Цалингаараа амьдардаг дарга нар

2015 оны 11 сарын 14

Сүүлийн үед манай улстөрчид, сайд дарга нар цалингаараа амьдардгаа бахархалтайгаар ярих болсон. Ингэж хэлбэл иргэдэд таалагдана гэж боддог бололтой юм. Гэтэл үнэндээ эхнэр хүүхэд нь дэлхийн брэндээр гоёж, өөрөө хэдэн арван мянган долларын үнэтэй цаг зүүдэг мөртлөө “би цалингаараа амьдардаг” гэх манай дарга нарын үг мангар үнэмшил муутай сонсогддог. Өөрөөр хэлбэл, тэдний “цалингаараа амьдардаг шүү” гэсэн пиар нь цалингаа сарынхаа хэрэглээнд хүргэх гэж хуруу хумсаа хуйхлах нь холгүй байлаг энгийн иргэд бидэнд их л  тохуурхал, даапаалал юм  шиг санагдаад байгаа.

Төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр цалингийнхаа 30 хувийг хасуулахгүй гэж Б.Бат-Эрдэнэ гишүүнээс эхлээд олон улстөрч өнөөдөр зөвхөн цалингаараа л амьдардаг тухайгаа учирлаж суусан. Цалингаа хасуулахгүй гэсэн тэд ч санасандаа хүрсэн дээ.

Цалингаасаа өөр орлогогүй гэх Б.Бат-Эрдэнэ гишүүн маань “Аварга” дээд сургуулийн эзэн. Гэтэл С.Эрдэнэ сайд хүртэл цалингаасаа өөр орлогогүйгээ саяхан телевизэд өгсөн ярилцлагадаа дурдаж байна лээ. Харин эхнэр, хүүхэд, ээж нь бол хөрөнгө мөнгөтэй гэдгийг нуугаагүй. Тэрбумтан ээжтэй, тэрбумтан эхнэртэй, тэрбумтан хүүхэдтэй хүн цалингаасаа өөр орлогогүй гэхээр муу сайд маань тун өрөвдмөөр амьдардаг бололтой. Гэр бүлийнхнийхээ, ээж, эхнэр хүүхдийнхээ царайг харж амьдарна гэдэг эр хүнд, сайд хүнд бол тэвчихэд хэцүү л асуудал байдаг байх даа. "Муу сайн хөрөнгөтнүүд" гээд дотроо бол хөрөнгөтэй, мөнгөтэй эхнэр хүүхдэдээ гомдож явдаг пролетари ч юм бил үү. Тэд нь мөнгөө харамлаад, сайд цалингаасаа өөр орлогогүй хэцүүхэн л амьдардаг бололтой юм, зайлуул. Гэхдээ нэг асуулт байна аа, улстөрчид өө. Хэрэгт дурлаж байна гэж битгий бодоорой,  сайд, дарга,  улстөрчдийн эхнэр, хүүхэд, хүргэн, ээж нь их хэмжээний хур хөрөнгөтэй болчихдог туршлагаасаа хуваалцаж болох уу л гэж хэлэх гэсэн юм.  Ар гэр, авгай хүүхдийнх нь бизнес цэцэглэн хөгжиж байгаад арай улстөрчид, сайд нар маань огт оролцдоггүй, амиа бодоод ганцаараа цалингаараа амьдраад яваад байдаг юм биш байгаа хэмээн санаа нь зовж байгаа хүмүүс Баянгол дүүрэгт бишгүйдээ л нэг байгаа сураг сонсогдож байна. Тэгээд ч сайдын цалин "чааваасхан" юм байдаг болохоор мөнгөтэй, хөрөнгөтэй эхнэр хүүхэд нь "цалингаа яасан бэ" гэж загнадаггүй байлгүй  дээ.  Ганц л толгой эргүүлсэн асуулт байгаа нь аав нь цалингаараа амьдраад байхад хүүхдүүд нь хаанаас мөнгө олоод үржүүлээд яваад байдгийг жинхэнээсээ цалингаараа амьдардаг энгийн иргэд бид ерөөсөө  ойлгож чадахгүй нь ээ.

Ямар азтай нь 1300,000 төгрөгийн цалингаараа амьдраад баяжаад, брэнд өмсөөд, жип унаад байдаг юм бол. Ямар азгүй нь цалингаасаа цалингийн хооронд амьдраад, зээлээ төлөх гэж махийгаад яваад байдаг юм бол гэсэн атаархал ч төрж байна. Тэгэхээр цалингаараа амьдрахад ч хүртэл учир бий бололтой дог шүү.

Сайд, дарга нар, улстөрчид цалингаараа яаж Зайсанд хаус худалдаж аваад сайхан амьдраад байдаг нууцаа ер нь ард түмэндээ зааж өгөх юм биш үү.  “Би ч бас цалингаараа Зайсанд хаус авмаар л байна шүү дээ” хэмээн манай улстөрчдийн сайн танил Долоон буудлын Должин эмээгийн охин уурлаад сүйд болж байгаа гэж сонсогдоно лээ.

А.ШАРХҮҮ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна