С.Эрдэнэ Өргөдлийн байнгын хороонд хандаж байжээ

Хуучирсан мэдээ: 2015.11.13-нд нийтлэгдсэн

С.Эрдэнэ Өргөдлийн байнгын хороонд хандаж байжээ

"Эрдэнэс Тавантолгой" компанийн ажилчид өнөөдөр "Зууны мэдээ" мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийж байх үеэр тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө бензинээр шатаасан хэрэг гарсан.

Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр мэдээллийн эхэнд “Иргэн С.Эрдэнэ 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд өргөдөл ирүүлсэн байна” хэмээлээ.

Уг өргөдөлд “Компанийн удирдлагууд компанийн эдийн засгийн байдлыг сайжруулах нэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40.3, 40.5 дахь заалтуудыг ноцтой зөрчин 206 мэргэшсэн ажилтнаа халсан. Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон эрхийг минь ноцтой зөрчин, бусдад худалдсан хэмээн үзэж байна. Австралийн нэр бүхий компани, БНХАУ-ын харьяа компани болсныг хүлээн зөвшөөрч, хамтын ажиллагааны итгэлцлийн гэрээг Монгол Улсын газар нутаг дээр ажил үүрэг гүйцэтгэх гэрээ болгон өөрчлөх эрх зүйн чадамжгүй, хүчингүй гэрээ хэмээн тооцож байна” хэмээн бичсэн болохыг уншиж танилцууллаа.

Мөн уг гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчиж байгааг дурдаад, Засгийн газраас ажлын хэсэг байгуулан шалгуулж өгөх хүсэлт ирүүлжээ.

Байнгын хорооны дарга О.Баасанхүү, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16.1-т заасны дагуу Өргөдлийн байнгын хороо иргэн С.Эрдэнээс ирүүлсэн өргөдлийг холбогдох хууль, журмын хүрээнд шийдвэрлэхээр ажиллаж байна гэж мэдээллээ.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж