Ажил хаялтаа зогсоожээ

2015 оны 11 сарын 15

“Эрдэнэс-Таван толгой” компанийн Цанхийн зүүн уурхайд ажиллаж байсан 200 гаруй хүнийг БНХАУ-ын “TTGVCo” компанид шилжүүлэх гэрээ байгуулах болсноор маргаан үүсээд байгаа билээ. Энэ 200 гаруй ажилтны төлөөлөл болсон хэсэг иргэд БНХАУ-ын “TTGVCo” компанид шилжихгүй, гэрээний нөхцөлийг бидэнд тайлбарла гэх шаардлагыг тавьж удаа дараа суулт хийсэн. Улмаар өнгөрөгч баасан гаригт тус суултыг ахалж байсан “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатааж дуулиан тарьсан.

Ингээд өнгөрөгч баасан гаригт энэ хэрэгтэй холбогдуулан “Эрдэнэс-Таван толгой” компанийн зүгээс мэдээлэл хийсэн. Гэхдээ “С.Эрдэнэ хуулийн хүрээнд асуудлаа шийдвэрлэж болох байсан” гэхээс өөр тайлбар хэлээгүй юм. Харин үүний дараа “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийнхэн хэвлэлийнхэнд хандан “Энэ бол аргаа барсан хүний үйлдэл. Бид хуулийн хүрээнд явж болох бүх газарт хандсан ч хариу ирээгүй” гэсэн юм.

Энэ үеэр “2015 оны арваннэгдүгээр сарын 13-ны 16.00 цагт уурхайг бүрэн зогсолтод оруулсан. Ажил хаялт эхэлсэн” гэж тус компанийн ээлжийн мастер Б.Түмэндэлгэр мэдээлсэн. Харин өнөөдөр энэ талаар “Эрдэнэс-Таван толгой” компанийн хэвлэлийн ажилтнаас тодруулахад “Ажил хаялт зогссон” гэлээ.  Ажил хаялт энэ сарын 13-14-ний үдээс хойш хүртэл үргэлжилсэн гэв. Гэхдээ ямар учраас ажил хаялт зогссон талаар мэдээлэл өгсөнгүй.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна