Биндэр сумын нутагт ховор ан амьтныг хууль бусаар агнажээ

2015 оны 11 сарын 16

Аймгийн Засаг даргын захирамжаар зохион байгуулагдаж байгаа “Хяналт шийдвэрлэлт-2015” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хяналт шалгалтад ажилласан цагдаагийн алба хаагчид Хэнтий аймгийн Биндэр сумын 3 дугаар багийн иргэн Ж нь 2015 оны 10 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд тус сумын нутгаас зохих зөвшөөрөлгүйгээр зэрлэг гахай, бор гөрөөс, зэвэг загас, мөн агнахыг хориглосон амьтан болох халиун бугыг хууль бусаар агнаж, амьтны эд эрхтэнг нь Улаанбаатар хотоос ирсэн иргэдэд худалдсан гэмт хэргийг илрүүлсэн байна. Шалгалтын явцад хууль бусаар ан агнасан болон худалдаж авсан хүмүүсээс бугын эвэр 2, бор гөрөөсний эвэр 1, чонын арьс 3, зэвэг загас 10 ширхэг, гахайн мах 2 хэсэг, 7 ширхэг ангийн буу зэрэг зүйлсийг эд мөрийн баримт болгон хураан авсан бөгөөд хориотой, ховор ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээ, нөхөн төлбөр нь 32.0 сая төгрөгөөр тооцогдож, эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Иймд иргэд та бүхэн хууль бус ан агнуур, мод бэлтгэл, худалдааны талаар мэдсэн, сонссон даруйдаа цагдаагийн алба хаагчид мэдээ мэдээлэл өгч, байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллана уу гэж Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл, мэдээллийн төвөөс мэдээлэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна