Цалин нэмэх асуудлыг 2016 онд шийдэхээр тохиролцов

Хуучирсан мэдээ: 2015.11.13-нд нийтлэгдсэн

Цалин нэмэх асуудлыг 2016 онд шийдэхээр тохиролцов

Нийгмийн түншлэгч талууд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын 2015-2016 оны хэлэлцээрийн 3.4 дэх заалт буюу төрийн албан хаагчдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудлаар нэмэлт хэлэлцээрийг энэ сарын 11-нд Төрийн ордонд хийлээ.

Хэлэлцээрт оролцсон гурван талын Засгийн газрын төлөөллийг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Үйлдвэрчний эвлэлийг МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, ажил олгогчийн төлөөллийг МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар ахалсан юм.

Талууд нэмэлт хэлэлцээр хийж шийдвэрлэх шаардлагатай болсон 3.4 дэх заалтад  “Төрийн албан хаагчдын 2015 оны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд 90 тэрбум төгрөг, тэтгэвэр нэмэгдүүлэхэд улсын төсвөөс нийгмийн даатгалын санд олгох татаасыг 13 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 2015 оны төсвийн тодотголд тусган УИХ-аар шийдвэрлүүлнэ. Төрийн албан хаагчдын цалинг үе үе шаттайгаар нэмэгдүүлэх хувь хэмжээ, хэрэгжүүлэх хугацааг салбарын яамд, үйлдвэрчний салбарын хороодтой тухай бүр зөвшилцөж шийдвэрлэнэ. Төсөвт байгууллагын төсвийн хэмнэлтийг цалин нэмэгдүүлэхэд зарцуулах асуудлыг салбарын хамтын хэлэлцээр, хамтын гэрээгээр шийдвэрлэж байна” хэмээн заасан. 

Хэлэлцээр хийж талууд гарын үсэг зурсан өнгөрсөн нэгдүгээр сард Засгийн газар эдийн засгийн өөдрөг төсөөлөлтэй байсан ч дэлхийн зах зээл дээр өдөр хоногоор урууудаж буй уул уурхайн бүтээгдэхүүн, түүхий эдийн үнэ ханшаас үүдэн төсөвт хүндрэл үүсч цалин нэмэгдүүлэх боломжгүй болсон. Гэвч Үйлдвэрчний эвлэлээс Засгийн газрыг хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлж төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхийг удаа дараа шаардаж, улмаар Хөдөлмөрийн хамтын маргаан үүсгээд байгаа юм. Тиймээс энэ асуудлаар зайлшгүй нэмэлт хэлэлцээр байгуулж хэлэлцээрт заасан асуудлыг шийдэх гарц олох ёстой гэдгийг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо үзсэн. Тэр дагуу уг нэмэлт хэлэлцээрийг хийж буйг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны дарга Г.Баярсайхан танилцуулсан. Тэрбээр мөн  “Засгийн газраас 2016 оны төсвийг УИХ-д оруулж ирэхдээ төрийн өндөр албан тушаалтан болон улс төрийн албан тушаалтны цалинг 30 хувиар бууруулах, төрийн албаны орон тоог цөөрүүлэхээр тусгасныг Хөдөлмөрийн яам анхнаасаа дэмжээгүй. Гэхдээ одоо батлагдах гэж байгаа Төсвийн тухай хуульд хэн нэгний цалинг хасах, орон тоог бууруулах тухай асуудал байхгүй. Тиймээс эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед цалин нэмэх гэхээсээ илүүтэй ажлын байр, цалин орлогыг тогтвортой хадгалах ёстой” хэмээн байр сууриа илэрхийлж, Үйлдвэрчний эвлэлийн талыг асуудалд бодитой хандахыг уриалсан юм.  

Ажил олгогч эздийн холбооныхон ч Засгийн газартай адил байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Тэд төрийн албан хаагчдын цалинг нэмэх нь эдийн засагт ямар ч ашиггүй, харин ч эсрэгээрээ үнийг хөөрөгдөж, инфляцийг нэмэх шалтгаан болохоос гадна үйлдвэрлэгчдийг улам бүр хүнд байдалд оруулна гэдгийг хэлж байсан.

Хэлэлцээр нэлээд удаан үргэлжилж, талууд өөр өөрийн байр сууриа хангалттай олон талаас нь илэрхийлсний эцэст Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханы санаачилгаар хэлэлцээрийн 3.4-т заасан төрийн албан хаагчдын 2015 оны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд зарцуулахаар тусгасан 90 тэрбум төгрөгийг 2016 оны төсвийн эхний тодотголд шилжүүлэн, Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэхээр боллоо. Мөн Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хуулийг дагаж гарах УИХ-ын тогтоолд төрийн албан хаагчдын цалинг 2016 онд нэмэгдүүлэхтэй холбогдсон саналыг тусгахаар талууд тохиолцлоо. Нэмэлт хэлэлцээрт Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлыг 2016 оны нэгдүгээр улиралд багтааж шийдвэрлэх саналыг тусгахаар болсноор хуралдаан өндөрлөв.

ЭХ СУРВАЛЖ: ХӨДӨЛМӨРИЙН ЯАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж