Нийслэлийн нутаг дэвсгэрт 1222 хяналтын камер ажиллаж байна

2015 оны 11 сарын 13

Нийслэлийн иргэд өөрсдийн оршин суугаа нутаг дэвсгэрийн аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор сайн дурын үндсэн дээр нэгдэж, энэ чиглэлээр нутгийн захиргааны байгууллага болон цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах тогтолцоог бүрдүүлэхээр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 126 дугаар тогтоолоор “Хөршийн хяналтын хөтөлбөр”, “Хөршийн хяналтыг хэрэгжүүлэх журам”-ыг баталсан.

Хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлээд буй зарим ажлуудыг танилцуулж байна.

Нийслэлийн 152 хороонд “Хөршийн өдөр” арга хэмжээг 08 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулж, 67500 гаруй иргэн хамрагдсан байна. Хөршийн хяналт хөтөлбөрийг хэрэгжүүлж  эхэлснээр нийт 335 хөршийн хяналтын бүлэг байгуулан ажиллаж ба гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийг оролцуулах, дүүрэг, хорооны оршин суугчид хоорондоо танилцах, харилцан мэдээ, мэдээлэл солилцох нөхцөл бүрджээ. Нийслэлийн хэмжээнд нийтийн хэв журам хамгаалах,олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гудамж талбайд хяналт тавих чиглэлээр 2010 оноос эхлэн улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээлээр нийслэл хот, алслагдсан 3 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 1222 хяналтын камертай 18 төрлийн бие даасан теле хяналтын системүүдийг суурилуулсан байна. 2015 оны эхний 10 сард олон нийтийн цагдаагийн ажилтнуудаас хэсгийн байцаагчтай хамтран гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй 1610 газар, эмзэг цэгийн судалгаа, объектын 65, субъектийн 50 төрлийн бүртгэл, судалгааг хийж, хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй 2300 иргэнд дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч ажиллажээ. Мөн нийслэлийн 152 хороонд байрлалтай 102 хотхон, орон сууцны 44 хорооллын 1779 байрыг хариуцсан сууц өмчлөгчдийн 519 холбооны идэвхтэн гишүүд, хорооны хэсгийн 1800 ахлагч, орон сууцны харуул хамгаалалтад ажилладаг 65 аж ахуйн нэгж, 335 хөршийн хяналтын бүлгийн гишүүд, цагдаагийн алба хаагчидтай хамтран хариуцсан хороодын нутаг дэвсгнэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хийж байна.  Үүрэг гүйцэтгэх хугацаанд гудамж талбай, олон нийтийн газар архидан согтуурч танхайрсан 850, иргэдийн амгалан тайван байдал алдагдуулсан 1665, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн танхайрсан 498, нийт 3013 дуудлага, мэдээллийг шалган шийдвэрлэхэд оролцож, зөрчил гаргасан 15 мянган иргэнд хууль тогтоомж биелүүлэх шаардлага тавьж, цагдаагийн байгууллагад хүргэн зөрчлийг шийдвэрлүүлж, 27 гэмт хэргийг илрүүлж, 185 хэргийн газрыг хамгаалалтад авч ажилласан байна. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 64 төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран их, дээд сургуулийн 23 мянган сурагч, цэцэрлэгийн 3,6 мянга гаруй хүүхдийн дунд уулзалт өдөрлөг зохион байгуулж, “School police”-ийн эргүүлээр ажилласан 38 мянган эцэг, эхчүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгчээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна