“Исламын улс” Францаас өшөө авсан гэв

2015 оны 11 сарын 15

 

Францын нийслэл Парис хотноо баасан гаригт /XI.13/ тэсрэх бөмбөг, галт зэвсэгтэй этгээдүүд ресторан бар, концертын танхим, хөлбөмбөгийн цэнгэлдэх зэрэг олон газарт халдлага үйлдсэн юм. Халдлагын улмаас 129 хүн амь үрэгдэж, 350 гаруй хүн гэмтэж шархтсан байна. Парис хотын прокурорын газрын дарга Франсуа Молинсын мэдээлснээр алан хядагчдын гурван баг халдлагыг үйлдсэн гэнэ. Парис хотын цагдаа, аюулгүй албаныхан долоон алан хядагчийг хөнөөсөн бөгөөд бүгд биедээ буу зэвсэг, тэсрэх бөмбөг бүхий бүс зүүсэн байжээ.  

 

“Исламын улс” бүлэглэл Францаас өшөө авах амлалтаа биелүүлсэн хэмээн халдлагын хариуцлагыг хүлээсэн байна. Үүний хариуд Францын ерөнхий сайд Мануэль Вальц “Исламын улс” бүлэглэлийн эсрэг Сири дэх агаарын цохилтоо үргэлжлүүлнэ хэмээн мэдэгджээ. Түүнчлэн Францын ерөнхийлөгч Франсуа Олланд “Исламын улс” бүлэглэлтэй “дайн зарлалаа” хэмээсэн байна.

 

“Хар баасан” гариг гэж нэрлэгдэх 13-ны өдөр болсон халдлагын улмаас Францад гурван өдрийн гашуудал зарлаж, онц байдал тогтоосон юм. Энэ нь 2004 оны Мадридын бөмбөгдөлтөөс хойш Европт болсон хамгийн цуст халдлага болов.

 

 

Францын прокурорууд халдлага үйлдэгчдийн нэгийг Францын иргэн болохыг олж тодруулжээ. 29 настай Омар Исмайл Мостефай гэгчийг хурууны хээгээр таньсан бөгөөд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан ч ял шийтгэгдээгүй нэгэн аж. Францын цагдаа нар Омар Исмайл Мостефайн  Куркурон хот дахь гэрт нэгжлэг хийж, аав, ах нарыг нь баривчлан саатуулжээ. Түүнчлэн Бельги улсаас ирсэн гурван эрэгтэйг халдлагад сэжиглэн Францад баривчилсан байна. Сири улсаас Грек дүрвэн ирж бүртгүүлсэн хоёр эрэгтэйг Францын цагдаа нар халдлагад сэжиглэн шалгаж байгааг Афинаас мэдээлжээ.

 

Цагдаа нар хоёр ч газар халдлага үйлдэхэд ашигласан хар өнгийн “Seat” автомашиныг хайж байгаа аж. Мөн Бельги улсын бүртгэлийн дугаартай хар өнгийн “Volkswagen Polo” автомашиныг концертын танхимын гаднаас олсон байна.

 

Халдлага нийт таван газар болжээ. Парис хотын аравдугаар дүүрэгт орших “Le Carillon” баар болон “Le Petit Cambodge” ресторанд зэвсэгт этгээдүүд гал нээж 15 хүнийг хөнөөсөн юм. Үүнээс хэдэн гудамжийн цаана “La Casa Nostra” пиццаны газарт таван хүн, 11-р дүүрэгт байх “Belle Equipe” бааранд 19 хүнийг буудан хөнөөсөн байна. Энэ хооронд рок хамтлагийн тоглолтыг үзэхээр 1500 орчим хүн цугласан “Батаклан” концертын танхимд зэвсэгт этгээдүүд гал нээж, 89 хүний амийг бүрэлгэжээ. Мөн Парис хотын захад орших “Stade de France” цэнгэлдэхэд Франц-Германы багийн хөлбөмбөгийн тоглолтын үеэр үзэгчдийн суудалд гурван газар тэсрэх бөмбөг дэлбэрсэн юм. Хөлбөмбөгийн тоглолтыг үзэхээр 80 мянган хүн цэнгэлдэхэд цугласан байжээ. Цэнгэлдэх дотроос амиа золиослогч гурван этгээдийн цогцсыг олсон байна.

 

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС, CNN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна