Иргэний андгай өргөх ёслол боллоо

2015 оны 11 сарын 14

Монголын Залуучуудын Холбооноос Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулдаг Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол 13 дахь жилдээ болж, 16 нас хүрч  буй залуучуудын төлөөлөл иргэний үнэмлэхээ гардан авлаа.

Их эзэн Чингис хааны мэндэлсний 853 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан зохион байгуулж байгаа уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, иргэний үнэмлэхээ гардаж байгаа залуучуудад хандаж үг хэллээ. Тэрээр “Хүүхэд дөнгөж төрөөд Монгол Улсын иргэний тоог нэгээр нэмдэг ч иргэний үнэмлэхээ гардаж, иргэний андгай өргөсөн энэ өдрөөс улсынхаа ачаанаас хамтд үүрэлцэх, алдаа, оноо, ололт, хариуцлагыг хамтдаа хуваалцах иргэн нь болдог. Эх орныхоо эс ширхэг нь болсон иргэн бүр өөрт оноогдсон үүрэг хариуцлагаа ухамсарлан, зорилгоо тодорхойлон, сурч боловсрон, хөдөлмөрлөж байж улс орон хөгжинө. Залуу насаа зорилготой байлгацгаая” гэлээ.

Энэ жил улсын хэмжээнд 46 мянга гаруй залуу 16 нас хүрч иргэний үнэмлэх гардан авч байгаа юм.

Иргэний үнэмлэхээ гардсан залуучууд

“Төрт ёс, язгуур соёл, баатарлаг түүхтэй, тусгаар тогтносон Монгол Улсын эрх чөлөөт иргэн-Би

Мөнх хөх тэнгэрийн дор,

Мөнхөд дэгжих эх орныхоо төлөө

Эв нэгдэл, эрх чөлөөг дээдлэн,

Өвөг дээдсийн өндөр цадигтай,

Өнөд мандах Монголынхоо төлөө

Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм

Хөгжил дүүрэн шударга амьдралын төлөө

Эрдэм боловсролтой, энэрэнгүй журамт иргэн байж

Дэлхийн энгээр Монгол нэрийг сайнаар бадраасан иргэн байхаа

Ард түмэндээ андгайлж байна хэмээн андгай уншлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна