А.Гантулгын санаачилгаар “Зүрх судлалын тасаг”-ийг бүрэн шинэчиллээ

Хуучирсан мэдээ: 2015.11.13-нд нийтлэгдсэн

А.Гантулгын санаачилгаар “Зүрх судлалын тасаг”-ийг бүрэн шинэчиллээ

П.Н.Шастины нэрэмжит улсын III төв эмнэлгийн Зүрх судлалын тасаг цоо шинэ мэт боллоо. 1985 оноос хойш 30 жил их завсарын ажил хийгдээгүй тус тасгийг Төрийн орон сууцны корпораци /ТОСК/-ийн захирал А.Гантулгын санаачилга, барилгын компаниудын дэмжлэг, хөдөлмөр, хүчээр ийнхүү бүрэн шинэчлэн засварлажээ.

Зүрх судлалын тасаг нь зүрх судасны өвчтөн оношлох, эмчлэх, зүрхний хэт авиан шинжилгээ хийх, улаан хоолойгоор зүрхний хэт авиан шинжилгээ хийх, зүрхний ачаалалтай бичлэг, 24 цагийн холтер шинжилгээ, хүнд хэлбэрийн хэм алдагдлын үед Пейсмейкер тавих эмчилгээ, титэм судасны шинжилгээ, эмчилгээнд өвчтөн бэлдэх, сонгох эмчилгээг хийдэг. 35 ортой тус тасагт долоо хоногт 250-300, нэг сард 1200-1300 хүн хэвтэн эмчлүүлдэг. Тэдгээр өвчтний 70 гаруй хувь нь зүрхний дутагдалтай хүмүүс байдаг. 21 аймаг, есөн дүүргээс ирсэн зүрхний хамгийн хүнд өвчлөлтэй хүмүүст эмчилгээ хийдэг гэж Зүрх судлалын тасгийн эрхлэгч Н.Байгалмаа ярьж байсан.

Бүрэн шинэчлэн засвар хийхээс өмнө Зүрх судлалын тасгийн хана туурга халцарч муудсан, шавар шохой нь ховхорч хуурсан зэргээр тохижилт, тав тух тун муутай байжээ. Энэхүү тасгийг засварлах санааг ТОСК-ийн захирал А.Гантулга цахим ертөнцөөс олж, барилгачин нөхдөдөө хандаж, тэдний дэмжлэг туслалцаатайгаар санаагаа гүйцэлдүүлсэн нь энэ аж. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Нэг хүний амь аврахад 1000 суварга бүтээсэнтэй адил буян хурдаг гэнэ. Буян хйимээр байвал суварга биш эмнэлэг барихад мөнгөө хандивлаарай” хэмээх үг дээрх буянтай үйлсийг бүтээх сэдэл болжээ.

Тиймдээ ч мөн үгийг Ардын уран зохиолч эрхэм найрагчийн хөрөг болоод Зүрх судлалын тасгийг шинэчлэн засварлахад өөрийн хувь нэмрээ оруулсан барилгын компаниудын нэрийг сийлсэн модон самбарыг тус тасгийн хойморт өлгөсөн байсан.

Бүрэн шинэчлэн засварласан Зүрх судлалын тасгийг хүлээлгэн өгөх үйл ажиллагааны үеэр ТОСК-ийн захирал А.Гантулга “ТОСК-ийн хамт олон нийгмийн хариуцлагаа ухамсарлан олон арга хэмжээ зохион байгуулсан. Тэдний нэг нь өнөөдрийн ажил болж байна.  Тухайн үед хамт олонтойгоо ярилцаж байгаад Зүрх судлалын тасгийн нэг өрөөг засварлах тухай ярьж байсан. Тэгтэл бүгдийг нь засварлавал ямар вэ гэдэг санал орж ирээд барилгын компаниуддаа хандаад 20 гаруй компаниа уриалаад хандив гуйсан. Тэд маань дэмжиж энэ том бүтээн байгуулалтыг хийж өглөө. Орчны тохь тухтай байдал эмч нарын болоод эмчлүүлж буй өвчтний сэтгэл санаанд нөлөөлдөг байх. Төрийн эмнэлэг хувийн эмнэлгээс юугаараа дутахав гэдэг бодол төрсөн. Энэ тасгийг ингэж орчин үеийн шийдэлтэй тохижуулж өгсөндөө баяртай байна” гэлээ.

Зүрх судлалын тасагт бүрэн шинэчилсэн засвар хийх ажлыг “Ногоон гэр хөгжил” ТББ-ын захиалгаар “Инвет” ХХК 28 хоногийн дотор хурдан шуурхай хийж гүйцэтгэжээ. Энэхүү ажлыг 20 компани тусалж дэмжиж оролцжээ. Тэд таван саяас 10 сая төгрөгийн хандив өргөж уг буянт ажлыг дэмжсэн гэдгийг “Ногоон гэр хөгжил” ТББ-ын тэргүүн У.Баатар онцолж байсан.

П.Н.Шастины нэрэмжит улсын III төв эмнэлгийн Зүрх судлалын тасгийн 460 м.кв гаруй талбай бүхий 33 өрөө тасалгааг бүрэн шинэчлэн засварлажээ. Уг талбайд нийт 100 сая орчим төгрөгийн засварын ажил хийгдсэн байна. Халтирч гулгадаггүй зөөлөвчин шал, гэрлийн тусгалын сааруулагчтай гурван давхар хамгаалалттай вакум цонх, мэдрэгчтэй гэрлүүд, хүний биед үл харшлах олон улсын эмнэлгийн стандартад нийцсэн ханын будаг, өвчтөн эмчлүүлэгчид орж гарахад тохиромжтой хаалга, бие засахад туслах тулгуур бариул зэргийг шинээр шийдэж өгчээ.

Өнөөдрийн ажиллагаанд хүрэлцэн ирсэн Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн энэхүү үйлийг хожим их сайхнаар үргэлжилнэ, их сайхан юмны эхлэл боллоо гэж бодож байна хэмээгээд Зүрх судлалын тасгийг тохижуулсан залууст би хязгааргүй их баярлаж байна гэж хэлсэн.

Мөн П.Н.Шастины нэрэмжит улсын III төв эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир “Жил бүр улсын төсөвт эмнэлгийн барилга засварлах санал, төсөл илгээдэг боловч нөхөлт маягаар шийдэгдэж ирсэн. 1985 онд эмнэлэг энэ байранд шилжин орсноос хойш өнөөг хүртэл бүрэн засвар хийгдээгүй байсан. Тиймээс манай эмнэлгийн Зүрх судлалын тасагт бүрэн засвар хийж өгсөнд гүн талархал илэрхийлж байна” гэв.

Ирэх онд манай улсад шинэ цагийн барилгын салбар үүсэж хөгжсний 90 жилийн ой тохионо. Иймээс ТОСК болон барилгын компаниуд нийгмийн хариуцлагаа ухамсарлан, их ойгоо угтаж энэхүү буянтай ажлыг хийжээ.

Б.БЭХИ

ЭХ СУРВАЛЖ: WWW.SHUUD.MN

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж