Улсын дугааргүй автомашинаар хүн тээвэрлэдэг зөрчил ихэсчээ

2015 оны 11 сарын 13

Эдийн засгийн хямралтай энэ цаг үед монголчууд “prius” хөлөглөх нь элбэг болсон. Энэ эрэлтийг ченж нар овжноор харж, Замын-Үүдийн хилийн боомт дээр машинаа буулгаад тэндээс нь жолооч хөлсөлж Улаанбаатарт авчирч худалдаалдаг байна. Ингэж борлуулах нь ченжүүдэд нэг сая хүртлэх төгрөгийн нэмэлт ашгийг авчирдаг гэнэ. Тодруулбал, Замын-Үүдээс Улаанбаатарт өдөрт 100-150 автомашин орж ирж байгаагийн дийлэнх нь “prius” аж. Нэг жолоочийг 150-200 мянган төгрөгөөр хөлсөлдөг. Дээрх хөлсний жолооч нар Сайншанд, Замын-Үүдээс Улаанбаатар руу хүн тээвэрлэдэг байна. Хамгийн гол нь дээрх автомашинууд оношилгоо, даатгалд хамрагдаагүй, дугаар гэрчилгээ ч байхгүй атлаа хүн тээвэрлэж буй нь “түгшүүр” төрүүлж байгаа юм. Түгших болсон шалтгаан нь Дорноговь-Улаанбаатарын чиглэлийн автозамд энэ оны эхний арван сарын байдлаар 65 автомашины осол гарч 29 хүн амь насаа алдсан тоо баримт байна. Босоо тэнхлэгийн магистраль бүтэцтэй уг автозамаар 80 км/цаг хүртлэх хурдтай зорчихыг зөвшөөрдөг байтал дээрх “prius”-үүд 100-130 км/цагийн хурдтай уралдаж давхидаг байна. Иймд цагдаагийн байгууллагаас дээрх бүрэн бүтэн эсэх нь тодорхой биш оношилгоо, даатгалд хамруулаагүй автомашинаар зорчихгүй байхыг анхааруулж байна. Хилээр оруулж ирж байгаа автомашиныг Улаанбаатар руу ийм арга хэлбэрээр зөөвөрлөхийг зөвшөөрдөг бол тухайн орон нутагт нь даатгал, оношилгоонд бүрэн хамруулаад замын хөдөлгөөнд оролцуулах хэрэгтэй гэдгийг Дорноговь аймгийн цагдаагийн газрын алба хаагчид онцолж байна. Үүнийг Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын газрын дарга Ж.Энхбатаас тодруулахад “Тухайн тээврийн хэрэгсэл 72 цагийн дотор бичиг баримтаа авсан эсэхэд манайхаас хяналт тавьдаг. Түүнээс хүн тээвэрлэж байгаа эсэхийг хянах боломжгүй. Гэхдээ иргэд ийм төрлийн бичиг баримтгүй автомашинаар зорчихгүй байх хэрэгтэй” гэсэн юм. Тээврийн хэрэгсэл худалдаж авсан иргэд хамгийн түрүүнд оношилгоонд орж замын хөдөлгөөнд оролцож болох үгүйгээ тогтоолгодог. Дараа нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ, улсын дугаараа авснаар замын хөдөлгөөнд оролцох эрх нь бүрддэг юм. Гэтэл дээрх “prius”-үүд ямар ч оношилгоонд орохгүйгээр 500 гаруй км замаар хүн тээвэрлэж, хурд хэтрүүлэн давхиж байна. Хөнгөн жинтэй автомашин салхитай үед хурд хэтрүүлбэл замын хажуу тал руу хийсэхийг ч үгүйсгэхгүй гэдгийг албаныхан хэлж байна.

Э.Бөхбат: Жолооч нь “Ах дүү нараа аваад явж байна” гэж худал хэлдэг

Улсын дугааргүй, бичиг баримтгүй автомашин хот хооронд хүн тэвээрлэж байгаа дээрх үйл явцад хэрхэн хяналт тавьж ажиллаж байгааг ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбатаас тодрууллаа.

-Сайншандаас улсын дугааргүй автомашин хүн тээвэрлэдэг гэсэн мэдээлэл байна. Бичиг баримтгүй машин хот хооронд зорчиж болох уу?

-Улсын дургааргүй автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэсэн дүрэм байхгүй. Хотод ч мөн адил тухайн иргэн машин худалдаж аваад гэр рүүгээ, эсвэл Авто тээврийн оншилгоонд хамруулахаар дугааргүй явах тохиолдол байна. Харин 72 цагийн дотор бичиг баримтаа бүрдүүлээгүй замын хөдөлгөөнд оролцвол торгох, журамлах шийдвэрүүд хэрэгжинэ. Хүн тээвэрлэхийг хориглоно.

-Тэгвэл дээрх автомашин хүн тээвэрлэж байна. Үүнд хэрхэн хяналт тавьдаг вэ?

-Замын –Үүдээс улсын дугааргүй автомашины жолооч хүн тээвэрлэж байгаа зөрчил гарч байна. Үүнийг орон нутгийн замын цагдаа нар илрүүлж байгаа. Илрүүлсэн тохиолдолд автомашиныг нь журамлах ёстой. Гэтэл жолооч нар нь “Замын-Үүдээс ах дүү нараа аваад явж байна” гэж худал хэлдэг. Ийм арга барилаар хулгайгаар хүн тээвэрлэх явдал байна. Иймээс иргэд өөрсдийн аюулгүй байдлыг хангаж бичиг баримтгүй автомашинаар зорчихгүй байх шаардлагатай. Хөлсний жолооч нар шатахууны мөнгө олохын тулд нууцаар хүн тээвэрлэдэг.

-Замын-Үүдээс орж ирж буй автомашинууд Дорноговь аймгийн автозамаар хурд хэтрүүлэн уралддаг гэж байна. Энэ нь ослын тоо өсөхөд нөлөөлдөг үү?

-Хурд хэтрүүлж байгаа нь үнэн. Замын-Үүдээс оруулж ирж байгаа машин гэлтгүй, Дорноговь аймгаас зөвшөөрөлтэй , зөвшөөрөлгүй хүн тээвэрлэж байгаа жижиг тэрэгний жолооч нар хурд хэтрүүлдэг. Энэ нь осол гаргах эрсдэлтэй. Орон нутгийн цагдаагийн алба хаагчид энэ төрлийн зөрчил цөөнгүй илрүүлж байна гэв.

Дээрх байдлаас харахад Замын-Үүдээс Улаанбаатар руу автомашиныг “хөл”-өөр нь оруулж ирж болно, болохгүй гэсэн нэгдсэн журам заалт байдаггүй юм байна. Чухамдаа гаднаас орж ирж буй автомашиныг Замын-Үүдээс нийслэл рүү чингэлэгээр тээвэрлэснээс өөрөөр нь оруулж ирэх нь ченж нарт хэмнэлттэй байдгаас ийм системд шилжсэн бололтой. Харин үүнийг хөлсний жолооч нар “халтуур” хийх хэрэгслээ болгож хүн тээвэрлэж буй нь анхаарал татаж байна. Үүнийг Замын цагдаагийн газар, Авто тээврийн газрын удирдлагууд хэдэн жилийн өмнө “Замын-Үүдэд оношилгоо, даатгал, улсын дугаар олгох ажлыг хэрэгжүүлэх хэрэгтэй” гэдгийг ярилцаж байсан ч одоогоор ажил болсон зүйлгүй байгаа аж.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР ("Үнэн" сонин)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна