Францчуудад эмгэнэл илэрхийллээ

2015 оны 11 сарын 15

Францын Парис хотод болсон террорист халдлагын улмаас тус улсад  129 хүн амь үргэдэж, 350 гаруй хүн гэмтэж бэртээд байгаа билээ. Шинжээчдийн зүгээс энэ ажиллагааг энгийн иргэдийн эсрэг чиглэсэн томоохон хэмжээний халдлага хэмээн тайлбарласан. Улмаар олон улсын эрх баригчид Франц улсад эмгэнэл илэрхийлсээр байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Засаг даргын тамгын газрын удирдлага, ажилтнууд Францын Элчин сайдын яаманд 11.00 цагт эмгэнэл илэрхийлж цэцэг өргөлөө. Энэ үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, нийслэлийн Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал тэргүүтэй албаныхан, мөн эмгэнэл илэрхийлэхээр нийслэлийн иргэдийн төлөөлөл ирсэн юм.

Тэд Францын Элчин сайдын яамны гадна цэцэг өргөж, дотогш орж францчуудтай гашуудлыг нь хуваалцаж, эв санаа нэгтэй буйгаа илэрхийлэх гашуудлын дэвтэрт гарын үсэг зурлаа.

Үүнээс гадна өнөөдөр 17.00 цагт Чингисийн талбайд Францад болсон халдлага, хууль бус үйл ажиллагаа, хүчирхийллийг эсэргүүцсэн цуглаан болох юм байна. Францын элчин сайдын яамнаас зохион байгуулах энэ үйл ажиллагаанд иргэд ч оролцож болох аж.

Б.Заяа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна