Энэтхэгийн зээлийг хувийнханд олгох уу?

2015 оны 11 сарын 14

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн ээлжит хурал өчигдөр орой болж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийсэн айлчлалын үр дүнгийн талаарх товч мэдээллийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өглөө. Хоёр талын хамтын ажиллагааны чиглэлээр 11 баримт бичигт гарын үсэг зурсан айлчлал өндөр ач холбогдолтой болсон. Тухайлбал, нэг тэрбум ам. долларын зээл, Хятадын талын 300 сая юанийн буцалтгүй тусламж, БНХАУ-д мах экспортлох зэрэг олон талт хамтын ажиллагааг баталгаажуулсан байна.

Бүгд Найрамдах Энэтхэг Улс /БНЭУ/-ын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 оны тавдугаар сарын15-16-нд манай улсад төрийн айлчлал хийх үеэрээ нэг тэрбум ам долларын зээл олгохоо мэдэгдэж хамтарсан мэдэгдэлд туссан.

Энэтхэгийн “Эксим” банкнаас 8 жилийн хугацаатай, эхний хоёр жилд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх жилийн LIBOR+0,5 хувийн хүүтэй энэхүү зээлийг ямар салбарт хэрхэн зарцуулах, хувийн хэвшлийнхэн хэрхэн хамрагдах талаар Сангийн яамнаас мэдээлэл хийлээ.

Энэтхэг улс программ хангамж, мэдээллийн технологийн хөгжлөөр дэлхийд тэргүүлдэг. Мөн үйлдвэрийн усан хангамж, эрчим хүчний салбар, газрын ховор элемент боловсруулах үйлдвэр байгуулах, хөдөө аж ахуйн чиглэлээр хөрөнгө оруулалт хийх зэрэгт зээлийг хамруулах саналыг зөвлөлийн гишүүд тавьсан бол зарим гишүүдийн зүгээс тус улсын техник технологийн давуу талыг сайн судалж байж экспортын чиг баримжаатай, импортыг орлох бүтээгдэхүүн байх нь зөв. Гэхдээ энэ зээлийг хувийн секторт олгох нь хариуцлага болон үр дүнг сайжруулах боломжтой гэж үзжээ.

Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна