"Алдагдал нэмэгдсэн, бонд гаргаж нөхөхөөс өөр аргагүй"

2015 оны 11 сарын 13

УИХ-аар 2016 оны улсын төсвийг хэлэлцэж байна. Хоёрдугаар хэлэлцүүлгийн явцад өргөн барьсан төсөв хэрхэн өөрчлөгдөж, хэдий хэмжээний зардал нэмэгдэж байгаа талаар Сангийн сайд Б.Болороос тодрууллаа.


-Засгийн газрын өргөн барьсан төсөв хоёрдугаар хэлэлцүүлгийн явцад ихээхэн өөрчлөгдлөө. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

-Өөрчлөлтүүдийг УИХ хийж байна. Засгийн газар улсын төсвөө арван сарын 1-нд өргөн барьсан. Үүнийг УИХ батлах бүрэн эрхтэй. Энэ эрхийнхээ хүрээнд ажиллаж байгаа юм. Засгийн газар төсвөө эрүүл болгоё, ирэх жил төсвийн алдагдлыг дотоодын бонд гаргаж нөхдөггүй байя, 2017 оноос эхлээд огт алдагдалгүй төсөв баталдаг болъё гэж зорьсон. Үүнийг гишүүд ойлгож байсан. Сөрөг хүчин болон бусад гишүүд бүтцийн өөрчлөлт хийж, өрийн асуудлаа шийдье гэдэг зорилготой байсан боловч, асуудлыг нь шийдээд оруулаад ирэхээр маш их улс төржилт явагдсан.

-Хамгийн том зардлыг нэмэгдүүлсэн өөрчлөлт гэвэл ямар өөрчлөлт байна?

-Гол зардал нэмсэн өөрчлөлтүүд бол бүтцийн асуудал юм. Мөн цалингийн санг арван хувиар бууруулах санал байсан. Энэ хэмжээгээр буурахад цалин арван хувиар буурна гэсэн үг биш. Бүтцээ оновчтой болгож, орон тооны давхардлыг арилгах зорилготой байсан. Урсгал зардлын хувьд гэвэл 2012 онд харьцуулахад маш их бууруулж оруулж ирсэн. Тухайлбал гадаад, дотоод томилолтуудыг тэглэсэн. Үүний дээр УИХ нэмж таналт хийх шиг боллоо. Ер нь эдийн засгийн өсөлт өндөр байсан үед төсвийг өндөр баталж ирсний том үр дагавар өнөөдөр явж байна. Тухайлбал Хүний хөгжил сангаар дамжуулаад Оюутолгойн зээл, Чалкогийн зээл гэх мэт маш том, том зээлүүд орж ирсэн. Энэ зээлүүд зөвхөн мөнгө тараах байдлаар дууссан. Гэхдээ үүнийг дарахдаа бонд гаргаж дарсан. Ийм л буруу зарчим яваад байсан учраас үүнийг өөрчлөх зайлшгүй шаардлага байна гэж бид үзэж, төсвөө нарийн тооцож оруулж ирсэн.

-Сонгуулийн жилийн төсөв батлах гэж байна гэдэг утгаараа хөөсөрсөн төсөв баталчих вий гэсэн хардлага эдийн засагчдын дунд байсан. Хоёрдугаар хэлэлцүүлгийн явцад ийм асуудал байна уу?

-Ер нь сонгуультай жилүүдийн төсвийг харьцуулбал анх удаа бууруулж оруулж ирсэн. Тухайлбал 2011 онд 2012 оны төсвийг баталж байхад гишүүд 745 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавьж байсан. Үүний талаас илүү хувь нь одоо хүртэл баригдаагүй байх жишээтэй. Тиймээс миний байр суурь бол танай, манай гэж талцалгүй төсвөө эрүүл болгоё гэж зорьж ажилласан.

-2016 оны төсвийг өргөн барихдаа шинэ хөрөнгө оруулалтад хэдэн төгрөг тавьсан бэ?

-Анх өргөн барихдаа 127 тэрбум төгрөгийн шинэ хөрөнгө оруулалт байсан. Одоогоор ганц нэг хөрөнгө оруулалт нэмэгдээд явж байна. Тухайлбал маш их улс төржилт дагуулсан төмөр замын царигийн асуудал байна. Энэ чинь болохгүй зүйл байхгүй. Учир нь ажилгүйдлийг бууруулах, бүтээн байгуулалтад залуучуудаа оруулах дээр нь цэрэг байх нь тухайн хүндээ нэлээн том хүмүүжил олгодог. Тиймээс санал оруулсан юм. Мөн хавдрын өргөтгөл гэж маш их ярьсан. Үүний санхүүжилтийг суулгаж өгч байна. Гэх мэтчилэн ганц нэг зүйл нэмэгдсэн байгаа.

-Төсвийн алдагдал 3,3 хувь дээр нэмэгдэж байгаа гэлээ. Үүнийг яаж нөхөх вэ?

-Уг нь нэмэх шаардлага байхгүй. Яагаад гэвэл 3,3 хувь гэдэг чинь эх үүсвэртэй алдагдал байсан. Ямар эх үүсвэр вэ гэхээр Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээнүүд төсөвт нэмж тооцдог болсны үр дүнд улсын алдагдалд орчихоод байгаа юм. Гэхдээ энэ алдагдал чинь өөрөө эх үүсвэртэй алдагдал. Одоо бол төсвийн алдагдал нэмэгдэж байх шиг байна. Алдагдалтай байгаа тохиолдолд бонд гаргахаас өөр арга байхгүй.

Т.ДАВААНЯМ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна