Харанхуйгаас гэтэлгээч

Хуучирсан мэдээ: 2015.11.13-нд нийтлэгдсэн

Харанхуйгаас гэтэлгээч

Би монгол хүний саруул ухаанд итгэдэг… Санжаасүрэнийн Зориг 

Аливаад уужуу, тайван, холч ухаанаар хандаж, хийхээсээ урьдаж бясалган, дотор хүнтэйгээ ярилцагч монгол хүний мөн чанар, ааш араншин улам үгүй болсоор. Аливаад ашиг хонжоо, оноо авах гэсэн ухвар мөчид бодлоор хандах болсон бидний бодол, улстөрчдийн хийрхэл монголчуудыг улам бүр харанхуй руу хөтөлжээ.   

С.Зориг агсны хэлсэнчлэн саруул ухаан бидэнд дутагджээ. Аливаад эрүүл ухаанаар хандахаа больсны нэгэн илрэл нь өнөөдөр болсон аймшигт үйл явдал. Өөрийн байр суурь, үзэл бодлоо илэрхийлэх индэр болсон хэвлэлийн бага хурлын танхимд “Шатах ёстой бол шатъя” гэж өөрийгөө шатаасан “Эрдэнэс Тавантолгой” компанийн Үйлдвэрчний эвлэлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Эрдэнэ чухам юуны тулд, яаж гэж ийм болчимгүй үйлдэл хийв. Эх орон, тусгаар тогтнол, ирээдүй хойчийнхоо төлөө өргөдөг халуун амь, бүлээн цусаа чухам юуны тулд бүрэлгэхийг оролдов.

Амиа золиослоход аминаас ч илүү чухал зүйл хэрэгтэй. 

Энэ бүхний шалтгааныг "Засгийн газраас манай компанийг дэмжихгүй, ямагт дарж байна. Ажилчдын ар гэр өлсгөлөнд автлаа. Тиймээс би үр хүүхдийнхээ болон Монголын ард түмний өмнө өөрийгөө шатаалаа" гэж С.Эрдэнэ өөрийн үйлдлээ зөвтгөлөө.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс ажилтнууддаа “Австралийн компани Монголоос гарч оронд нь Хятадын компани орсон. Тиймээс Хятадын компани руу та нарыг шилжүүлсэн” гэж мэдэгдэж байсан. Харин ингэснээр тэдгээр ажилчдыг цомхтгосон уу, цалин нь буурсан уу гэх асуулт гарч ирнэ. Тэгвэл энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Нэг ч ажилчныг цомхотгохгүй. Цалингийн хувьд өмнө нь хэдийг авдаг байсан түүнийгээ л авна. Бид 12 сарын турш ямар нэгэн цомхотгол хийхгүй гэсэн баталгаа гаргаж байсан ч ажилчдынхаа санал хүсэлт, эрх ашгийг хамгаалах үүднээс тухайн компанийн гэрээний хугацаанд буюу 33 сарын турш ямар нэгэн халаа, сэлгээ хийхгүй байх баталгаа гаргаад байсан” гэдгийг хэллээ.

Ердөө л энэ. Нэг компанийн мэдлээс нөгөө компанийн мэдэлд шилжүүлсний төлөө “зулын гол” болохоор яасан хямдхан амь бэ. “Үр хүүхдүүдийнхээ төлөө” гэсэн атлаа хямралын хүнд бэрх цагт өөрийгөө шатааж, өнчрөл хагацлын гашуун зовлонд ойр дотнынхноо унагаад, өөрөө хорвоогоос “зугтахыг” хүсэх нь зөв алхам юм гэж үү?!

Цөөхөн монголчууд ажлын байргүй боллоо гээд япончууд шиг амиа хорлолтоороо дэлхийг тэргүүлээд эхэлбэл яах вэ?

Түүний энэ утгагүй үйлдэл өсвөр насны дэврүүн, доргисон сэтгэлтэй залууст хэрхэн нөлөөлөх бол…

Сошиал ертөнцөөр дэлхийд түгсэн өөрийгөө шатааж буй түвд ламын үйлдэл тусгаар тогтнол, харь гүрний дарангуйллыг эсрэг эрх чөлөөний төлөөх тэмцэл байсан болохоос нэг компаниас нөгөө компанид шилжин ажиллах өчүүхэн асуудал байгаагүй.  

Өнөөгийн бид ийм л харанхуй нийгэмд амьдарч, түүнээсээ гарахыг тэмүүлэхийн оронд харин ч эсрэгээрээ улам бүр живж байна. Монголчуудын энэ их стресс, уур омог өнөөдөр зүгээр байсан ч маргааш галзуурчих хэмжээнд хүртлээ сэтгэцэд нөлөөлөх болсон тухай сэтгэлзүйчид анхааруулах болсон.   

Үнэхээр тийм. Тиймээс л бид аливаад уужуу, хүлээцтэйгээр хандаж аль болох сайхныг бодож сайн руу тэмүүлэхгүй л бол сэтгэлгээний хувьд харанхуй жунглийн гүн рүү хар эрчээрээ орж байна.

Үүнд улстөрчид ч буруутай. Өөрөө ялалт байгуулахын тулд өрөөлийг эрлийз, хурлийзаар нь дуудаж, хэзээ ч нүүгээд явахгүй хөршөө хэтэрхий муулдаг нь иргэдийг талцуулж, үндэсний үзэл санааг үгүйсгэлийн өс хонзон болгох хэмжээнд аваачтал тархи угаасны гай ийнхүү тэсэрч байна. Үндсэрхэг гэдэг нь өөрийн өв соёл үнэт зүйлс, нийтийн эрх ашгийг хамгаалахын нэр болохоос дуртайгаа доромжилж, гадныханг нүд үзүүрлэн, боломж олдвол зодож, нүдэн танхайрлын томъёолол лав биш.

Бүхнийг үгүйсгэх үгүйсгэлээр сэтгэлээ зогоогчид өдөр ирэх тусам олширч, үр хүүхэддээ зааж, зөвлөн, сургамжилж суух ёстой буурлууд цөөрч, ахмад настнаа хүндэтгэн хайрлах залуус ч ховорджээ. Энэ бүхнийг засч, залруулах ёстой нийгмийг манлайлагчид нь өөр хоорондоо нам болон талцсаар л байна.

Өнөөдөр бидэнд талцал, хуваагдал биш нэгдмэл, нэг ойлголтоор аливаад хандаж, хийрхэл, улстөржилтөөс илүү урд ажлаа хийсэн шиг хийгээд урагш хөдлөх нь чухал.

Бид энэ хэвээрээ цааш явбал бидний үр хүүхэд, хойч ирээдүй ямар аймшигтай харанхуй ертөнцөд амьдрах вэ?! Өнөөдрийн үйлийн үр маргааш ирдэг нь жамаас хойш бид хойч ирээдүй, хожмын төрлөө бодоод түнэр харанхуйг зүхэж суухаар өөр өөрсдийнхөөрөө өнгө, гэрэл нэмбэл яасан юм бэ?! Бид чинь уудам тал шигээ ухаантай, учирсан зовлонгийн өмнө өвдөг сөхөрдөггүй сөрдөг, нулимсаа хүртэл нууж гаргадаг мохошгүй Монголын үр сад биз дээ.

Л.НАРАНТӨГС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж