Футзал: Монголын баг хожлоо

2015 оны 11 сарын 14

-Монголын шигшээ баг өнөөдөр хэсгийн эхний тоглолтод ХонгКонгийн багийг 8:3-аар илүүрхэн хожлоо-

Ази тивийн футзалын аварга шалгаруулах тэмцээний зүүн бүсийн урьдчилсан шатны хэсгийн тоглолтууд өнөөдөр(XI.14) Буянт-Ухаа спортын ордонд эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд БНСУ, БНХАУ, Тайвань, ХонгКонг, Монгол Улсын шигшээ багууд оролцож байгаа билээ.

Өнөөдрийн хоёр дахь тоглолт 20.00 цагаас Монгол-ХонгКонгийн тоглолтоор эхэлсэн. Энэхүү тоглолтод манай баг өрсөлдөгчөө 8:3 онооны харьцаагаар хожиж, эхний хожлоо авлаа. Тоглолтын эхний хагас 4:1-ээр манай тамирчдын хожлоор өндөрлөсөн. Улмаар хоёр дахь үед давуу байдлаа хадгалж, 4:2-ээр илүүрхэн, нийлбэр дүнгээр 8:3-аар өрсөлдөгчөө буулган авлаа. Энэ тоглолтод Н.Цэдэнбал 4 гоол, Х.Цэнд-Аюуш, Ц.Түмэнжаргал, Э.Баасандорж нар тус бүр нэг гоолыг эсрэг багийн хаалганд хийлээ. Тоглолтын үргэлжилсэн хугацаа 40 минут.

Өнөөдрийн эхний тоглолт 17.00 цагаас Тайвань-БНСУ-ын багийн хооронд болсон юм. Энэ тоглолтод Тайваны баг өрсөлдөгчөө 6:4-өөр хожжээ.

Маргааш буюу тэмцээний хоёр дахь өдөр Монгол-БНСУ-ын багуудын тоглолт 20.00 цагаас болно. 

 

Тоглолтын хуваарь ба дүн:

XI.14 (Бямба)

  • 17.00 Тайвань-БНСУ 6:4
  • 20.00 Монгол-ХонгКонг 8:3 (Н.Цэдэнбал 4, Х.Цэнд-Аюуш, Ц.Түмэнжаргал, Э.Баасандорж )

XI.15 (Ням)

  • 17.00 ХонгКонг –БНХАУ
  • 20.00 Монгол-БНСУ

XI.16 (Даваа)

  • 17.00 БНХАУ – Тайвань
  • 20.00 ХонгКонг –БНСУ

XI.18 (Лхагва)

  • 17.00 Тайвань – ХонгКонг
  • 20.00 БНХАУ- Монгол

XI.19 (Пүрэв)

  • 17.00 БНСУ – БНХАУ
  • 20.00 Монгол-Тайвань тус тус тоглоно.

Тасалбарын нэг өдрийн үнэ 4000 төгрөг, олон өдрийн тоглолтыг үзэх тасалбар 10,000 төгрөг бөгөөд Монголын Хөлбөмбөгийн Холбоо болон Буянт- Ухаа спортын ордонд худалдаалж байна.

Монгол Улсын шигшээ багийн дасгалжуулагчаар “Улаанбаатар Унаганууд”-ын С.Эрдэнэ-Очир ажиллаж байгаа бол багийн бүрэлдэхүүнд хаалгачаар Ю.Сайнхүү, М.Чанцал, Б.Сэр-Од, хамгаалагчаар Б.Мөнгөнтулга, О.Очбаяр, Н.Цэдэнбал, хагас хамгаалагчаар П.Алтантулга, Э.Баасандорж, О.Баяржаргал, Э.Ганзориг, А.Мөрөн, Э.Пүрэвдорж, Х.Цэнд-Аюуш, А.Улсболд, довтлогчоор Ц.Түмэнжаргал, Ц.Төмөр-Очир нар багтжээ.

Ч.БОЛОР

 

 

С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай Монгол улсын шигшээ багийн танилцуулгыг дахин та бүхэнд хүргэж байна.

Posted by MONGOLIAN FOOTBALL FEDERATION on Saturday, November 14, 2015

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна