SGS тохиролцоо хийхийг хүсчээ

2015 оны 11 сарын 14

Торонто болон Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “SouthGobi Resources” компани III улирлын санхүүгийн тайлангаа танилцууллаа. Өнгөрсөн улиралд тус компани хагас сая тонн нүүрс борлуулж, 8.6 сая ам.долларын орлого олсон байна. Гэхдээ борлуулалтын зардал өндөр байсны улмаас 18 сая ам.долларын алдагдал хүлээжээ. Алдагдлыг оны эхнээс өссөн дүнгээр нь авч үзвэл 76 сая ам.доллар болсон байна. Түүнчлэн тайлант хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас татварын хэрэгтэй холбоотойгоор “SouthGobi Sands”-ийн харилцагч банк дахь битүүмжилсэн данснаас 1.2 сая ам.долларыг татан авчээ. Дүүргийн шүүхээс “SouthGobi Resources”-ийн охин компани болох “SouthGobi Sands”-т 35.3 тэрбум төгрөг буюу 17.7 сая ам.долларын торгууль ногдуулсан юм. “SouthGobi Resources”-ийн зүгээс Дээд шүүхэд хэргийг давж заалдахаар хүсэлт гаргасан ч Дээд шүүх хэргийг хянан хэлэлцэхээс татгалзсан аж. Тиймээс тус компани санхүүгийн нөөц бололцоо муутай энэ үед асуудлыг нааштайгаар шийдвэрлэхээр хэлэлцэж эхэлжээ.. Хэрэв Монголын Засгийн газартай тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд БНХАУ-ын Хөрөнгө оруулалтын корпорацийн өрийг барагдуулах боломжгүй болж, дефолт зарлахад хүрнэ гэж тус компани тайландаа онцолсон байх юм.

Д.ЖАГАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна