Говийн газрын доорх усны хяналтыг хийж эхэллээ

2015 оны 11 сарын 16

-2014 онд говийн бүсийг бүхэлд хамарсан Говийн бүсийн гурван сав газрын захиргаа байгуулсан бөгөөд одоогийн байдлаар үйл ажиллагаа нь жигдрэн ажиллаж байна-

Гадаргын усан сүлжээгүй говийн бүсэд газрын доорх ус, усан хангамжийн гол эх үүсвэр болж байдаг бөгөөд түүний ашиглалтын чиглэл далайц улс орны хөгжлийн тодорхой шат бүрт харилцан адилгүй байсаар ирсэн. Цаашид олборлох боловсруулах аж үйлдвэрийн хөгжлийн хандлага, хүн амын суурьшил, төвлөрөл зэрэг хүчин зүйлүүдтэй уялдан ундны усны хэрэглээ огцом өсөх хандлагатай байна.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлал (БОНХАЖЯ) байгуулагдсан цагаас эхлэн ус ашиглалт, газрын доорх усны хяналт шинжилгээг өргөжүүлэх чиглэлд анхаарлаа хандуулж байгааг салбарын зүгээс онцоллоо. Энэ хүрээнд БОНХАЖЯамны захиалгаар Дэлхийн банкны зээл болон Австралийн Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн(УУДБХОДТ) хүрээнд “Говийн газрын доорх усны хяналт шинжилгээний сүлжээг” байгуулах ажлыг эхлүүлээд байна. Энэхүү сүлжээний нээлтийн үйл ажиллагаа өнгөрөгч бямба гаригт буюу 11 дүгээр сарын 14-ний өдөр Говьсүмбэр аймаг дахь Шивээ-Овоогийн нүүрсний уурхай дахь Газрын доорх усны хяналт-шинжилгээний 25 дугаар цэг дээр боллоо.

Дэлхийн банкнаас Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн хүрээнд говийн бүсэд сав газрын захиргаа түүний зөвлөлийн чадавхийг бий болгох төслийг өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлжээ. Энэ хүрээнд 2014 онд говийн бүсийг бүхэлд хамарсан Говийн бүсийн гурван сав газрын захиргаа байгуулсан бөгөөд одоогийн байдлаар үйл ажиллагаа нь жигдрэн ажиллаж байна. Говийн гурван сав газрын захиргаад болох Умард говийн гүвээт халхын дундад талын сав газрын захиргаа, Галба-Өөш Долоодын говийн сав газрын захиргаа болон Алтай Өвөр говийн сав газрын захиргаадын үйл ажиллагаа багтана.  

БОНХАЖСайд Н.Батцэрэг: БОНХАЖЯ-ны захиалгаар хийгдэж байгаа энэхүү төсөл нийт үнийн дүн 25 сая америк ам.долларт хэрэгжиж байна. Ойрын хоёр жилд 1:200 000 масштаб бүхий гидрогеологийн газрын зураг хийхээр ажиллаж байна. Цаашид нийт Монгол орныхоо газар доорх усны нөөцийн хэмжээг мэддэг болно. Одоо хаана уул уурхай ажиллаж байна, хаана ус ашиглаж байгааг зураглалд гаргаж, нэгдсэн том зураг гаргах том зорилт тавин ажлаа эхлээд байгааг энд онцолж байна.

Сав газрын Захиргаа төслийн хэлэлцээрийн дагуу газрын доорх усны удирдлага, мэдээллийн нэгжийг БОНХАЖЯ-ны дэргэд байгуулжээ. Энэхүү мэдээллийн санд сав газрууд дахь усны нөөц, түүний ашиглалт, мониторинг, уул уурхайн хөгжлийн нийгэм эдийн засаг, байгаль орчинд нөлөөлөх нөлөөг үнэлэх зэрэг үндсэн чиглэлээр мэдээлэл цуглуулж, нэгтгэхэд чиглэгдэх юм байна. Мөн ус ашиглалтад хяналт тавих, газрын доорх усны мониторингийн нэгдсэн сүлжээ бий болгох зэрэг чиглэлээр мэдээллийн баазаа өргөжүүлэн ажиллаж байгаа аж. Мэдээллийн системд 29 сав газрын хэмжээнд үүсгэжээ.

Говийн газрын доорх усны хяналт шинжилгээний сүлжээний нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, БОНХАЖСайд Н.Батцэрэг, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жеймс Андерсон, Австрали улсаас манай улсад суугаа Ерөнхий консул Брандон Койне, Сангийн яамны хөгжлийн санхүүжилт, өрийн удирдлагын газрын өрийн удирдлагын хэлтсийн дарга Х.Нарангэрэл, УУДБХОДТ-ийн зохицуулагч Б.Энхбаатар, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Л.Одсэр, Шивээ-Овоо ХК тэргүүн дэд захирал Ч.Мөнхбаатар, КПМ ХХК-ий гүйцэтгэх захирал Эрдэнэбаатар нарын албаны хүмүүс оролцлоо.

 

БИДЭНД ГАЗАР ДООРХИ УСНЫХАА НЭГДСЭН БОДЛОГЫГ ЯВУУЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

УИХ-ын гишүүн, БОНХАЖЯ-ны сайд Н.Батцэрэг.

Говийн бүс нутагт гарсан маш том хэмжээний газрын гүнийн усны мониторинг хийх, усны мониторингоор дамжуулан Монгол Улс гүнийн усныхаа нэгдсэн бодлогыг явуулах, ийм бололцоог олж авах нээлтийг хийж байна. Сав газрын Захиргаа төслийн хэлэлцээрийн дагуу газрын доорх усны удирдлага, мэдээллийн нэгжийг БОНХАЖЯ-ны дэргэд байгуулаад байна. Энэхүү мэдээллийн санг харахад 20 цооног дээр бүрэн автоматчилагдсан, 99 цооног дээр хагас автоматчилагдсан байдлаар ажиллаж байгааг программаас харлаа. Цаашид усны найрлага, гүнийн усны төвшингийн талаар бүрэн мэдээлэл өгч байх зорилттой энэхүү төсөл хэрэгжиж байна. БОНХАЖЯ-ны захиалгаар хийгдэж байгаа энэхүү төсөл нийт үнийн дүн 25 сая америк ам.долларт хэрэгжиж байна. Ойрын хоёр жилд 1:200 000 масштаб бүхий гидрогеологийн газрын зураг хийхээр ажиллаж байна. Цаашид нийт Монгол орныхоо газар доорх усны нөөцийн хэмжээг мэддэг болно. Одоо хаана уул уурхай ажиллаж байна, хаана ус ашиглаж байгааг зураглалд гаргаж, нэгдсэн том зураг гаргах том зорилт тавин ажлаа эхлээд байна. Энэ удаагийн хөтөлбөрт Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээл, Австралийн Засгийн газрын буцалтгүй тусламж үзүүллээ. Эхний ээлжинд говийн бүсэд хэрэгжээд эхэлсэн энэ төслийн авч байгаа мэдээлэл дээр анализ хийх, томоохон мэдээллийн сан дээр ажиллаж чадах боловсон хүчин бэлтгэх гээд бидэнд хийх зүйл их байна. Цаашид Монгол орон даяараа газрын доорхи усны мониторинг хийх, түвшин, усны найрлага бүтэц гээд бүгдийг тодорхойлж чаддаг болох хэмжээнд очих юм. Өмнийн говьд уул уурхай, эрчим хүчний үйлдвэр хөгжихөд хамгийн түрүүнд усны хэрэглээ чухал байна. Бид ус чандмань эрдэнэ гэдэг. Өнөөдөр ийм нандин эрдэнэ дээр бодлого хийхэд мэдээллийн бүрэн анализтай болоход энэхүү төсөл хэрэгжиж байгаад бид бүхэн баяртай байна. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд оролцож байгаа Дэлхийн банкныханд, Австралийн Засгийн газарт болон төсөлд оролцож байгаа бүгдэд нь талархаж байгаагаа хэлмээр байна.

 

УСНЫ САВ ГАЗРУУДЫН ЗАХИРГААДЫГ ДЭМЖИХ МӨН УСЫН АСУУДАЛ ДЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА

Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жеймс Андерсон.

Монгол Улстай хамтран хэрэгжүүлдэг, хамтран ажиллах стратегийн гол үзэл баримтлал, амин сүнс болсон Монгол Улсын цаашдын хөгжлийг хариуцлагатай, тогтвортой тулахтай байлгах тал дээр Дэлхийн банкны зүгээс анхаардаг билээ. Энэ ажлын хүрээнд Усны сав газруудын захиргаадыг дэмжих, ус чандмань эрдэнэ минь гэж монголчуудын хэлдэг усны асуудал дээр хамтран ажилладаг юм. Бидний төслийн хүрээнд байгуулж буй энэхүү хяналтын сүлжээ нь зөвхөн усны төвшин, ус давхаргуудын нөхцөл байдлыг хянаад зогсохгүй цаашдаа усны үнийн чиглэлд баримтлах бодлого, шийдвэрүүдэд тус дөхөм болно гэж харж байна. Энэхүү мэдээллийн баазаар дамжуулаад усны төвшин, цаашлаад чанар болоод бусад үзүүлэлтээр нилээн өргөн газар нутгийг хамарсан ойлгон танихад дэвшил гарч байна. Дэлхийн банкнаас дэлхийн улс орнуудад санхүүжилт олгохдоо тухайн улс орны хэрэгцээ шаардлагад бүрэн дүүрэн нийцүүлэхийг зорьдог. Монгол Улсын хувьд уул уурхайн салбараа хөгжүүлэх, газрын доорх баялагаа ашиглах нь ард түмэнд хэрэгтэй зүйл гэж харж байгаа. Гэхдээ ингэхийн тулд маш хариуцлагатайгаар байгаль орчны хувьд тогтвортой байдлаар хөгжүүлэх ёстой. Тийм ч учраас гүний усны асуудлыг бат бэх мониторингийн тогтолцоогоор хянах нь Монгол Улсын хувьд хэрэгцээ гэж харж байна. Өнөөдрийн арга хэмжээнд БОНХАЖЯамны сайд өөрийн биеэр хүрэлцэн ирсэнд талархаж байна.

Мөн яамны бүхий л ажилтнуудад дэмжин ажилласанд, усны хэмжигч цэгүүдийг байршуулахад байршлыг сонгох ажилд түүчээлэн оролцсон та бүхэнд баярлаж байна. Мөн хэмжигч цэгүүдээс бодит мэдээллийг цаг тухайд нь авч ашиглах сав газрын захиргаа болон менежментийн багт цаашдын ажилд нь амжилт хүсье. Мөн энэ дашрамд Австралийн Засгийн газарт талархаж байгаагаа хэлмээр байна.

 

МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛНА ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА

Австрали Улсаас Монгол Улсад суугаа Ерөнхий консул, худалдааны төлөөлөгч Брэндан Койн.

Австралийн Засгийн газрыг төлөөлөн ирсэндээ баяртай байна. Австрали, Монгол орны хооронд маш сайн харилцаа бий болсон байдаг. Өнөөдрийн үйл ажиллагаагаар дамжуулан хоёр орны харилцааг бататгахад миний бие байлцаж байна. Одоогийн байдлаар Монгол Улсад Австралийн Ерөнхий консул байрлаж байгаа бол 2016 онд Австрали Улсаас суух элчин сайдын яамыг өргөтгөн нээнэ. Тэгэхээр хоёр орны харилцааг илүү хөгжүүлэх боломж гарна. Австралийн Засгийн газраас 5 сая ам.долларын буцалтгүй тусламжийг оруулж ирсэн бөгөөд энэ нь дээрх төсөлд зарцуулагдах юм. Энэхүү ажлыг Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлэн хийж байна. Бид нар Монгол Улсын гүнийн усны менежмент, тогтвортой хөгжлийг хангах тал дээр хувь нэмрээ оруулж байна. Ялангуяа энэхүү төсөл Өмнийн говьд хэрэгжиж байгаад талархан хүлээж авлаа. Бүхий л оролцогч талуудад баярлаж байгаагаа хэлье. Энэхүү ажил маань Монголын тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.  

 

УСНЫ ХЯНАЛТЫН СҮЛЖЭЭНД ОРЖ БАЙГАА НЬ САЙШААЛТАЙ ХЭРЭГ

Алтайн Өвөр говийн сав газрын захиргааны дарга, доктор, профессор Д.Чандмань

Газрын доорх усны хяналт сүлжээтэй болно гэдэг бол хөгжсөн орнуудад нилээн эртнээс хийсэн байдаг юм билээ. Австрали, Япон, БНСУ энэ сүлжээгээр өндөр хөгжсөн гэдэг. Манай улс газрын доорх усны хяналтын сүлжээнд орж байгаад сайшаалтай хэрэг яахын аргагүй мөн юм. Уул уурхай дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн хүрээнд усны асуудлыг оруулж, Говийн гурван сав газарт сайн хэрэгжиж байна. Эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед газрын доорх сүлжээний эх үүсвэрийг бий болгоод дэлхийд ховор Монголын говь нутгийн эко системийг хамгаалах, хяналтад байлгахад Дэлхийн банк, Австралийн Засгийн газар хөрөнгө оруулаад хийж байгаад талархаж байна. Жеймс Андерсон, Брандон Койне нар баярлаж байгаагаа хэлмээр байна. Энэ төсөл маш чухал бөгөөд хэрэгтэй зүйлийг хийж байна. Сайдын хэлснээр энэхүү сүлжээ Монгол орны 33 говийг хамарч байгаа ч гэсэн нягтралшил бага байгаа. Үүнийг нягтралуулаад хийх ажил бол манай усныхны салбарын тэр дундаа чиг үүргийн БОНХАЖЯ-ны нэг бодлогын чухал асуудал юм. Үүнийг хийхэд мэргэжлийн боловсон хүчин хэрэгтэй, цааш нь мэдээллийг зөв өгөхөд сав газрын ажил байгаа. Монгол Улсын усны нөөцийг менежментийн төлөвлөгөөг хийхэд сав газрын үндсэн зорилго оршдог. Менежментийнхээ төлөвлөгөөг сайн хийхийн тулд говьд газрын доорх усныхаа нөөцийг мэдэх, хэлбэлзэл бохирдлыг хянах хэрэгтэй. Тийм учраас энэ сүлжээ их чухал байгааг манай говийн гурван сав газар сайн хүлээж авч байна. Усаа хайрлан хамгаалж, зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд хөрөнгө оруулт хийж буй Дэлхийн банк, Австралийн Засгийн газрын өгөөмөр тусламжийг, удирдлагуудынхаа хүчин зүтгэлийг бид нар бүтэн сайн ажиллуулж, мэргэжилтэй боловсон хүчнийг сайн сургаж, төслийг ажил хэрэгч болгохын төлөө ажиллана гэдгээ хэлмээр байна. Та бүхэнд газрын доорх усны хяналт шиг усны нөөц, бүсийн хөгжил цааш цэцэглэн хөгжих болтугай гэж ерөөж байна.  

 

ТОГТООСОН ХЭМЖЭЭНЭЭС УС ХЭРЭГЛЭХ ҮЕД УУРХАЙН УС ХЭРЭГЛЭХИЙГ ЦУЦЛАХ ХЭМЖЭЭНИЙ АСУУДАЛ ҮҮСНЭ

Газрын доорх усны менежмент, мэдээллийн нэгжийн ахлагч Ц.Алтангэрэл:

Монгол орны уул уурхай бол нас залуу байна. 10-15 жилийн цаашдаа ийм байна гэсэн дүн шинжилгээ гарна. Мониторингийн хэмжилтийн боловсруулалт хамгийн багадаа таван жилийн мэдээллийг цуглуулж, боловсруулт хийж үр дүн гаргадаг. Бидний хувьд одоо хэмжилт хийж эхэлж байна. Ард иргэдийг уул уурхайн ашиглалтын талбайн түвшин бууралт ямар байгааг тухайн үед гаргах өгөх юм. Боловсруулалт, судалгааны шат одоогоор эхлээгүй байгаа. Энэ систем Олон улсад аль хэдийн хэрэгжээд эхэлсэн. Бид энэ горимд шилжихээр ажиллаж байна. Усан дээрээ түшиглэн хөгжих эдийн засаг хөгжих нөхцлийг бүрдүүлэх эхний ажил юм. Орон нутагт уурхайн ус хангамжийн талбайгаас болоод усгүй болоод байна гэсэн гомдол ирдэг. Одоо гадны ямар ч хүчин зүйлээс хамаарахгүйгээр БОНХАЖЯам өөрсдөө хяналт тавиад эхэллээ. Үүнийг олон нийт яамны сайт руу ороод манай орчин нутаг усны түвшин яаж буурч байгааг харах боломжтой болох юм. Энд эрдэм шинжилгээний судалгааны шатанд олон жилийн мэдээлэл орж дараагийн төлөвлөлтийн ажил эхэлнэ. Газар газрын ус өөр өөр байдаг. Үндсэндээ энэ төсөл маань сумдын усан хангамжийг цэвэр усаар хангах юм. Судалгааны түвшинд энэ ажлыг хийгээд тохирсон шүүлтүүр үзүүлэлтийг гаргах, ямар үзүүлэлт дээр анхаарах гэдгийг хэлж өгөх юм. Үүний үр дүнд говийн бүсийн сум бүрт судалгааны тайланг гаргаж өгнө. Орон нутаг өөрсдөө үүн дээр анхаарлаа хандуулж, бидэнтэй хамтарч ажиллах юм.  Ус ашигласан төлбөрийн 38 хувийг орон нутагт өгч байгаа. Төслийн хувьд эхлээд гурван жил болж байна. Эхний жилд хөрөнгө санхүү, зохион байгуулалтын ажил өрнөсөн. Говийн бүсийн нутгуудад цэг сонгох ажил хоёрдахь жилд үргэлжилсэн. Тэгээд бид сүүлийн 10 сард хээрийн ажлыг хийлээ. Нийтдээ таван аймгийн 119 цэг хамрагдсан. Урьд нь усны сервис байгаагүй шүү дээ. Одоо усны нэгдсэн бодлогын төв сервер үүсээд ирлээ. Үүнд уурхайн ус хангамжийн талбайн хязгаарын түвшинг давсан тохиолдолд төв серверт дохиолол ирнэ. Тэгэхээр тогтоосон хязгаараас давж ашиглахгүй. Тогтоосон хэмжээнээс ус хэрэглэх үед төлбөрөөс илүүтэй тухайн уурхайн ус хэрэглэхийг цуцлах хэмжээний асуудал яригдах юм. Говийн газрын доорх усны нөөц ирээдүйд ямар чиг хандлагатай байх вэ? Цаашдаа хангайн бүсээс говийн бүс ус татах хэрэгтэй юу? Хэрвээ татахаар болбол хэдэн километрээс татах вэ гэдэг ерөнхий ойлголтыг өгөх юм.


БОНХАЖЯамны захиалгаар Дэлхийн банкны зээл болон Австралийн Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн(УУДБХОДТ) хүрээнд “Говийн газрын доорх усны хяналт шинжилгээний сүлжээг” байгуулах ажлыг эхлүүлээд байна. Сүүлийн 10 сарын турш хээрийн ажлыг хийж, багажийг суурилуулжээ.

Төслийн хүрээнд өрөмдлөгийн ажлыг “Энержи Импайр” ХХК Говийн бүсийн газрын доорх усны хяналт-шинжилгээний сүлжээ байгуулах ажлын хүрээнд 26 хяналтын цооног шинээр гаргаж тоноглосон. Эдгээр цооногуудаас 5 цооног нь газрын доорх усын дээд болон доод уст үеийг ялгаж тоноглосон цооногууд байна.

Багаж суурилуулах болон нэгдсэн сервер болон веб хуудас байгуулах ажлыг “КРМ” ХХК хийж байна. Тус компани 2014-2015 оны хугацаанд говийн бүсийн 3 сав газрын харьяа цооногуудаас суурилуулагдахаар сонгогдсон нийт 119 цооногуудын 99 цооногт нь хагас автомат, 20 цооногт нь бүрэн автомат үйлдэл бүхий хяналтын тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан бөгөөд үлдсэн 17 цооногийн тоног төхөөрөмжүүдийг БОНХАЖЯ-ны нөөцөнд хүлээлгэн өгчээ.

Говийн бүсэд газрын доорх усны хяналт-шинжилгээний нэгдсэн сүлжээг дараах зорилго зорилтын дагуу байгуулсан. Үүнд:

  • Газрын доорх усны байгалийн горимын судалгаа
  • Газрын доорх усын эвдэгдсэн горимын судалгаа /ус ашиглалт ихтэй ордууд/

Дээрх хоёр чиглэлээр уг төслийн хүрээнд нийт 117 уст цэгт хяналт шинжилгээний бүрэн болон хагас автомат багаж суурилуулжээ. Үүнд, Говь-Алтай аймгийн Баянтоорой, Баянхонгор аймгийн Эхийн гол, Баянлиг, Өмнөговь аймгийн Тооройн шанд, Гурамсангийн хөндий, Таван-Алд, Дундговь аймгийн Салхитын арын хөндий, Хайрханы орд, Сүхбаатар аймгийн Цайрт Минерал зэрэг олон газруудыг нэрлэж болно.

Газрын доорх усны хяналт-шинжилгээний ажлыг байршлуудад явуулснаар дараах үр дүнд хүрнэ.

  • Ус ашиглалтын өнөөгийн байдлыг хянах
  • Ус ашиглалт зөв зохистой горимд шилжих
  • Төв суурин газрын ус хангамжийн ирээдүйн төлөвлөлтийг гаргах
  • Газрын доорх ус зохиомлоор бохирдож буйг тогтоох
  • Ашиглалтад бэлтгэгдсэн газрын доорх усны байгалийн горимын суурь мэдээллийг олж авах
  • Усны тухайн хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухайн хуулийн хэрэгжилтийг хангах
  • Уул уурхайн ус ашиглалттай холбоотой гардаг маргааныг шийдвэрлэхэд түлхэц болох чухал мэдээллийн санг бүрдүүлэх, томоохон ашиглагчдад хяналт тавих боломж бүрдэж байна.

Уг төслийн хүрээнд байгуулагдсан газрын доорх усны хяналт-шинжилгээний сүлжээний хэмжилтийн мэдээллийг БОНХАЖЯ-ны усны нөөцийн хэлтэст байршуулах бөгөөд Монгол орны хэмжээнд ашиглаж болохоор зохион байгуулж байна. Мөн бүх 26 сав газруудын хэмжилтийн мэдээллийг оруулах аж.

Газрын доорх усны хүрээнд 2015-2016 онд хийж гүйцэтгэх томоохон ажлууд:

  • Өмнийн говийн 3 сав газрын захиргааны Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг боловсруулах,
  • Сав газрын зөвлөл байгуулах
  • Өмнөд говийн бүсийн газрын доорх усын нэгдсэн судалгаа, үнэлгээ болон 1:200 000 масштаб бүхий гидрогеологийн газрын зураг хийхээр төлөвлөж байгаа юм байна.

 Ч.БОЛОРЧУЛУУН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна