Парисыг бурхан өршөөг

2015 оны 11 сарын 14

Фото: Christian Hartmann / Reuters

 

Өнгөрсөн шөнө буюу арваннэгдүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Парист цуврал халдлага боллоо. Тодруулбал, Францын нийслэлд буу болон тэсрэх бөмбөгтэй долоон халдлага дараалан гарсны улмаас одоогийн байдлаар 153 хүн амиа алдлаа.  Террорист халдлагын улмаас Франц улсад үндэсний онц байдал зарлаж, хилээ хаасан тухай BBC агентлаг мэдээлж байна. Парисын 11-р дүүрэгт байрлах "Батаклан" концертын танхимд амиа золиослогч этгээд иргэдийг барьцаалжээ. Уг барилгыг цагдаа нар бүслээд байгаа бөгөөд амиа золиослогч гурван хүнийг хөнөөсөн байна. Гэрчүүд хэлэхдээ уг концертын танхимд тоглолт болж байх үеэр буутай этгээдүүд дайран орж ирээд, иргэдийг нэг нэгээр буудан хороосон гэжээ.

 

 

 

Халдлагын хариуцлагыг “Исламын улс” бүлэглэл өөртөө үүрчээ. Өнөө өглөө уг халдлагад холбоотой нэгнийг баривчилсан бөгөөд тэрбээр өөрийгөө “Исламын улс” бүлэглэлийн хүн гэж хэлжээ. "Батаклан" гэх концертын танхимд үзэгчдийг барьцаалснаас гадна Стад де Франс гэх дагуул хот дахь хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд гурван дэлбэрэлт үйлдэгджээ.


Тусгайгийнхан гар бөмбөг хэрэглэжээ

 

Фото: Antoine Antoniol / Getty Images

 

"Euronews"  телевизийн мэдээлснээр Парисийн «Батаклан» концертын танхимыг тусгай хүчнийхэн чөлөөлжээ. Барьцаалагчдыг суллах үеэр тусгай албаныхан гар бөмбөг хэрэглэсэн байв. Тэнд нийтдээ арваад хүн амь үрэгдсэний хоёр нь террорист байжээ. Барьцааны хүмүүсийг чөлөөлөх ажиллагаа гучаад минут болсон байна.

 

 

 

Концертын танхимд зугтаж чадаагүй зуугаад хүн барьцаанд орсон бөгөөд тэд "6-8 террорист хүмүүсийг буудан хороож байна" хэмээн гадагшаагаа дамжуулж амжжээ.

 

Түүнчлэн Парисийн төвийн "Бяцхан кампуч" (Cambodge) ресторанд нэг этгээд автомат гар буугаар бууджээ. Франц, Германы хөлбөмбөгчид тоглож байсан “Стад де Франс” цэнгэлдэхийн ойролцоо мөн хэд, хэдэн  дэлбэрэлт үйлдэгдсэн байна. Цэнгэлдэх хүрээлэнд Франц, Германы шигшээ багийн нөхөрсөг тоглолт болж байсан бөгөөд ерөнхийлөгч Франсуа Олланд, Гадаад хэргийн сайд Лоран Фабиус, Германийн Гадаад хэргийн сайд Франк-Вальтео Штайнмайер нар уг тоглолтыг үзэж байжээ. Тэднийг хатуу хамгаалалтын дор цэнгэлдэхээс яаралтай гаргасан байна.

 


Обама: Хүн төрөлхтөний эсрэг аллага боллоо

 

Барак Обама

Фото: Kevin Lamarque / Reuters

 

Арваннэгдүгээр сарын 14-ний шөнө гарсан хэрэг бол Парис болон Францын ард түмэнд халдсан зүгээр нэг хэрэг биш. Энэ бол бүх хүн төрөлхтөний эсрэг хийгдсэн аллага" гэж Обамагийн хэлснийг Цагаан ордон дамжуулав. Франц бол АНУ-ын эртний холбоотон гэдгийг тэрбээр сануулаад хэрэгтэй  тусламжийг үзүүлнэ гэлээ.


Танхимыг “Цусан Ванн”- тай зүйрлэжээ

 

 

“Eagles of Death” нэртэй америк хамтлагийн тоглолт "Батаклан" хэмээх концертын танхимд болж байсан бөгөөд террористууд хүмүүсийг газар хэвтүүлэн толгой дараалан буудсан бөгөөд 10 минутын туршид  буун дуу тасраагүй байна. Цагдаа нар цагийн өмнө нийт таван алан хядагчийг устгаад байна гэж мэдээлсэн бол одоо концертын танхимд байсан бүх алан хядагчийг устган, 100 орчим хүнийг аварсан хэмээн мэдээллээ. Барьцааны хүний зарим нь шархадсан байжээ. Барьцаалагчдын нүдэнд өртөхөөргүй өндөр суудлаас тоглолт үзэж байсан үзэгчид халдлагын үеэр нууцаар гарч ирж өөрсдийн амийг аварцгаасан байна. Тэд хэлэхдээ концертийн танхимыг “Цусан ванн”- тай зүйрлэсэн байна. Хамтлагийн гишүүд аврагдсан эсэх нь тодорхойгүй байна. Халдлагын үеэр тэдгээр алан хядагчид “Аллах акбар” хэмээн хашгирч байсан гэнэ.

 

Бүх эмнэлэг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд хүмүүсийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна. Францыг зорьж буй бүх онгоц нислэгээ хойшлуулаад байна.

 

 

Баасан гаригийн шөнө болсон энэхүү халдлага нь дэлхий нийтийг цочролд оруулаад байгаа юм.


Монголын ЭСЯ-наас сэрэмжлүүлэг гаргажээ

 

Баасан гаригаас Бямба гаригт шилжих шөнө Францын Парис хотод болсон зэвсэгт халдлагын улмаас 140 гаруй хүн амь насаа алдсан учир тус улсад онц байдал зарлаж, улсынхаа хилийг хаагаад байна. Энэхүү зэвсэгт халдлагатай холбогдуулж Франц дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас тус улсад буй монгол иргэдэд хандаж сэрэмжлүүлэг гаргажээ. Тодруулбал, "Баасан гаригийг орой Парис хотод үүссэн аюултай нөхцөл байдалтай уялдуулан Парис хот, түүнтэй залгаа дүүргүүдэд амьдарч буй иргэдийг гадуур гарахгүй гэртээ байх, танил нартаа сэрэмжтэй байхыг анхааруулж, аюултай байдал тулгарсан тохиолдолд Элчин сайдын яамтай шуурхай холбоо барихыг мэдээлж байна" гэжээ.

Нэн шаардлагатай тохиолдолд холбоо барих Элчин сайдын яамны утас: 0685963705, 0758737768, 0651426149, 0783937554, 0146952812.


 

Халдлагад одоогоор Монгол иргэд өртөөгүй байна

 

Франц улсад дэлхийн нийтийг цочроосон аймшигт халдлага гарсны улмаас тус улсад онц байдал зарлаад байна. Тодруулбал, Францын нийслэлд буу болон тэсрэх бөмбөгтэй долоон халдлага дараалан гарсны улмаас одоогийн байдлаар 153 хүн амиа алдсан юм.  Энэ халдлагад монгол иргэд өртсөн эсэх талаар Гадаад хэргийн яам мэдээлэл өглөө. Франц улсад 4500 гаруй монгол иргэн оршин суудаг аж. Тэдний 2000 орчим нь Парист амьдардаг. Халдлага болсон 11 дүгээр дүүрэгт цөөнгүй монгол иргэн амьдардаг. Одоогоор халдлагад монгол иргэн өртсөн гэх мэдээлэл ирээгүй байна. Тэнд байгаа монголчуудаас ЭСЯ-даа хандсан хүн алга. Мөн Франц улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас Франц дахь Монгол иргэдтэй байнга утсаар холбогдож, мэдээлэл авч байгаа аж. Цаашид Гадаад хэргийн яам халдлагатай холбоотой мэдээллийг цаг тухайд нь хурдан шуурхай өгнө гэж ГХЯ-ны Консулын газрын дарга Б.Болд мэдээллээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР, Г.СҮМБЭЭ, Д.УЛАМБАЯР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна