Элэгний эмийг ирэх долоо хоногт авчирна

2015 оны 11 сарын 15

Элэгний С вирусийн эсрэг “Харвони” эмийг “Оном” сангийн тусламжтайгаар Монгол Улсад 99 хувийн хөнгөлөлттэй үнээр оруулж ирэхээр болсон билээ. Харин тус эмийг энэ сард оруулж ирнэ хэмээн албаныхан мэдээлж байсан. Тэгвэл энэ талаар нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа ирэх долоо хоногт оруулахаар болсон талаар мэдээллээ. Эхний ээлжид “Харвони” эмийг 1600 хүнд олгоно. Ингэхдээ нэг хүний курс эмийг 1200 ам.доллараар худалдах юм. Энэ нь олон улсын зах зээлд худалддагаас хэд дахин хямдруулсан үнэ гэдгийг албаныхан сануулсан. Гэвч иргэдийн зүгээс “Харвони” эмийг эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөд оруулж өгөөч гэх саналыг ихээр тавих болсон талаар Элэгний төвийн зөвлөх эмч, доктор Д.Наранжаргал хэлж байсан. Харин бид энэ талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас тодруулахад, “Энэ асуудлыг судалж, хэлэлцэж байгаа” гэх хариулт өгсөн билээ.

Ямартай ч “Харвони” эмийг нэн яаралтай олгох шаардлагатай 1600 хүнд өгнө. Ингэхдээ иргэд элэгний С вирусээ батламжлагдсан 10 лабораторит шинжлүүлсэн байх шаардлагатай. Энэ талаар бид өнгөрөгч мягмар гаригт сурвалжилсан. Сурвалжлагыг ЭНД-ээс үзнэ үү.  

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна