Мянгуужингийн үлгэр

2015 оны 11 сарын 14

Мөрөөдөхөд мөнгө төлдөггүй нь сайхан юм даа. Хэрэв мөнгө төлдөгсөн бол Монгол Улс бөөн, бөөн өрөнд орж, өнөөдөр “үстэй толгойгоо” маажаад сууж байх байжээ.

УИХ-ын гишүүн Х.Баттулга өөрийн боловсруулсан “Нэг үндэстэн-нэг цэрэг” хөтөлбөрөө “Либерал хаус” төрийн бус байгууллагаас зохион байгуулсан уулзалтын үеэр танилцуулжээ. Тэрбээр хэлэхдээ "Төмөр зам, авто зам, барилга, говийг усжуулах гэсэн томоохон төслүүдээ дотоодын 10 мянган цэргийн хүчээр барьж босгоно" гэжээ. 

Санаа сайхан юм. Гэвч, Монгол Улс олон улсын хөдөлмөрийн конвенцид нэгдсэн. Энэ утгаараа цэрэг, хоригдлыг албадан хөдөлмөр хийлгэхийг хориглосон заалтыг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Хэрэв бид үүнийг эс тоогоод 10 мянган цэргээр төмөр замаа бариулдаг юм аа гэхнээ олон улсад хүлээн зөвшөөрсөн үүргээ умартсан гэх асуудлаар хариуцлага хүлээх болно. Тэгээд ч хүрзээр шороо овоолдог үе өнгөрсөн XIX үетэй үлдсэн шүү дээ.

Зардал өндөр, олон хүний хүч хөдөлмөрөөр төмөр зам барина гэдэг нэг талаасаа эдийн засагт асар хортой, нөгөө талаасаа хөгжлийн хувьд ухарсан алхам болно. Манай монголчуудад л шинэ зүйл мэт санагдаад байгаа болохоос цэргээр төмөр замаа бариулдаг явдал цаг амбасын үед л байсан юм шүү дээ. Технологийн гэх ХХI зуунд 10 мянган цэргээр төмөр зам бариулна гээд сууж байгаагаасаа бид ичих ёстой юм, уг нь. Учир нь төмөр замыг хүний хүчээр барьдаг цаг улирч, өнөөдөр дэлхийн орнууд шилдэг технологи, өндөр хүчтэй техникийн хүчээр бүтээн байгуулалтаа өрнүүлж байна. Хүний хүчээр барьсан хамгийн сүүлийн төмөр зам бол Оросын БАМ-ын төмөр зам.

Япончууд саран дээр шатаар гарах шилдэг технологийн тухай ярьж байхад монголчууд бид төмөр замаа цэргийн хүчээр барина гэсэн хөтөлбөр зураад зогсч буй нь хөгжил мөн үү? Үүнийг эх оронч зан гэж ойлгох уу, эсвэл...?

Монгол Улс төмөр замтай болж чадахгүй байгаа нь хүнгүйдээд, хүний нөөц, хүч бололцоо дутсандаа биш юм. Гагцхүү дотоодын улстөрчдийн зодооноос болоод өнгөрсөн найман жилийг алдсан. Өнөөдөр ч улстөрчдийн энэ хэрүүл Монголын “Шинэ төмөр зам” төслийг гацааж байгаа нь худлаа биш.

Тэгэхээр 10 мянган цэргийн хүчийг ашиглаж төмөр замтай болно хэмээн үлгэр ярьж суухаар хөгжлийг гацаагаад байгаа өөрсдийнхөө улстөржилтийг л больчих хэрэгтэй биз дээ. Энэ их улстөржилт байхгүй бол экспортын төмөр замаа 10 мянган цэргийн хүчээр биш аль хэзээний технологийн дэвшлээр барьчихсан байх биздээ.

Монгол Улс, хувийн хэвшлийнхний мөнгөөр төмөр замаа бариулж, буцаагаад төрдөө шилжүүлэн авах хууль эрхзүйн орчинтой улс. Ийм хууль эрх зүйн орчин байсаар байтал “Нэг үндэстэн-нэг цэрэг“ гэгч мянгуужингийн үлгэр ярих нь өнөөх нарийн царигтай төмөр зам баривал хятадууд танкаар ороод ирнэ гэдэгтээ адилхан сонсогдож байна.

Хэдэн жилийн өмнө манай нэгэн том дарга “Нүүрсээ машинаар зөөе, олон хүн ажлын байртай болно” гэж алиатсантай энэ нь агаар нэг гэсэн үг. Он гарсны дараагаас эхлээд цэргүүдийг төмөр зам барих ажилд сургах юм гэнэ. Монголд цэргийн алба хаах хугацаа нэг жил. Жилийн дотор төмөр зам, авто зам барих нарийн мэргэжлийг олгоно гэхэд үнэмшил муутай. Нэг нь сургах, нөгөө нь сурах гэсээр байгаад бараг цэрэг халагдах хугацаа нь тулна биз. Тэгэхээр нэг жилийн дараа ахиад л 10 мянган цэрэгт мэргэжил олгох сургалт зохион байгуулах уу. Ийм мөнгө Монголд байна уу. Хувийн хэвшлийнхний хийж байсан ажлыг нь замаас нь гацаачихаад одоо арван мянган цэрэгт хүрз бариулаад төмөр зам барина гэвэл ёстой "Харганы ноос түүж эсгий хийнэ" гэгч  болох биз ээ.

Х.Баттулга гишүүн "Нэг үндэстэн-Нэг цэрэг" хөтөлбөрөө танилцуулахдаа  “Цэрэг армийн хүчээр боссон олон бүтээн байгуулалтыг бид мэднэ шүү дээ. Монголчууд ямар ч ажлыг маш хурдан сурдаг. Тэгээд ч гадаадынхан чадаад хийгээд байгаа юмыг өөрсдөө хийж яагаад чадахгүй гэж. БНСУ, БНХАУ, Чили, Израйл, хуучин ЗХУ зэрэг улс бүгд л цэргийн хүчийг бүтээн байгуулалтад ашиглаж босч ирсэн шүү дээ. Хятад бүх төмөр замаа өөрийн армиар бариулсан” гэсэн байх юм.

Тэр үед шилдэг технологи гэж байгаагүй юм. Өндөр хүчтэй техник цөөхөн байсан юм. Одоо Өмнөд Солонгос, Хятад, Чили, Орос төмөр замаа хэрхэн,яаж барьж байгааг хар л даа. Монгол Улс бусадтай энэ зэрэгцэн алхах ёстой болохоос аль жар, далаад оны арга барилаар ажиллаж болохгүй биз дээ. Хүн болгон хүрз бариад төмөр замтай болчихдоггүй юм. Зөв бодлого, нэгдмэл байр суурь, удирдагчийнх нь ухаанаас л улс орных нь  хөгжил  хамаардаг.

Тэгэхээр 10 мянган цэргийн хүчийг ашиглаж төмөр замтай болно хэмээн үлгэр ярьж суухаар хөгжлийг гацаагаад байгаа өөрсдийнхөө улстөржилтийг л уг нь больчихмоор байгаа юм даа. Энэ их улстөржилт байгаагүй бол Монгол Улс экспортын төмөр замаа 10 мянган цэргийн хүчээр биш аль хэзээний технологийн дэвшлээр барьчихсан байх байлаа.

Б.ХОНГОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна