Боломж байна, хууль тогтоогчид оо?

2015 оны 11 сарын 13

УИХ бүрэн эрхийнхээ дөрөв дэх жилийн босго руу ороход ердөө сар гаруйн хугацаа үлдлээ. Энэ хугацаанд багтааж Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, Сонгуулийн нэгдсэн хуулиа баталчихвал бодлогын том ажлуудаа нугалаад авна гэсэн үг.

Гэвч УИХ-д 26 кноп эзэмшиж байгаа МАН хөдлөх шинжгүй. Бүлгийн дарга С.Бямбацогт нь хугацаа давчуу байна гэсэн мэдэгдлийг өнгөрсөн даваа гаригт хийсэн бол бүлгийн гишүүн Ц.Нямдорж нь “Энэ асуудлыг МАН Удирдах зөвлөлөөрөө цаашлаад Бага хурлын гишүүдээрээ хэлэлцүүлэх ёстой” гэж байр сууриа илэрхийлэв. Үүгээр бол УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг ард түмнээс асуух биш МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүдээр шүүлгэх болж буй юм. Хэрвээ МАН Засгийн эрхийг барьж байсан бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг Бага хурлын гишүүдээсээ асуугаад шийдчих бололтойдог шүү.

Гэхдээ Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулсан Н.Батбаяр нарын гишүүд эл асуудлыг олон нийтээс санал авч шийдэх нь зүйтэй юм гэж үзээд Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан байгаа. Хуулийн төсөлд санал асуулгыг 11 дүгээр сарын 26-нд хийхээр тусгасан. Хуулийн төслийг УИХ ирэх долоо хоногт хэлэлцээд эхэлчихвэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхээ ард түмнээс асуух бололцоо бүрдэнэ. Хэрвээ санал асуулгад оролцогчдын олонхи Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжихгүй бол саналыг нь хүндэтгэн үзэж, боловсруулсан хуулийн төслийг дараагийн парламентад шилжүүлнэ.

Гэхдээ ингэж цаг алдах нь ашиггүй. Улстөрчид нь тамын тогоон дотроо “зодолдсоор” улс орныг сүйтгэх эрсдэлтэй.

Ердөө жилийн өмнө Н.Алтанхуяг шиг хамгийн муу Ерөнхий сайд байсангүй. Идэж уухаас өөр ажил хийсэнгүй, эдийн засгийг сүйрүүллээ гээд л огцруулсан. Дараагийн Ерөнхий сайдыг томилсон, эдийн засаг сэргэсэн нь хаа байна. Татварын орлого нь тасардгаараа тасарч, энэ оны төгсгөлд төсвийн алдагдал 1 их наяд төгрөгт хүрэх төлөвтэй байна. Долларын төгрөгтэй харилцах ханш талийж өгсөн. Ирэх онд ам.долларын ханшийг 2000 төгрөгөөс давна гэж үзээд 2016 оны төсөвт 2030 төгрөгөөр тооцсон. Тавантолгой гацсан хэвээр, Оюутолгойн далд уурхайн санхүүжилт орж ирнэ гэсэн хүлээлт үргэлжилсээр л байна.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн фракциуддаа барьцаалагдсан зовлон нь хүртэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт өвлөгдөөд ирсэн. Тогтолцоогоо өөрчлөөгүй цагт энэ зовлон Ерөнхий сайд болгонд өвлөгдөнө. Тэр бүрийд Засгийн газар тогтвортой ажиллаж чадахгүй. Тогтворгүй Засгийн газарт хэн итгэж хөрөнгө оруулахаар ирэх юм бэ?. Төр засаг тогтворгүй байхын хэрээр улс орны хөгжил гацна.

Яагаад Монгол ашиг малтмалын асар их баялагтай, 50 сая толгой малтай хэрнээ 25 жилийн хугацаанд бусад улсын нэгэн адил үсрэнгүй хөгжиж чадаагүй вэ?. Засгийн газраа тогтвортой ажиллаж чадаагүйтэй холбоотой гэдэг судалгааг эрдэмтэн судлаачид гаргачихсан байна шүү дээ.

25 жилийн хугацаанд Засгийн газар 14 удаа өөрчлөгдсөн байна. П.Жасрай, Н.Энхбаяр нарын Засгийн газар бүрэн эрхийн хугацаагаа гүйцээж дөрвөн жил ажилласныг эс тооцвол бусад нь 2 жил, 1 жил гаруйн хугацаанд ажиллаад л огцроод байж... Энэ тухай УИХ-ын гишүүн С.Батчимэг Үндсэн хуулийн чиглэлээр хийсэн судалгаа, лекцэндээ анх гаргаж, тавьсан.

Шилдэг гэсэн улстөрчдөө л Засгийн газрын тэргүүнээр томилон ажиллуулсан. Тэр бүрийд хүндээ алдаа байна гээд л Ерөнхий сайдаа огцруулаад байсан. Сүүлдээ энэ нь ужгирсаар юу болов. Төрийн дээр нам гарлаа.

Одоо хүлээх цаг хугацаа алга, ард түмэн туйлдаж гүйцлээ. Төрийн албанд ч мэргэшсэн чадварлаг ажилтан тогтохоо болилоо. Төр нь данхайгаад л, занхайгаад л байдаг, чадвар нь сулраад л байдаг. Одоо л алдаагаа засахгүй бол улсаараа дампуурах нь. Сонгуулийн чимээ ч ойртлоо, жалга довны үзэл гаарах шинжтэй. Одоо улсаа бодох цаг, хууль тогтоогчид оо.

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл хэдхэн хоногийн дотор боловсруулагдаад УИХ-д өргөн баригдсан “эд” биш. Хоёр жилийн өмнө буюу 2013 оны хоёрдугаар сарын 8-нд УИХ-ын дарга З.Энхболд захирамж гаргаж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байна уу гэдгийг судлах ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Л.Цогоор ахлуулан байгуулсан. Тус ажлын хэсэгт хууль тогтоогчдоос гадна эрдэмтэн судлаачид багтаж ажиллан, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүсчээ гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг. Үүний дараа 2015 оны нэгдүгээр сарын 13-нд УИХ-ын дарга хоёр дахь захирамжаа гаргаснаар Н.Батбаяр гишүүнээр ахлуулсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Тус ажлын хэсэг бүтэн арван сар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулснаар саяхан дуусч, энэ сарын 6-нд УИХ-д өргөн мэдүүлжээ.

Хуульд зааснаар УИХ дээрх хуулийг шинэ он гарахаас урьтаж батлах шаардлагатай. Хугацаа давчуу байгаа нь үнэн.

1992 онд баталсан шинэ ардчилсан Үндсэн хуулийг мөн л давчуу хугацаанд баталсан байна. Түүх сөхвөл, Ардын их хурал 1991 оны арваннэгдүгээр сарын 11-нд шинэ Ардчилсан Үндсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэж, 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталсан байна. Тухайн үеийн 430 гаруй депутат үндэснийхээ эрх ашгийн төлөө үзэл бодлоо нэгтгээд 60-аад хоногийн дотор энэхүү хуулийг баталжээ. Одоогийн улстөрчдөд ч гэсэн үүнээс багагүй хугацаа байна.

УИХ-дахь нам эвслийн бүлгүүд улстөржилгүйгээр хөгжлийн төлөө сэтгэл нэгдэн зүтгэвэл ард нийтийн санал асуулгыг шуурхай явуулж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-аар батлах бололцоо байна.

Г.ХОРОЛ  

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна