Хэцүүхэн долоо хоног

2015 оны 11 сарын 16

С.Эрдэнэ сайд, түүний ойр дотнынхон БГД болоод Нийгмийн даатгалын салбарыг “хувьчлаад” авчихсан тухай дуулианаар эхэлсэн долоо хоног бүхэлдээ албан тушаал, хээл хахууль, хариуцлагатай холбоотой асуудлаар үргэлжиллээ.

Үйл явдлуудыг ажиглавал ар араасаа гарсан дуулиант хэргүүдийн өмнөх нь хойдохдоо дарагдан олны анхаарлын төвөөс холдож байна.

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг авлига авч байх үед нь АТГ-ынхан газар дээр нь баривчилсан хэргээс үүдэн эрх баригчдад энэ суудалд өөрийн намаас хүн томилох нь зүйтэй гэсэн санал гаргаж эхэллээ. Харин энэ нь засагт хамтарч буй МАХН-ын эсэргүүцэлтэй тулж, цаашид засагт байх эсэхээ ярихад хүрнэ гэсэн шуугианыг дэгдээгээд байна. Үүнтэй зэрэгцээд сөрөг хүчин болох МАН-ын ахмадууд угсаа гарал нэгтэй МАН, МАХН цаашдаа хамтарч ажиллах нь үр дүнтэй гэсэн саналыг гаргаж намын дарга М.Энхболд болон МАХН-ын дарга Н.Энхбаярт захидал илгээж уулзуулахад хүргээд амжлаа. 

Тэгвэл энэ бүхэнтэй зэрэгцээд долоо хоногийн ажлын сүүлчийн өдөр олны анхаарлыг татсан олон үйл явдал боллоо.

Удирдлагуудынхаа буруутай үйл ажиллагааны талаар хэвлэлийн бага хурал зарласан “Эрдэнэс Тавантолгой”-н Үйлдвэрчний эвлэлийн дарга өөрийгөө шатаах гэж оролдсон нь Ерөнхий сайдыг мэдэгдэл хийлгэхэд хүргэв. Ийм хүчирхийллийн аргаар асуудлыг шийдэхийг оролдож байгаа нь “Улс эх орноосоо урвасан хэрэг” гэж Ерөнхий сайд хэлснээс үүдвэл энэ хэрэг ажилгүй, цалингүй байгаадаа бухимдаж, ийм алхам хийсэн гэхээсээ илүүтэй Тавантолгойг тойрсон улс төрийн маргаанаас үүдэлтэй бололтой. Тиймээс тус компанийн удирдлагуудыг ч үүрэгт ажлаас нь чөлөөлж, түр орлон гүйцэтгэгчийг томилоод байна.

Өөрийнхөө амийг шатаахыг оролдсон энэ дуулианы хажуугаар болсон өөр нэгэн үйл явдал нь “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдэж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан” хэрэгт сэжиглэн баривчлаад байсан Барилга хот байгуулалт, зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “МТЗ”-ын ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа болон хуурамч гэгдээд буй “Samsung CT” corporation-ийн захирал нарыг батлан даалтад гаргасан явдал байв. “Samsung CT” corporation-ийн захирлыг баасан гаригийн 13.00 цагт батлан даалтад гаргасан бол Б.Батзаяаг 17.00 цагт батлан даалтад гаргажээ. ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс хэрэгт холбогдолтой баримт, материалыг устгаж болзошгүй гэсэн шалтгаанаар Б.Батзаяа хорьж байсан юм. Үүнтэй зэрэгцэн энэ хэрэгт холбогдуулан интерполоор хайж буй “Либерти Партнерс”-ын захирал Ч.Ганбат нь АНУ оргон зайлсан талаар хэвлэлээр мэдэгдэж эхэлсэн бол өнөөдөр Интерполын албан ёсны сайтад “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнийг хайж эхэлсэн тухай мэдээлжээ.

Ийнхүү энэ хэргийн холбогдогч нарыг интерполоор хайж буй үед Б.Батзаяа нар батлан даалтад гарсан нь энэ хэрэг замхраад өнгөрөх нь гэсэн таамгийг дэвшүүлэхэд хүргэж байна.

Долоо хоногийн төгсгөлөөр хуулийн хугацаанд шахагдан Монгол Улсын 2016 оны төсвийн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын гишүүдийн 92.7 хувийн саналаар баталлаа.

Ингэснээр 2016 онд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын дээд хэмжээ 7.013.9 их наяд төгрөг байхаар, нэгдсэн төсвийн зарлагын дээд хэмжээ 7.954.4 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн юм. Алдагдлыг ДНБ-ийн 3.4 хувьтай тэнцүүллээ.

Энэхүү төсвийн хүрээнд Гаалийн ерөнхий газрыг Татварын ерөнхий газартай нэгтгэх шийдвэр гаргалаа. Мөн Үндэсний статистикийн хороог Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэж, Хууль зүйн сайдын мэдэлд байхаар болгов.

Харин бүсээ чангалж, улс төрийн албан тушаалтнуудын цалинг нь 10 хувь бууруулах Засгийн газрын бодлогыг УИХ хүлээж авсангүй. Ингэснээр гишүүд өөрсдийнхөө туслахуудыг цомхотголд өртөхөөргүй болгож чадлаа.

Ирэх оны төсвийг хөрөнгө оруулах гол салбарынхаа хөрөнгө оруулалтыг танасан, үргүй зүйл хөрөнгө оруулалт хийхээр тусгасан, алдагдал ихтэй гэхчилэн гишүүд өөр өөрсдийнхөө тайлбарлаж байсан ч ийнхүү хуулийн хугацаанд шахагдан ДНБ-нийн 3,4 хувийн алдагдалтайгаар баталлаа. Монголбанкны зүгээс мөнгөний бодлогод нөлөөлөхүйц төсөв баталлаа гэх шүүмжлэлийг хэлж байна.

Монголчууд амралтын сүүлчийн өдрүүдэд Францад болсон халдлагын талаар санаа зовниж, тус улсад ажиллаж, амьдарч буй ойр дотныхондоо санаа зовж байсан ч ГХЯ-наас “Энэ халдлагад монголчууд өртөөгүй” гэж мэдэгдсэн нь бага ч болов тайвшрууллаа.

Ийнхүү албан тушаал, сандал суудал, авлига, хээл хахуулийн гэх хэргүүдээр амьсгалсан нэгэн хэцүүхэн долоо хоногийг монголчууд үдлээ.

Л.НАРАНТӨГС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна