Дугаартайгаа шилжих үйлчилгээ энэ онд эхэлнэ

2015 оны 11 сарын 15

Монгол Улс 2014 оны долоо дугаар сарын нэгэнд Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан билээ. Тухайлбал, Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.13-т “дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх, зохион байгуулах, хэрэгжүүлэх, уг үйлчилгээтэй холбоотой зохицуулалтын журам батлах” гэж нэмэлт өөрчлөлт оруулсан. Ингэснээр Монгол Улсын иргэд дугаартайгаа өөр операторт шилжих үйлчилгээг авч болох болсон. Гэхдээ одоогоор хэрэгжилт нь эхлээгүй, бэлтгэл ажил хийж байгаа юм. Тэгвэл энэ талаар Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны зохицуулах газрын дарга Ц.Жадамбаагаас тодрууллаа.

-Дугаартайгаа өөр операторт шилжих ажил юу болж байна вэ. Одоо ямар шатандаа явж байгаа вэ?

-Дугаартайгаа өөр операторт шилжих үйлчилгээний бодлогын баримт бичгийг боловсруулж дууссан. Одоо Харилцааны холбооны зохицуулах хороонд дөрвөн операторын дунд сонгон шалгаруулалт зарлаад байна. Дундын операторыг шалгаруулахаар ажиллаж байна. Энэ ажлын хувьд арван нэгдүгээр сардаа багтаад дуусна.

-Тэгэхээр иргэд арван нэгдүгээр сардаа багтаагаад дугаартайгаа өөр операторт шилжих боломжтой болно гэсэн үг үү?

-Ерөнхийдөө энэ ажил дуусвал хэрэгжилтийн шатандаа орно. Ямартай ч төлөвлөгөө ёсоор бол энэ ондоо багтаад хэрэгжүүлж эхэлнэ гэж тооцсон. Гэхдээ тодорхой процессын дагуу явна. Мэдээж бэлтгэл ажил нь эхэлсэн учраас энэ ондоо хэрэгжилт эхэлсэнд тооцно гэсэн үг.

-Үүрэг телефоны операторуудын хувьд энэ ажилд хойрго хандаж, дургүйцэж байгаа гэсэн мэдээлэл бий?

-Энэ ажлыг бид албан ёсны хэрэгжилтийг нь хангаах үүрэгтэй. Тэр хүрээндээ ажиллаж байна. Тэгэхээр энэ асуудлыг тухайн үүрэн телефоны операторуудаас асуусан дээр болов уу.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна