Парисын хядлагыг зохион байгуулагчийг зарлалаа

2015 оны 11 сарын 15

Фото: @VestiHtcOne / Twitter

 

Сербийн “Blic” сонин Парисын террорист халдлагыг зохион байгуулсан байж болох хүний нэрийг нэрлэсэн нь Сирийн иргэн Ахмед Алмохаммед (Ahmad Almohammad) гэгч ажээ.

 

Сонины ням гаригийн дугаарын эхний нүүрэнд сэжигтний паспортын хэсгийг нийтэлжээ. “Энэ баримтын дагуу Францын тусгай албаныхан Сербийн тусгай албаныханд хандан тусламж хүссэн байна. Сербийн тусгай албаныхан Балканаар дамжиж байгаа дүрвэгсдийн тухай мэдээлэл сайтай, тэд нутгаараа дамжсан дүрвэгч бүрийг бүртгэдэг аж.

 

Алмохаммед аравдугаар сарын 3-нд Грект орж ирээд 7-нд нь хэсэг хүмүүсийн хамт Сербийн нутагт Македонын зүгээс Миратовац суурины орчмоор орж ирсэн гэнэ. Шалгах явцад түүнд зэр зэвсэг байсангүй.

 

Өмнө нь францчууд террористын цогцсын дэргэдээс олдсон паспортын дагуу Европын тусгай албаныхнаас тусламж хүссэн тухай мэдээлэл байсан юм.

 

BFM TV телевиз арваннэгдүгээр сарын 14-нд мөн мэдээлэхдээ, «Стад де Франс» цэнгэлдэхийн дэргэд өөрийгөө дэлбэлсэн террористын цогцсын дэргэдээс Сирийнхээс гадна Египетийн паспорт олдлоо гэсэн юм. Мөн Парист террористуудын нэг нь франц хүн гэсэн мэдээлэл тархжээ.

 

Арваннэгдүгээр сарын 14-нд шилжих шөнө Францын нийслэл болон түүний дагуул хотод цуврал аллага хийжээ. Исламын гурван дайчин, Франц-Германы хөлбөмбөгийн шигшээ багийн нөхөрсөг тоглолт болж байсан «Стад де Франс» цэнгэлдэх хүрээлэнгийн орчим өөрсдийгөө дэлбэлсэн байв. Бас нэг нь Вольтерийн гудамжинд өөрийгөө дэлбэлсэн мэдээлэл байгаа юм. Үүний зэрэгцээ исламын хэт даврагчид хэд хэдэн зоогийн газар, ресторануудад хүмүүсийг буудсан бөгөөд “Батаклан” театрт террористууд хүмүүсийг барьцаалсан байлаа. Тэдний нэгийг театрыг дайрах үеэр тусгай албаныхан буудан устгасан ба өөр гурав нь бүсэлсэн байсан тэсрэх төхөөрөмжөө дэлбэлсэн байна.

 

Хамгийн сүүлийн мэдээгээр, Парист болсон террорист халдлагын хохирогчдын тоо наад зах нь 129 хүн болж, 352 хүн нэрвэгджээ. Аллагын хариуцлагыг “Исламын улс” гэх террорист бүлэглэл өөртөө авсан юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 


ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ:

 

Парисыг бурхан өршөөг

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна