Монгол бичгийн үзэсгэлэн дэлгэгдэв

2015 оны 11 сарын 13

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Мөнх тэнгэрийн бичиг” монгол бичгийн үзэсгэлэнг зохион байгуулдаг билээ. Өнөөдөр “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэн Соёлын төв өргөөнд байрлах Уран зургийн галлейрд дэлгэгдсэн юм. Энэ жилийн хувьд зөвхөн монгол бичгийн үзэсгэлэнгээр тогтохгүй хэд хэдэн онцлогтойг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцоллоо. Ялангуяа техникийн эрин ирж, хүн бүр цахим ертөнцөөр “амьсгалдаг” болсон энэ үед залууст хэл, соёлоо түгээхийн тулд монгол бичгийг цахимжуулах шаардлага тулгарсан гэдгийг онцолж байв. Тиймээс цахим монгол бичгийн галерейг үзэсгэлэнгийн үеэр нээсэн юм.

Ингэж цахимжуулснаар иргэд компьютер дээр монгол бичгээр шивэх боломж бүрджээ. Энэ нь монгол бичгийг хүүхэд, залуусын хэрэглээ болгоход томоохон дэвшил гэж үзэж байна. Тиймээс ч үзэсгэлэнгийн үеэр  цахим монгол бичгийн зааварчилгаа, албан хэрэг хөтлөлт, монгол бичгээр сайтуудын зөвлөгөөг өгч байгаа юм.

Мөн үзэсгэлэнд эртний монгол бичгийн дурсгал, 300 гаруй ном товхимол, зоос, сурвалж, 1985-2015 онд төрөөс гарсан бүх тогтоол шийдвэр, цахим монгол бичгийн машин зэргийг дэлгэжээ.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна