харцага Ц.Содномдорж амалж аваад мөн л унасан бол Ш.Мөнх-Од дөрвийн даваанд арслан П.Бүрэнтөгстэй оноолт тааран тахим буулгасан юм. Өвөрхангайн Х.Гантулга арслан ч бяртай, тун эвгүй барилдаантай. Гурав дээр начин Т.Баасанхүүд амлуулаад давхар шуудагнаас шахаад татах хоромд нь чарж байснаа гэнэт дайраад гэдрэг нь суулгачихна лээ.

Дөрвийн даваа

  1. П.Бүрэнтөгс у.а–Ш.Мөнх-Од а.з
  2. Н.Батсуурь у.а –Х.Гантулга а.а
  3. М.Өсөхбаяр у.з –Ч.Хөхчирэнгэр а.а
  4. Б.Батмөнх у.з –О.Хангай а.а
  5. Ө.Бат-Орших у.х –Н.Жаргалбаяр а.х.а
  6. Н.Батзаяа у.х –Бо.Батжаргал у.н
  7. Б.Одгэрэл у.х –Б.Бадамсүрэн у.н
  8. Ш.Уламбаяр у.ө.и.н –Л.Цэрэнтогтох у.н

Тавын даваа

1.    П.Бүрэнтөгс у.а–Б.Бадамсүрэн у.н

2.    Н.Батсуурь у.а –Ч.Хөхчирэнгэр а.а

3.    Б.Батмөнх у.з– Ө.Бат-Орших у.х

4.    Л.Цэрэнтогтох у.н–Бо.Батжаргал у.н

     Зургаагийн даваа

  1. П.Бүрэнтөгс у.а–Ч.Хөхчирэнгэр а.а
  2. Б.Батмөнх у.з –Л.Цэрэнтогтох у.н

Долоогийн даваа

  1. П.Бүрэнтөгс у.а–Л.Цэрэнтогтох у.н

/түрүүлсэн/            /үзүүрлэв/

С.БАДАМ

ЭХ СУРВАЛЖ: http://undesniibukh.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна