Нарендра Моди Их Британийг ЕХ-д нэвтрэх хаалга гэв

2015 оны 11 сарын 13

 

Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди Их Британид гурван өдрийн айлчлал хийж байна. Их Британи-Энэтхэг хоёр орныг олон улсад тэргүүлэх холбоотон орнуудын нэг болохыг зорьж буйгаа айлчлалынхаа үеэр Нарендра Моди мэдэгджээ. Нарендра Моди Их Британи бол Энэтхэгийн Европын холбоонд нэвтрэх хаалга хэмээн үзэж байгаа аж. Тиймээс тэрбээр Их Британи Европын холбооноос гарах асуудалд санаа зовниж буйгаа ярьжээ.

 

Ойрын 10 жилийн хугацаанд Их Британид айлчилсан Энэтхэгийн анхны ерөнхий сайд Нарендра Модийг Лондонд улаан хивс дэвсэн угтан авсан аж. Түүний айлчлал Их Британийн колони байсан орон Энэтхэгтэй харилцах харилцаанд чухал ач холбогдолтой юм. Нарендра Моди Их Британийн парламентад үг хэлсэн Энэтхэгийн анхны ерөнхий сайд болжээ. Түүнийг өнөөдөр /XI.13/ Их Британийн хатан хаан II Элизабет хүлээн авч уулзах юм.

 

Нарендра Модийн айлчлалын үеэр хоёр орны хооронд есөн тэрбум фунт-стерлингийн худалдааны гэрээ хэлцэл байгуулах тухай яригдаж байна. “Их Британи-Энэтхэг хоёр орны хооронд одоо үргэлжилж буй хэлцлүүд хоёр орны хувьд маш ач холбогдолтой” хэмээн Нарендра Моди мэдэгджээ. Түүнчлэн Лондонд нэг тэрбум фунт стерлингийн рупийгээр нэрлэсэн бондыг арилжаалах болжээ. Мөн Энэтхэг “BAE Systems”-ийн “Hawk” сургуулилтын онгоцнуудыг худалдаж авах тухай яригдаж байна.

 

Үүний зэрэгцээ Энэтхэгийн ерөнхий сайдын айлчлалыг эсэргүүцэн 500 орчим хүн засгийн газрын ордны гадна жагсаал зохион байгуулжээ. Тэд Нарендра Модийг Энэтхэгт шашныг хавчин гадуурхаж, хөрш Балбад интерференц явуулж байгаад буруутгасан байна. Энэтхэгт 2002 онд 1000 гаруй хүн амь үрэгдсэн мусульманчуудын эсрэг бослогын улмаас Нарендра Моди 2012 оныг хүртэл Их Британид нэвтрэхийг хориглосон байсан юм.

 

Энэтхэг улс нь дэлхийд эдийн засгаараа наймд жагсдаг бөгөөд “Их 20” орны бүлэг дундаа хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засагтай орон юм.

 

 

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ВВС, AGENCE FRANCE-PRESSE

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна