Самбо бөхийн ДАШТ-д 82 орон оролцож байна

2015 оны 11 сарын 13

Самбо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Марокко улсын Касабланкад эхлэх гэж байна. Африк тивд анх удаа зохион байгуулагдах тус тэмцээний өмнөх өдөр Олон улсын самбо бөхийн холбооны (FIAS) 27-р конгресс Ле Литтораль зочид буудалд хуралдлаа.

Хурлаар өмнөх конгрессоос хойш FIAS ямар ажил хийсэн тайлан сонсож, санхүү болон гишүүнчлэлийн талаар мэдээлэл сонсож, цаашид өөрийн спортыг дэлхий дахинд хэрхэн түгээх талаар хэлэлцлээ. Тус холбоонд Македон, Вьетнам, Тайвань, Перу улсууд бүрэн эрхэт гишүүнээр элсэж, мөн бичг баримтаа хараахан бүрүдүүлж амжаагүй өөр 21 улсыг дэд гишүүнээр батлав. Ийнхүү Олон улсын самбо бөхийн гэр бүл 88 бүрэн эрхэт гишүүнтэй болж байна.

2016 оны уралдаан тэмцээний хуваарийг ярилцсан бөгөөд тамирчдын олон улсын чансааг туршилтын журмаар гаргах болов. Түүнчлэн жил бүрийн 11-р сарын 16-нд ОХУ-д тэмдэглэж хэвшээд буй Самбо бөхийн өдрийг дэлхий нийтийнх болгох саналыг гаргалаа.

Энэ удаагийн ДАШТ-д 82 орны тамирчид оролцохоор Мароккод ирээд байгаа бол 11 оронд тус тэмцээнийг телевизээр шууд дамжуулан үзүүлэх гэж байна. 2014 оны ДАШТ-ийг самбо бөхийн эх орон ОХУ-аас гадна Монгол, Беларусь гэсэн гуравхан улсад шууд дамжуулсан билээ.

Өнөөдөр эрэгтэй 52 кг, 68 кг, 90 кг, эмэгтэй 48 кг, 60 кг, 72 кг, байлдааны самбын 57 кг, 74 кг, -100 кг-ийн жингийн барилдаан болж аваргуудаа тодруулна. Манай улсаас Г.Мөнхбат 52 кг-д, Х.Амартүвшин 74 кг-д тус тус өрсөлдөх юм.

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛ СПОРТЫН СЭТГҮҮЛЧДИЙН ХОЛБОО

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна