Мах хямдарсан ч...

2015 оны 11 сарын 13

Өвлийн хүйтэнд хөрж, халуунд халж нойр хоол дутуу хэдэн малаа тэжээсэн хөдөлмөр минь ингэж үнэгүйтэх гэж хэмээн ярих зузаан саарал дээл, хөхөлбөр бор царайтай эрхэмийг Г.Булган гэдэг. Төв аймгийн малчин. Хоол идэх зуураа нэлээн санаа алдсан байдал гаргаж хүүхэддээ хичээл номоо сайн хийгээрэй гэж хэдэн төгрөг өгч харагдана. Г.Булган гуайн санаа алдаж амандаа тийн шивнэснийг  сонсоод хэрэгт дурлан яриа өдлөө.

-Та сая хөдөлмөр үнэгүйтэлээ гэж хэллээ. Яагаа вэ?

-Ах нь сая хөдөөнөөс хэдэн бог мал төхөөрч орж ирээд борлуулаад, одоо буцах гэж байна. Дунд хүү маань оюутан. Сургалтын төлбөр нэхээд хичээлд нь суулгахгүй гэхээр төлбөрийг нь өгсөн юм. Тэгээд хүүтэйгээ хоол хамт идсэн чинь миний тушаасан хоёр килограмм махны үнэтэй тэнцэж байгаад бухимдаж сууна даа.

-Та махаа хэдэн төгрөгөөр зарсан юм бэ?

-Нэг  килограммыг 3000 төгрөгөөр өгсөн. Тэгээд  тээврийн зардлаа үлдээгээд үлдсэнийг нь  хүүдээ өглөө. Одоо ч малчид бид чинь бэлэн мөнгө гар дээрээ байлгах нь ховор болж дээ хэмээн санаа алдан ярилаа.

Г.Булган гуайн үйлчлүүлж байсан цайны газрын хоолны цэсийг харвал 4500-6000 төгрөгийн хооронд үнэтэй хоолтой. Өнгөрсөн жил махны үнэ нэг килограмм нь 10 мянган төгрөг хүрч байхад үнэ ийм л байсан гэх хүмүүсийн яриа сонсогдов.  Малчдын гар дээрээс нийслэлд ирж байгаа мах хэдхэн зах лангуунуудад шууд нийлүүлэгддэг. Тэдгээр зах, төвүүдийн нэг нь "Хүчит шонхор" зах юм.  

Тэнд худалдаа хийх Б.Туяа ярихдаа "Энэ жил харьцангуй махны үнэ хямд байна. Өнгөрсөн жилийнхээс 40-50 орчим хувиар хямд байхын зэрэгцээ нийлүүлэлт их байгаа. Үхрийн мах 3800-4500 төгрөгийн хооронд борлуулагдаж байна. Эгч нь үхрийн мах зардаг. Манайхаас ихэвчлэн цайны газрууд авдаг" гэв.

Харин хонь, ямааны мах зарах Т.Алтанчимэг "Заримдаа маш их гайхаад байна. Дунджаар бодоход нэг килограмм махыг зоогийн газрууд 4000 төгрөгөөр авдаг. Гэвч нэг хоолонд 100-150 грамм мах орж байна. Тэгсэн хэрнээ хоолны үнэ 5000-6000 төгрөгөөр худалдан авдаг" хэмээн ярьсан юм. 

Тавь гаран сая малтай Монгол Улсад махны үнэ тэнгэрт хадлаа хэмээн жилийн өмнө ярьж энд тэндгүй л хэлэлцэж эхэлсэн. Гэтэл махны үнэ өнөөдөр буураад байхад иргэдийн худалдан авч идэж байгаа хоолны үнэ буурахгүй байгаа талаар зарим аж ахуй нэгж үйлчилгээ эрхэлдэг хүмүүсээс тодруулсан юм.

"Их Гүрэн" зоогийн газар, Монгол улсын мастер тогооч Р.Цоггэрэл “Материалын үнэ буурахад дагаад хоол буурна гэдэг ховор. Өслөө гээд дагаад нэмэгдэх бас буруу. Мах ч юм уу бусад бараа бүтээгдэхүүний чинь боловсруулна гэдэг асуудал, үүнийг сайн ойлгох хэрэгтэй. Хоолны үнийг буулгаж болно. Гэхдээ байр түрээсний төлбөр гээд олон хүчин зүйл нөлөөлдөг. Манайх бол хоолны үнээ тодорхой хэмжээгээр буулгачихмаар санагддаг. Гэвч бусад хүмүүс буулгахгүй гэдэг. Яг хоолны үнийн тал дээр хүмүүс гэрийнхээ төсөөллөөр л яриад байдаг. Үнэндээ гэрийн хоолны зардалтай харьцуулах боломжгүй” гэж тэрээр хэллээ. Гэхдээ зэрэг зиндаанаасаа хамаарч орц нь ижил хэрнээ үнэ нь тэнгэр газар шиг ялгаатай. Гэхдээ онцын ялгаагүй хэрнээ харилцан адилгүй үнэтэй газрууд ч олон тохиолдоно. Ялгаа нь юундаа байна вэ? Энэ асуултанд Р.Цоггэрэл “Хоол чинь бүтэн порц, хагас порц гэж байгаа. Таваг л гэхэд 350 грамын, 280 грамын гэж хоёр янз байна. Хоёр өөр таваг тавихад хүмүүсийн хийсвэр сэтгэлгээнд ялгаа гарна биз дээ. Тэгээд нэгийг нь 4000 төгрөг, нөгөөхийг нь 6000 төгрөгөөр борлуулах ялгаатай шүү дээ” гэдгээр тайлбарлав. Түүний хэлснээр хүмүүс ийм зүйлийг хараад эдний хоол нь хямдхан тэднийх үнэтэй гэж хэлдэг гэнэ. Энэ тухай “Зарим хүмүүс хэлдэг л дээ “Ахаа танай хоол гоё байна. Гэхдээ махаа нэмж болдоггүй юм уу” гэж асуудаг. Учир нь 400 гр мах чанахад 280 гр болж багасдаг. Үүнийг л ойлгохгүй байна. Ямар ч зардалгүйгээр л хоол гарна гэж ойлгодог. Тийм зүйл байхгүй” гэж мастер тогооч маань хэллээ.

Бүхнийг стандарт, хэм, хэмжээсээр хэмждэг болсон технологийн энэ зуунд хоолонд зориулсан стандарт хэмжээ гэж байх учиртай. Энэ талаар “Монгол улсын нийтийн хоолны жор технологийн ном гэж байдаг. Тус номд 1642 хоол байдаг.  Энэ бүх хоол технологийн жорыг барьж хийх ёстой” хэмээн “Их гүрэн” зоогийн газрын тогооч маань ярив.

Харин зам дагуу байрлах цайны газар ажиллуулж буй хүмүүстэй уулзаж ярилцвал "Өег" цайны газрын эзэн Н.Саруул "Махны үнэ буурсан ч бусад бараа бүтээгдэхүүний үнэ өсөлттэй байна. Будаа л гэхэд 25 кг 50000 төгрөг хүрсэн, “ес”-ийн/ургамлын тос/ тос л гэхэд 3000 төгрөг байснаа нэмэгдээд 4000 болсон. Ийм  нөхцөлд буурна гэж худлаа. Дээр нь бид тогооч ажилчдынхаа хөлсийг өгнө. Мах буурлаа гээд хоолны үнэ буурна гэдэг өрөөсгөл ойлголт" ам таглав.  

“Монгол ардын хуушуур бууз”, “Ундрах” гэхчилэн төв зам дагуу байрлах цайны газруудын хувьд үнээ буулгах нөхцөл боломж одоогоор байхгүй байна хэмээн хариуллаа.  

Нийслэл хотод ажиллаж амьдарч байгаа иргэдийн төлөөллөөс гэж болохуйц Сүхбаатар дүүргийн иргэн С.Майсайхан “Үнэ яах вэ, чанар чухал. Гэхдээ аль аль талдаа бодож ойлголцох хэрэгтэй. Монголд ямар нэгэн зүйлийн үнэ нэмэгдчихээд бууж байсан гэж би сонсоогүй. Бидний зан араншин ийм л юм байх гэж л хардаг” гэж уламжлалт сэтгэлгээнд бурууг үүрүүлэв. Тэгвэл иргэн Г.Баттөмөр “Үндсэн түүхий эд нь буураад түүнийг дагаж хямдардаг бол сайн л байна.  Гэхдээ олон гар дамжин байж ирдэг болохоор асуудал их байгаа биз. Буурвал хэн хэний маань амьдралд сайн байх"  гэв.

Хямралын сүүдэрт өдөр хоногийг өнгөрөөн буй монголчуудын хувьд ядаж өдрийнхөө хоолыг хямд төсөр аргаар идчих сонирхол хэн бүхэнд бий. Үүнийг хүмүүс ширхгийн буюу бууз, хуушуур, пирошки зэргийг авах нь их болсонтой холбон тайлбарлаж байх юм. Бүсээ чангалж, иргэд нь гоёлын бөгжөө зараад улсаа аварч байсан орны түүхийг Ерөнхий сайд сануулах болсон энэ цаг үед иргэд ч тансаг хэрэглээгээ хэзээний зогсоожээ.   

Тодорхой зүйл гэвэл мах хэчнээн хямдарсан ч хоолны үнэ буухгүй нь ээ.

Ж.ХАТАНБААТАР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна