Мах экспортлох компаниудад гэрчилгээ олгов

2015 оны 11 сарын 14

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпины урилгаар гурав хоногийн хугацаатай төрийн айлчлал хийгээд эх орондоо ирсэн билээ. Тэгвэл айлчлалын үеэр талууд хамтын ажиллагааны 11 баримт бичигт гарын үсэг зурсны нэг нь дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны махыг Монгол Улс, БНХАУ-д экспортлох, импортлох хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын хамтын ажиллагааны тухай Санамж бичиг байсан юм.

Одоогоор “Мах маркет”, “Монгол эко мах” гэсэн хоёр компани Хятадад мах нийлүүлэх эрхтэй болоод байгаа аж. Уг хоёр компанийн удирдлагуудад мах нийлүүлэх гэрчилгээг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд гардуулан өгчээ.

Ш.Раднаасэд “Дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны махыг экспортод гаргах салхийг хагалж бусдаа түүчээлж байгаа хоёр компани болон цаашид бүтээгдэхүүнээ экспортлох аж ахуйн нэгжийн баримт бичгийн бүрдүүлэлтийг Мэргэжлийн хяналтын байгууллага 24 цагийн дотор гаргаж өгч байх болно” гэсэн байна.

Үүнээс гадна таван аж ахуйн нэгжийн баримт бичгийг БНХАУ-ын талд хүргүүлээд байгаа аж.

Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна