Монголдоо хамгийн том “Соёмбо хөшөөт цогцолбор”-ыг Хөвсгөлд байгуулна

2015 оны 11 сарын 13

Сэтгүүлч:
Хөвсгөл

Эх орныхоо хоймор нутгийн хүү, “Хөвсгөл хөгжил” сангийн тэргүүн Л.Мөнхбаатарын санаачилгаар Мөрөн хотноо “Соёмбо” хөшөөт цогцолборыг бүтээн байгуулах гэж байна. Өндөр гэгээн Занабазарын зохиосон Соёмбо үсгийн эхний титэм үсэг болох “Соёмбо” хөшөөт цогцолбрын шав тавих ёслол Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсэн билэгт сайн өдөр  Мөрөн хотын төв талбайд боллоо.

Шав тавих ёслолд “Хөвсгөл хөгжил сан”-ийн тэргүүн Л.Мөнхбаатар, Хөвсгөл аймгийн удирдлагууд болон Хөвсгөлийн хүчтэн дэвжээний бөхчүүд оролцсон юм. Мөн Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн лам болон Мөрөнгийн хүрээ Гандандаржаалан хийдийн лам нар ном айлдан хуран цугласан иргэд, сүсэгтэн олноо баясгалаа.

Цугласан олондоо хандан цогцолборыг  санаачлагч Л.Мөнхбаатар “Соёмбо сүлд бол эртнээс нааш төрийн далбаанд залран Монгол улс үүрд мандан бадрахын билэгдэл болж, түмэн олон ч хүндэтгэн төрийнхөө сүлдэнд залбирсаар ирсэн. Тиймээс “Хөвсгөл хөгжил сан”-гаас соёмбо сүлддээ зориулан босгох эл хөшөөт цогцолбор нь Хөвсгөлчүүдийн хийморийг сэргээж, ард олны урам зоригийг улам бадраан, соёмбын гүн утга агуулгыг хүүхэд залууст таниулах, үргэлжид сануулах зорилготой. Мөн цогцолбор бий болсоноор Мөрөн сумын өнгө үзэмжийг нэмэх, гадаад, дотоодын жуулчдад үзүүлэх газрыг нэмэгдүүлэх, иргэдийн чөлөөт цагаа ая тухтай өнгөрөөх бололцоог хангах өндөр ач холбогдолтой” гэдгийг онцолж байлаа. 

Монголдоо хамгийн том болох Соёмбын хөшөөт цогцолбор нь ирэх 2016 оны 7-р сарын 10-ны өдөр ашиглалтанд орох бөгөөд тус сангийн санхүүжилт болон Хөвсгөл аймгийн ЗДТГ, иргэдийн хандив тусламж, дэмжлэгт тулгуурлан барьж байгуулахаар төлөвлөсөн байна. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна