“Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт Туркт эхэллээ

2015 оны 11 сарын 16

 

Өнгөрсөн оны 12 дугаар сард Турк өөрийн түүхэнд анх удаагаа “Их 20” дээд хэмжээнийг уулзалтыг даргалах эрх авсан юм. “Их 20”-д байнгын гишүүний статусыг 19 улс ба Европын  холбоо эдэлдэг ба бүрэлдэхүүнд Аргентин, Австрали, Бразил, Их Британи, Герман, Энэтхэг, Индонези, Итали, Канад, Хятад, Мексик, Орос, Саудын Араб, АНУ, Турк, Франц, ӨАБНУ, Өмнөд Солонгос, Япон улс багтдаг.

 

“Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын орнуудын тэргүүн нар уламжлалын дагуу дэлхийн эдийн засагт хамтран ажиллах талаар ярилцдаг. Гэвч Турктай хил залгаа Ирак, Сирид үргэлжилж байгаа дайны улмаас энэ жилийн уулзалт дээр терроризмтай хийх тэмцэл мөн дүрвэгсдийн асуудлыг шийдэх явдлууд онцгой хурцаар яригдах болно.

 

Анталье хотод 11 дүгээр сарын 15-16-нд явагдах энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын нэг гол онцлог нь “Их 20”-н хүрээнд хийгдэх талуудын уулзалтыг чухал болгох хандлага байх болов уу.

 

Парис Антальяг бүдэгрүүлэв

 

 

Дэлхийн тэргүүлэгч орнуудын төлөөлөгч нарын “Их 20” дээд хэмжээний уулзалт 11 дүгээр сарын 15-ны өдөр эхэлсэн бөгөөд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Оросын ерөнхийлөгч Владимир Путин хоёр уулзалт хийгдэж магадгүй бололтой. Парист хийгдсэн террорын ажиллагааны дараа ерөнхийлөгч нарын “таван минутын уулзалт” ч чухал гэдгийг шинжээчид хэлж байна. Зохих хэмжээний нааштай хандлага тэдний хооронд гарч байгаа ч Сирийн гол тоглогч нарын хоорондын зөрөлдөөн маш хүчтэй байгаа.

 

“Их 20” дээд хэмжээний уулзалт нь ерөнхийдөө эдийн засагт тухайлбал эрчим хүчний асуудалд зориулагдах ёстой байсан юм. Гэтэл Францад “Исламын бүлэг” террорист байгууллагын хийсэн аймшигт үйлдлийн улмаас 129 хүн амь үрэгдсэн нь уулзалтын дэгд өөрчлөлт оруулжээ.

 

Парисийн хэрэг явдал энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын гол асуудал болно гэдгийг The New York Times сонин мэдээлж байна. Эдийн засаг, цаг уурын өөрчлөлтийг ярихад ямар нэгэн саад гараагүй ч “Их 20” дүрвэгсдийн дүрээр Европт Исламын улс бүлгийнхэн нэвтэрч буйн эсрэг хэрхэн тэмцэх вэ гэсэн асуудлыг авч хэлэлцэнэ гэдгийг Британийн The Guardian сонин мэдээлжээ.

 

Энэ удаагийн уулзалтад Францын ерөнхийлөгч Франсуа Олланд ирэхгүй, улс оронтойгоо учирсан энэ хүнд үед тэрээр Парист байх шаардлагатай болжээ. Гэхдээ, дэлхийн терроризмтай хэрхэн хамтран тэмцэх, Сирийн байдлын талаар хэлэлцэж чадах Владимир Путин, Барак Обама хоёрын богино хэмжээний уулзалт болж магадгүй гэдгийг олон хүн хүлээж байна.

 

“Парисийн эмгэнэлийн дараа тэдний таван минутын ч гэсэн уулзалт их чухал. Ерөнхийлөгч нар уулзахгүй өнгөрвөл муу. Тэдэнд олон асуудлыг шийдэхээр ярилцах шаардлага байгаа” гэж Оросын Төрийн думын Олон улсын харилцааны байнгын хорооны орлогч дарга Леонид Калашников хэлсэн байна.

 

Жорж Бушийн үеийн Төрийн нарийн бичгийн даргын туслах асан Хезер Конли үнэлэхдээ, Сири болон бусад асуудлаар олон лидерүүд сөрөг хандаж байгаа ч “Их 20” дээд хэмжээний уулзалт дээр ерөнхийлөгч Путин тусгаарлагдсан байдалд орохгүй гэжээ. “Орос өнөөдөр Сирийн асуудлаар тэргүүлэх байранд гарч ирсэн” гэж Конли ярилцлагадаа өгүүлсэн байна.

 

Мөн тэмдэглэхэд Сирийн хямралыг улс төрийн аргаар зохицуулахад  тодорхой хэмжээний дэвшилт гарсан байгаа. Вена хотод АНУ, Турк, Саудын Араб, Иран, Оросын  хооронд хийгдсэн хэлэлцээрээр Сирийн засгийн газар болон сөрөг хүчнийхний хооронд хэлэлцээрийг нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлнэ гэж талууд тохиролцжээ.

 

Зургаан сарын дотор сиричууд үндэсний эв нэгдлийн засгийн газар байгуулах ёстой гэдгийг Оросын ГХЯ-ны сайд Лавров сэтгүүлч нарт мэдэгдлээ.

 

Одоо Сирийн сөрөг хүчний бүлгүүдийн жагсаалтын талаар тохиролцох үйл ажиллагаа явагдаж байна. Хэлэлцээрт оролцож болох гэж үзсэн бүлгийн жагсаалтыг Москва хэлэлцээрийн талынхандаа дамжуулжээ. Венийн уулзалт дээр өөрсдийн жагсаалтыг АНУ ба Саудын Араб Орост дамжуулсан байна.

 

Талууд тохиролцохоор хичээж байгаа ч тэдний сөргөлдөөн их байгааг шинжээчид хэлжээ. Сөргөлдөөний гол шалтгаан нь Сирийн ерөнхийлөгч Башар Ассад юм. Саудын Араб түүнийг нэн даруй огцрохыг шаардаж байна. Харин АНУ өөрийн бодлогыг өөрчлөн түүнийг ойрын зургаан сард төрийн эрхэд байхыг зөвшөөрчээ. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр, Вашингтоны Энх тайвны хүрээлэнд үг хэлэхдээ Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, “Ислам улс ба Ассад нь эсрэг хоёр тал боловч бие биендээ занал хийдэггүй. Хамтарч нефтийн бизнес хийдэг, тэднийхэн нь ч бие биенээ устгах сонирхолгүй” гэсэн байна.

 

Гэтэл “Исламын улс” бүлэглэл нь талуудын зөрөлдөөнийг ашиглаж суннит, шиит, христ, мусульманыхныг хооронд нь турхирч байгаа олон улсын мэдээллийн агентлагууд бичсээр байна. Зөвхөн ингэж байж л тэр террорист, хиймэл улс оршин тогтнож чадах юм.

 

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна