Экспортыг нэмэгдүүлэх ач холбогдолтой айлчлал байлаа

2015 оны 11 сарын 13

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн БНХАУ-д хийсэн айлчлалын гол өнгийг эдийн засгийн харилцаа тодорхойллоо. Айлчлалын дүнд нийт 11 баримт бичигт гарын үсэг зурсны дотор хамгийн жин дарж, үр ашгаа ойрын хугацаанд өгөх нь махны экспортын асуудал байлаа. Дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны махыг Монгол улс БНХАУ-д экспортлох, импортлох хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын хамтын ажиллагааны тухай Монгол улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газар хооронд санамж бичиг гарын үсэг зурсан.  Сүүлийн хэдэн жилийн турш Монгол улс малын махаа хойд, урд хоёр хөрш рүүгээ гаргах талаар идэвхтэй яриа хэлэлцээ хийж, шат шатны айлчлалын гол сэдвийн нэг болсоор ирсэн. Өнөөдрийн байдлаар махыг дулааны аргаар буюу цельсийн нэмэх 70-аас дээш хэмд мах боловсруулах хорь гаруй үйлдвэр ажиллаж байгаа бөгөөд эдгээр үйлдвэрт өдөртөө 4500-7500 тонн мах боловсруулах хүчин чадалтай.

ХХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболдын айлчлалын үеэр сэтгүүлчдэд өгсөн мэдээллээр Хятадын хорио цээрийн албаны хүмүүс өнгөрсөн намар Монголын баруун бүсийн аймгуудад ажиллаж, тус бүс нутгаас мах импортлон авах боломжтой гэсэн эхний дүгнэлтэд хүрчээ. Одоогийн байдлаар “Монгол мах экспо”, “Монгол мах эко” хоёр компани БНХАУ руу мах экспортлох зөвшөөрлөө Засгийн газраас авсан, одоо Хятадын талын зөвшөөрлөө хүлээгээд байж байгаа юм. Хятадын талын зөвшөөрөл ирмэгц шууд махаа экспортлох боломжтой гэж ХХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд хэллээ. БНХАУ-ын ГЯЯ-ны Азийн газрын дэд дарга Чин Хайн өгсөн мэдээллээр энэхүү айлчлалын үеэр хилийн ойролцоо мал боловсруулах болон мал нядлах үйлдвэр байгуулах талаар айлчлалын үеэр ярьжээ. Хятадын талын зүгээс хил дамнасан худалдааны чөлөөлт бүс байгуулах саналыг түлхүү тавьж байгаа юм байна.

Өөр нэг чухал баримт бичиг нь Шивээ-Овоо төслийн ТЭЗҮ-ийн судалгааны ажлыг хариуцан гүйцэтгэх тухай Монгол улсын Эрчим хүчний яам, БНХАУ-ын Үндэсний цахилгаан дамжуулах сүлжээ корпораци хоорондын гэрээ юм. Эрчим хүчний шинэ эх үүсвэр хайх, шинээр цахилгаан станц барих чиглэлд Монголын тал Хятадын компаниудтай сүүлийн жилүүдэд эрчимтэй хамтран ажиллаж байгааг Эрчим хүчний сайд Д.Зоригт онцолж байна. Д.Зоригт сайдын мэдээлснээр Шивээ-Овоогийн цахилгаан станцын ТЭЗҮ-ийг зургаан сарын хугацаанд хийж гүйцэтгэх бөгөөд ТЭЗҮ үр ашигтай гарвал цаашдын хамтын ажиллагааны асуудлыг ярилцах юм. Шивээ-Овоо төсөл нь амжилттай хэрэгжсэнээр эрчим хүч экспортлох боломжтой болохыг сайд Д.Зоригт онцолсон. Эрчим хүчний салбарын өөр нэг томоохон төсөл энэ айлчлалын үеэр шийдэгдсэн нь Эгийн голын усан цахилгаан станц юм. Айлчлалын үеэр гарын зурсан Хятадын Экспорт, импорт банкнаас авах нэг тэрбум ам.долларын зээлийн дийлэнх нь буюу 730 сая орчим нь энэ төсөлд зарцуулагдах учиртай. Эгийн голын станц ашиглалтад орсноор Монгол улс ОХУ-аас эрчим хүч импортлох шаардлагагүй болох юм. Одоогийн байдлаар монголчууд жилдээ 30 сая ам.долларыг ОХУ-аас авч байгаа эрчим хүчний үнэд төлж байгаа юм.

Д.НАРАНТУЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна