“Өөрийгөө шатаахгүйгээр шийдэж болох байсан”

2015 оны 11 сарын 13

“Эрдэнэс-Таван толгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга С.Эрдэнэ өөрийгөө шатааж эсэргүүцлээ илэрхийлсэн билээ. Тэгвэл энэ асуудлаар тус компанийн зүгээс албан ёсны мэдэгдэл хийв. “Эрдэнэс-Таван толгой” компанийн Гадаад харилцаа, орон нутаг олон нийттэй харилцах хэлтсийн дарга П.Гэрэлтсансар мэдээлэл хийв. П.Гэрэлтсансар ”С.Эрдэнэ хэлэхдээ “Эрдэнэс-Таван толгой” компани биднийг дэмжихгүй, хүндрэлтэй байдал үүсгэснээс  ажилчдын ар гэр өлсгөлөнд автлаа. Тиймээс би үр хүүхдийнхээ төлөө Монголын ард түмний өмнө өөрийгөө шатаалаа” гэж мэдэгдсэн.

“Эрдэнэс-Таван толгой” компани нь Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа. Үнэхээр хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна гэж үзсэн бол “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга өөрийгөө шатаахгүйгээр хуулийн хүрээнд эрх ашгаа хамгаалж болох байсан. Өөрөөр хэлбэл, эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзэж буй бол шүүхэд хандаж, асуудлаа шийдвэрлэх бүрэн боломжтой. Энэ тухай Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу шүүхэд хандан, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй. Гэвч тэрбээр энэ хуулийн боломжийг бус, эрүүл мэндээрээ хохирч, нийгэмд айдас төрүүлэхүйц үйлдэл хийсэнд харамсаж байна. Тиймээс болсон үйл явдлыг хуулийн байгууллага шалгаж үнэн мөнийг шалгах биз.

"Уурхай бүрэн зогссон”

“Эрдэнэс-Таван толгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийнхэн мөн энэ асуудлаар хэвлэлийнхэнд хандсан юм. Тус компанийн ээлжийн мастер Б.Түмэндэлгэр ингэж ярилаа.

Энэ асуудал юунаас эхэлсэн бэ гэдгийг хэлэх хэрэгтэй. “Эрдэнэс-Таван толгой” компани Цанхийн зүүн уурхайд 2011 онд Австралийн МакМахон компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулж олборлолтын үйл ажиллагаа хариуцуулж байсан. Тухайн үед хүний нөөц нь “Эрдэнэс-Таван толгой” компанид байсан. Энэ гэрээний утга нь “Эрдэнэс-Таван толгой” компанийн уурхайг дэлхийн жишигт хүргэсэн боловсон хүчинтэй, олон улсын стандартад нийцсэн таван жилийн дараа эргэж гарах байсан. Тухайн үеийн гэрээ нь ашиггүй байсан. Сүүлд 2015 онд МакМахон компанийн гэрээг Хятадын Сингапурт төвтэй компани худалдаж авсан. Тэр нь Монгол дахь “TTGVCO” компани. Ингээд бидэнд “Нүүрсний зах зээлтэй холбоотойгоор цаашид компани оршин тогтнох боломжгүй боллоо. Тиймээс 203 хүнийг Хятадын компанид шилжүүлэх боллоо” гэж мэдэгдсэн. Тэр гэрээнд нь ажилчдын эрх ашиг хохироох хоёр заалт байна. 18 дугаар зүйлд хүний нөөцийн бодлого, 19 дүгээр зүйлд гэрээт компаниар ажил гүйцэтгүүлэх тухай гэсэн хоёр заалт юм.

С.Эрдэнэ ахын хувьд яагаад ийм үйлдэл хийх болсныг хэлэх хэрэгтэй. Гол нь энэ асуудал өнөөдөр гэнэт яригдаж эхэлсэн биш. Компанийн үйлдвэрчний эвлэлийн зүгээс бүх шатны байгууллагуудад хандсан. Жишээ нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Иргэдийн шударга шүүх гээд бүх газарт хандсан ч тодорхой хариу аваагүй учраас өнөөдөр ийм үйлдэлд хүрсэн.

С.Эрдэнэ ахын хувьд ийм үйлдэл хийнэ гэдгээ хэнд ч хэлээгүй байсан. Бид суулт зарласан ч үр дүнд хүрээгүй учраас өнөөдөр ийм байдалд хүрсэн. Энд  хэлэхэд, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны 16.00 цагт уурхайг бүрэн зогсолтод оруулсан. Ажил хаялт эхэлсэн.

Б.ЗАЯА

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна