Амиа золиослогчид олон хүний аминд хүрчээ

2015 оны 11 сарын 13

 

Ливаны нийслэл Бейрут хотын орон сууцын дүүрэгт амиа золиослогч этгээдүүд тэсрэх бөмбөг дэлбэлснээс 37 хүн амь үрэгдэж, 181 хүн гэмтэж шархтжээ. Бейрут хотын өмнөд хэсгийн Бурж аль-Баражнех дүүрэгт хоёр эрэгтэй тэсрэх бөмбөг дэлбэлсэн байна. Амиа золиослогчдын нэг нь шийтийн сүмийн гадна нөгөөх нь ойролцоох талхны дэлгүүрт тэсрэх бөмбөг дэлбэлсэн аж. Тэдний ойролцоогоос тэсрэх бөмбөг бүхий хантааз өмссөн гурав дахь хүний цогцос олдсон байна. Халдлага үйлдэгчдийн хоёр нь Палестин, нэг нь Сирийн иргэн байсан гэнэ.

 

Бейрут хотын өмнөд хэсэгт Исламын шийт урсгалын “Хезболлах” бүлэглэл хяналтаа тогтоосон байдаг аж. Халдлагыг суннитын урсгалыг баримтлагч “Исламын улс” бүлэглэл зохион байгуулснаа хүлээжээ. Үүний дараа “Хезболлах” бүлэглэл “Исламын улсын” террористуудын эсрэг тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдэгдсэн байна.

 

Ливаны иргэний дайн дууссанаас хойш 25 жилийн хугацаанд нийслэл Бейрутад олон хүний амийг хохироосон ийм халдлага гараагүй юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна