Хэрүүлийн шинэхэн алим юу вэ?

2015 оны 11 сарын 13

“Удахгүй нүд чинь сохроод, би ойчоод өгөхөөр чамайг гэх хүн байхгүй яаж амьдарна, өдөр шөнөгүй л утсаа ухаж суух юм” гэж хэлэх учирлах, загнахын хооронд үг урсгах бүсгүйн яриа жижиг өрөөнөөс сонсогдоно. “Хичээл номоо ч хийхгүй, юм хэлэхээр өөдөөс тайлбар тавьж байх юм” гэсээр ширүүн харцтай, хөмсгөө атирсаар нөхөртөө уурлах эмэгтэйг Н.Пүрэвмаа гэдэг. Тэднийх хоёр хүүхэдтэй. Хамгийн том нь их сургуулийн гуравдугаар курс, бага хүү нь дунд сургуулийн аравдугаар ангид суралцдаг.

Тэдний гэрт өдөр болгон шахуу тохиолддог маргаануудын нэг бол гар утас, компьютерийн ард удаан сууж Фэйсбүүк (нүүр номын хуудас) ашиглах юм. Хүүхдүүддээ хэлсэнгүй гэж нөхөртөө уурлахын зэрэгцээ хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө санаа зовох ээж хүний сэтгэл.

Аав нь санаа зовсон шинжгүй "За яах вэ дээ, одоо чинь бидний үетэй харьцуулахад шал өөр нийгэм болсон. Тэглээч чөлөөт цаг заваараа орж найзуудтайгаа харилцаж нөгөө зураг хөргөө л дарж, түүндээ хийж суугаа байлгүй"  хэмээн өмөөрөмгүй хэлж амнаасаа хэлээ гарган жаахан инээмсэглэх аядав.

Том охин нь өрөөнөөс утсаа оролдсоор гарч ирээд "Ээж би яах вэ, та дүүд л хэл. Би учраа мэдэж байгаа" хэмээн хэлж ээжийнхээ намдсан уурыг дахин хөдөлгөж орхив. Ингээд л тэр айлд дахин маргаан үүсч "Наад ашиглаад байгаа зүйлээс чинь болоод гэмт хэрэгт орж байна. Таних танихгүй хүмүүс янз бүрийн юм бичдэг. Нөгөө талаар эрүүл мэндэд муу” хэмээн хэлэх Н.Пүрэвмаа гуайн дуу бүх өрөөнд тэнгэр нүргэлэх мэт сонсогдов.

 Нэг талаараа  техник технологийн хөгжил дэвшил, хүн төрөлхтний ололт, амжилт  харагдаж байгаа хэдий ч нөгөө талаараа түүний хэрэглээ хэм хэмжээг мэдэрч байх хэрэгтэй хэмээн хэлэх хүмүүс цөөнгүй таарч байв.

Монгол Улсын нийт хүн амын 1/3 хувь нь Фэйсбүүк ашигладаг гэсэн тооцоо судалгаа гарсан байдаг. Сүүлийн үед “Хүүхэд, залуус ном уншихгүй, үргэлж л гар утастайгаа зууралдсан явах юм” гэх шүүмжлэл их гарч байдаг. Энэ талаар  МУСГЗ, хүүхдийн зохиолч Ж.Дашдондог нэгэн телевизийн ярилцлагад орохдоо "Энд буруу зүйл байхгүй. Хүүхдүүд техник технологийн  хөгжил дэвшилтэй танилцах нь зөв. Яагаад харин ном зохиол унших нь багасаад байна вэ гэвэл энэ бидний буруу. Тэдгээр хүүхдүүдийн сэтгэлийг нь хөдөлгөтөл бичиж чадахгүй байна гэсэн үг. Ном уншаад инээж баярлаж, догдолж, хайрлахаар бичиж чадахгүй байна. Тэдний сонирхоод байгаа зүйлийг нь давж гарахаар л бичих хэрэгтэй. Одоо ер нь дэлхий дахин буцаад ном руу тэмүүлж байна. Учир нь эдгээр техник хэрэгсэл чинь хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Номонд бол эрүүл мэндэд муугаар нөлөөлөх зүйл байхгүй. Номыг хэн ч хаана ч авч явж болно. Номыг малчны хүү ч уншиж, өвөртөө хийгээд хонины бэлчээртээ авч явна. Ямар нэгэн “тогонд” залгахгүй шүү дээ” гэж хэлжээ.  

Харин фэйсбүүк хэрэглэх тухайгаа хүүхэд залуучууд маань ярихдаа “Мэдээж ашигладаг. Ер нь найзуудтайгаа харилцаж, өөрт хэрэгтэй мэдээллээ авдаг. Өдөрт 2-3 цаг зарцуулдаг” гэв. Таних, танихгүй хүмүүсийг найзаар бүртгэж авахдаа болгоомжгүй ханддаг нь заримдаа доромжлуулах гэх мэт асуудал гардаг хэмээн хэсэг охид ам уралдан ярив.

Сүүлийн үед янз бүрийн бүлгэмүүд маш их болсон, өөрсдийн хөтөлдөг хуудас болоод тэндээ “лайк” даруулах гэж нүцгэн зураг болоод дүрс бичлэг оруулах нь тэдний хувьд хүндрэлтэй төдийгүй гэр бүл, найз нөхдөөрөө сууж байх үед гарч ирэх нь эвгүй байдалд оруулах, заримдаа танихгүй хүмүүст буруугаар ойлгогдох тохиолдол байдаг гэв. Түрүүн бүлэг гэж ярилаа тэднээсээ нэрлээч гэсэнд "ХЭН ХЭН ЮУ ХЭЛЭВ"  "Хосуудыг учруулах" гэх мэт олон бүлэг хүмүүс үүсгэж өөрсдөө элсүүлсэн байдаг тухай ярив. 

Хүүхэд залуусын хайртай дуучид, олны танил эрхмүүдийн хагас нүцгэн зургуудыг байршуулж, муу үлгэр дуурайлал үзүүлэх нь хэвийн үзэгдэл болсон гэж хэлэх залуучууд ч олон байв.

Харин эцэг эхчүүд хэр хяналттай байдаг талаар зарим хүмүүстэй уулзвал “Эгч нь нэг хүүтэй. Наад асуудлаас чинь болж гэрт дайн шахуу юм болдог. Шөнө унтуулахгүй “дан дан” гээл утас нь дуугараад л байна. Заримдаа ганцаараа инээхээр нь галзуурчхаагүй байхаа гэж бодох үе байна. Ер нь үргэлж л хэлдэг дээ” гэлээ.

Хүүхдээ сургуулиас нь авч нэлээн яарангуй шинжтэй явах ах бидний яриаг сонсон хүрч ирээд ах нь саналаа хэлье гэсээр хэлсэн нь “Орчин үеийн хөгжлийг би буруутгахгүй ээ. Ганцхан үр хүүхдээ зөв хүмүүжүүлэх хэрэгтэй” гэж байсан.

Шөнийн нэг хоёр цаг хүртэл фэйсбүүк ашиглачхаад өглөө хичээлдээ хоцордог оюутнууд олон бий. Жаахан аажуухан фэйсбүүк орвол "Өглөө сэрээгээд өгөх найз байна уу", "Унтаагүй хүн байна уу, танилцъя"  гэсэн постууд цөөнгүй харагдана. Ямар ч танихгүй хүнтэй танилцаж, цаашдаа уулзсанаар асуудалд орох нь цахим гэмт хэрэг хэмээн нэрлэгдсэн. Тиймээс ч үр хүүхэддээ анхаарал хандуулж хэлж, анхааруулж, асуудлыг хамтдаа шийдэхээр ярихгүй бол хүүхэд чинь хэнтэй танилцахыг хэн ч таашгүй. Гэр бүлийн маргаан асуудал дээр бас нэгэн хэрүүлийн алим аль хэдийн газар авчээ.

Ж.ХАТАНБААТАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна