Дуулиант хэргүүд юу болов

2015 оны 11 сарын 14

Монголын нийгэмд дуулиан тарьсан шуугиант сэдвүүдээр тасрахгүй байна. Хамгийн сүүлд гэхэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилтан өөрөө өөрийгөө шатааж дуулиан тарив.

Б.Батзаяаг батлан даалтад гаргалаа

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан “Монголын төмөр зам” компанийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяаг “бусадтай бүлэглэн их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй” гэх хэргээр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэсийн цагдаа нар өнгөрсөн аравдугаар сарын 30-нд баривчлан хорьсон юм. Зайсан дахь хорих ангид хоригдож байсан түүнийг өчигдөр батлан даалтад гаргасан байна. Мөн Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёл батлан даалтад гаргасан бол Ли Жон Гёлыг гадуур байцааж байгаа юм байна. Б.Батзаяаг батлан даалтад гаргахад түүний ээжийн дүү, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат нэлээд үүрэг гүйцэтгэсэн гэх хардлага байсан юм. Мөн АН-ын нэр бүхий гишүүд түүний суллуулахаар идэвхтэй гүйсэн гэх мэдээлэл ч байна.


Г.Шийлэгдамбын оронд С.Ламбаа очих уу?

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг авлига авч байх үед нь АТГ-ынхан газар дээр нь баривчилан ШШГЕГ-ын харъяа хорих 461 дүгээр ангид хорьсноос хойш 10 хонож байна. Г.Шийлэгдамба нь 100 мянга орчим долларыг тендерт ялсан компаниас авч байгаад баригдсан гэдэг мэдээлэл бий ч АТГ-аас одоогоор ямар нэгэн албан тайлбар өгөөгүй байгаа юм. Харин Г.Шийлэгдамба огцрох өргөдлөө өгсөн. Тэрбээр огцрох өргөдөлдөө “найзынхаа хадгалуулсан мөнгийн хувийн зорилгоор ашиглах гэж байсан” тухайгаа дурдсан. Түүний дараа Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг АТГ мөн хорьжээ. Улс төрийн хүрээнд тендерээс мөнгө идэх гэсэн бүлэглэлүүдийн тэмцэл бие биенээ барьж өгөхөд хүргэсэн гэх хардлага ч бий. Харин Эрүүл, мэнд спортын яам Ардчилсан намд тэр тусмаа УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөхөөр ажилладаг С.Ламбаад оногдож магадгүй гэсэн “бор шувуу” нисэх болсон билээ.


С.Эрдэнэд эрүүгийн хэрэг үүсгэсэн үү?

Хэвлэлийн бага хурал зарлах үедээ өөрийгөө шатаах гэж оролдсон “Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилтны хэрэг өчигдрийн гол дуулиан болов. Компанийн дарга нартай үл ойлголцсоны улмаас ажлаасаа халагдах гэж байгаа 200 гаруй ажилтны эрх ашгийг хамгаалж ийм үйлдэл хийсэн гэж түүнтэй хамт хэвлэлийн бага хурал зарлаж байсан хүмүүс хэлж байгаа. Гэхдээ хүчирхийллийн аргаар асуудлыг шийдэх гэж оролдсон түүний үйлдэл олон нийтийг талцуулаад байна. С.Эрдэнийн хүчирхийллийн ийм аргыг сонгохгүйгээр үзэл бодлоо илэрхийлэх өөр олон боломж байна уу гэвэл байсан. Гэвч түүний энэ үйлдэл Тавантолгойг тойрсон улстөрийн нэгэн золиос гэж харах, хардах хүмүүс байгаа бололтой. Ямар ч байсан түүнд амиа хорлохыг завдсан гэх хэргээр Эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх мэдээлэл байгаа. Гэхдээ цагдаагийн байгууллагаас энэ талаар албан ёсны мэдээлэл өгөөгүй байна. Учир нь хэрэв түүнийг өөрийгөө шатаах гэж байсан бол шатах бодис оруулж ирснийг нь хамт мэдээлэл хийх гэсэн хүмүүс мэдэж байх ёстой гэсэн хардлага ч байгаа юм байна. Ямартай ч эмч, эмнэлгийн байгууллагын зүгээс түүний биеийн 40 хувийг түлэгдэлтэй гэсэн юм.

Ийнхүү Монголд оронд ч дуулиан үл тасарсаар.

Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна